Эрхзүйн мэдлэг дээшлүүлэх сургалт болно

Хуучирсан мэдээ: 2014.01.11-нд нийтлэгдсэн

Эрхзүйн мэдлэг дээшлүүлэх сургалт болно

УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, чадавхижуулах сургалт жилийн туршид явагдана

Монгол Улсын хууль тогтоох дээд
байгууллага Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудын онолын мэдлэгийг
дээшлүүлж, чадавхижуулах сургалтыг эрх зүй, эдийн засаг болон бусад
шаардлагатай чиглэлээр бүтэн жилийн туршид явуулахаар төлөвлөсний дагуу
өнөөдөр /2014.01.11/ эхний хичээл орж, сургалт Төрийн ордны Б танхимд
явагдлаа.

   “Эрх зүйн зохистой орчныг бий болгоход
эрх зүйн эх сурвалжийн онолын гүйцэтгэх үүрэг: Нийтлэг жишгийн болон
Үндэсний загвар, хандлага”, “Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага:
Онол, үзэл баримтлал, хандлага” сэдэвтэй өнөөдрийн хичээлд УИХ-ын
Байнгын хороодын ажлын албаны, Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний
хэлтсийн Эрх зүйн экспертийн албаны, Судалгаа шинжилгээний хэлтсийн
Судалгааны албаны, Хяналт үнэлгээний хэлтсийн Хуулийн хэрэгжилтэд хяналт
тавих албаны эрх зүйч мэргэжилтэй 60-аад ажилтнууд сууж, ахисан түвшний
сургалт авсан байна.

 

Хичээлийг Монгол Улсын Их Сургуулийн
Хууль Зүйн Сургуулийн багш, доктор Д.Баярсайхан зааж, хичээлийн төгсгөлд
сургалтад оролцогчдын асуултад хариулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын онолын мэдлэгийг дээшлүүлэх,
чадавхижуулан хөгжүүлэх зорилгоор хууль, эрхзүйн, эдийн засгийн болон
бусад шаардлагатай чиглэлээр жилийн туршид тасралтгүй сургалт явуулахаар
2014 оны төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж. Төлөвлөгөөнд эрх зүйн
онол, төрийн онол, эдийн засгийн онол, олон улсын эрхзүй, судалгааны
арга зүй, харилцааны сэтгэл зүй, мэдээллийн технологийн хичээлүүд
заахаар нарийвчилсан хуваарь, хичээлийг заах багш нарын мэдээлэл
тусгагдсан байна.

   Төлөвлөгөөний дагуу өнөөдөр ийнхүү
эхний хичээлийг зааж эхлэхэд УИХ-ын дарга З.Энхболд сургалтын танхимд
хүрэлцэн ирж, Тамгын газрын ажилтнуудад хандан сургалтын зорилго, ач
холбогдлыг чухалчлан үг хэлсэн юм. Улсын Их Хурлын дарга хэлэхдээ,
хуулийн төсөл өргөн барихаас эхлээд батлагдан гарах хүртэлх бүх явцад та
бүхэн өөр өөрийн ажил үүргийн дагуу гар бие оролцон ажилладаг учир
өндөр мэдлэг чадвартай, хариуцлагатай байж, алдаа мадаггүй ажиллах ёстой
юм. Тамгын газраас зохион байгуулж байгаа сургалтад та бүхэн заавал
хамрагдаж, хууль тогтоох байгууллагын хуульч, эрх зүйч гэсэн өөр хаана ч
байхгүй мэргэшлийг эзэмшсэн байх шаардлагатай болж байна. Сургалтын үр
дүнг тооцох шалгалтыг жилийн эцсээр авч, та бүхнийг ажлын байрныхаа
шаардлагыг хангахуйц мэдлэг чадвартай байгаа эсэхийг тодорхойлох болно
гэсэн юм.

  
Мөн энэ үеэр Тамгын газрын Ерөнхий
нарийн бичгийн дарга Б.Болдбаатар үг хэлж, ажилтнуудын үр дүнгийн
гэрээнд энэхүү сургалт зохих хувийг эзэлнэ, гэрээний биелэлтийг
тооцохдоо ажилтан сургалтанд хэрхэн хамрагдаж, ямар үр дүнд хүрснийг
тодорхойлж үзнэ гэдгийг хэллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж