Чуулганы ажиллагаанд оролцож буй УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Авлигатай тэмцэх нь өдөр тутмын, чимхлүүр амаргүй ажил хэмээгээд 1999 онд анх Авлигатай тэмцэх хуулийн төсөл санаачилж байсан үетэй харьцуулахад хууль эрх зүйн хувьд дэвшил гарсан хэдий ч өдгөө амаргүй ажил хэвээрээ л байна гэж хэлсэн. Тэрбээр авлигатай тэмцэхэд улс төрийн тодорхой дэмжлэг байгаа энэ цаг үед зорьсон ажлаа урагшлуулах ч чухал гээд чуулганы ажиллагаанд амжилт хүслээ.
Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат залуу үеийнхэн авлигын эсрэг тэмцэх үйлсэд оруулж буй хувь нэмрийн талаар чуулганд оролцогчдод танилцуулсан юм. Монголын залуучуудын холбоо сүүлийн хоёр жилд авлига, архи гэсэн хоёр зүйлийн эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэнийг тэрбээр танилцуулгынхаа эхэнд дурдсан. Тус холбооноос авлигын эсрэг “Би авахгүй, би өгөхгүй” аяныг өрнүүлэн 6000 гаруй залуусыг нэгтгэжээ. Үүний дараа аянаа төрийн байгууллагуудад өрнүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн газрын алба, Гаалийн ерөнхий газар уг аяныг дэмжин нэгдсэн байна. Түүнчлэн “Авлигагүй орон сууц” төслийг хэрэгжүүлэн, www.avliga.mn цахим хуудсыг нээн ажиллуулж эхэлжээ. Цахим хуудсаараа дамжуулан ямар ажил үйлчилгээнд авлига бий болоод буйг судлахаас гадна түүнийг хэрхэн зогсоох арга замыг олох зорилгыг тавьсан гэж Монголын залуучуудын холбооны тэргүүн хэлж байлаа.
Чуулганы үйл ажиллагаанд оролцогчдын анхаарлыг Азийн засгийн Засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнхийн мэдээлэл их татсан. А.Баянмөнх “Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгаа”-ны талаар танилцуулсан юм.
Тус сангаас 2006 оноос хойш хийсэн судалгаанд нийтдээ 10 гаруй мянган иргэд, өрх айлууд хамрагдсан аж. “Та сүүлийн гурван сард ямар нэг байдлаар авлига, хахууль өгсөн үү” гэсэн асуултад 2006 оны гуравдугаар сард 1000 хүний 30 хувь нь буюу 300 нь тийм гэсэн хариулт өгч байсан бол 2013 оны есдүгээр сард дээрх хариултад найман хувь нь тийм гэсэн хариултыг өгсөн байна. Авлига, хахуульд өгдөг мөнгөний хэмжээ ч буурч байгааг тэрбээр дурдаж байсан. Иргэдийн дунд авлига буурна гэсэн хүлээлт улам нэмэгдсээр байгааг судалгаа харуулжээ. 2010 онд судалгаанд хамрагдсан иргэдийн 28.7 хувьд нь авлига буурна гэсэн хүлээлттэй байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 36 хувь болж өсчээ.
Энэхүү танилцуулгын дараа Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор мэдээлэл хийсэн. “Монгол Улсад авлигатай тэмцэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх” бодлогын баримт бичгийг боловсруулах ажил эхэлсэн бөгөөд улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлэн, санаа бодлыг тусгах үүргийг Хуульч эмэгтэйчүүдийн холбоо хүлээсэн” гэж Б.Долгор мэдээллийнхээ эхэнд хэлж байлаа. Үндэсний хөтөлбөрийг боловсруулах хүрээнд нийтдээ төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалтууд, олон нийтийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж 4000 гаруй саналыг авч нэгтгэсэн байна.
Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор “Монгол Улсад авлигатай тэмцэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх” хөтөлбөрийн төслийн талаар чуулганд оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулсны дараа асуулт хариулт, хэлэлцүүлэг өрнүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.