Ц.Элбэгдорж: Ухаалаг төр гэж судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль хэрэгжүүлдэг төр юм
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж орон нутгийн удирдлагуудтай өчигдөр Төрийн ордонд уулзаж чиглэл өглөө. Уулзалтад бүх аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцсон юм. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, дэд дарга Ч.Сайнбилэг, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй нар байлцав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Ноднин бид 2013 оны нэгдүгээр сарын 17-нд уулзсан байна. Тэр үед хэлсэн зүйлээс юу нь биелэв, юу нь биелээгүй вэ гээд эргээд харахад анхаарахаар асуудлууд байна. Тиймээс дараа жилийн уулзалтыг хийхэд юу анхаарах вэ гэдгийг хэлмээр байна.
Өмнө нь ярьсныхаа биелэлтийг шалгадаг
механизмыг энэ мөчөөс тогтооё
Та бүхэнтэй Ерөнхий сайд уулзаад чиглэл өгч байгаа. Мөн УИХ-ын дарга уулзаад тодорхой зүйл ярьж байгаа. Засгийн газрын гишүүд уулзаад тодорхой зүйлүүд хамтарч хийе гэж тохироод явуулж байгаа. Энэ бүхнийг Сайханбилэг дарга, Сайнбилэг дарга нэгтгээд Ерөнхийлөгч ийм гурван чиглэлээр, Ерөнхий сайд ийм асуудлуудаар ярьсан, эдгээрийг хэрэгжүүлэхээр та бүхэн юу хийв гээд эхэнд нь нэг хэлэлцэх нь зөв юм байна гэж бодлоо. Ингэвэл бидний үйл ажиллагааны залгамж чанар хадгалагдана. Та бүхэн ч гэсэн эргэж очоод сум, анхан шатны нэгжийн удирдлагуудтай уулзаж ярихдаа хэлсэн зүйлээ заавал асууж, биелэлтийг шалгадаг байх хэрэгтэй. Ийм механизмыг энэ цагаас эхлэн тогтоовол зөв байх.
Ноднингийн ярьсан зүйлээ эргэн санахад өнөө жилийн “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн санаачилга бол яг тэр бүхний залгамж мэт харагдаж байна. Бид өмнө нь ярьж байсан зүйлээ улам тодорхой болгон ажил руугаа орж байна гэсэн сэтгэгдэл төрөхөөр байгаа. Энэ бол ээлжит, яриад өнгөрдөг ухуулга биш. Олон зуун жилд монголчуудад өөрсдийнхөөрөө төрөө урлах боломж, бидний энэ цаг үед олдож байна гэж ойлгож байна. Энэ утгаар харахад үүнийг бид хийхгүй бол хэн хийх вэ гэсэн ойлголт гарч ирж байгаа. Үндэсний зөвлөгөөн зохион байгуулж, хийх ажлаа томьёолж тодорхой болгох нь чухал байсан гэдэг ойлголт газар сайгүй бий болсон байна. Ялангуяа бизнесийн хүрээллийн хүмүүс асар их дэмжиж байгааг та бүхэн харж буй байх. Хэвлэл мэдээллийнхэн, судлаачид, олон нийтийн байгууллага, ард иргэдийн болон орон нутгийн төлөөлөл тэр үндэсний зөвлөгөөнд урилгаар оролцсон. Дараа нь УИХ дээр намын бүх бүлэг хуралдаад гарын үсгээ зурж, “Ерөөсөө энэ Том төрөөс ухаалаг төр рүү гэсэн зарчмыг хамтарч дэмжье. Энэ бол бидний хамтын санаачилга юм. Бидний хамтарч хийх ажил юм” гэсэн. Тэгээд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ярьж байгаад энэ санаачилгыг хэрэгжүүлэх талаар 2014 оны ажлын төлөвлөгөө гаргасан байгаа. Эдгээрийг харахад үндэсний зөвшлийн хэмжээнд энэ ажил хүрсэн байна. Одоо бидэнд хийхээс өөр аргагүй болж байна. Бидний хийх ажил, зорилго тодорхой боллоо. Ухаалаг төр гэж яриад буйн цаана ерөөсөө улс орны хөгжлийн асуудал байгаа юм.
Хүчтэй бодит секторыг бий болгоё
Зарим хүн “Бид юуг зорьж байна, яаж томъёолбол зүгээр вэ” гэж асууж байгаа. Улс орны хөгжилтэй холбон би хоёр зүйлийг маш тодорхой хэлдэг. “Хүчтэй хувь хүнийг бий болгоё. Хүчтэй бодит секторыг бий болгоё” гэж хэлж байгаа. Энэ бол бидний зорилго. Бодит сектор гэж хувийн хэвшлийг хэлж байна. Энэ хоёр зүйлийг бий болгож, хөл дээр нь бат зогсоохын төлөө ажиллая. Ингэх нь улс орны үндэсний эрх ашиг, хөгжил дэвшил, ашиг сонирхолтой нийцнэ гэж үзэж байна.
Чиглэл өгч бид тодорхой өөрчлөлтийг хийж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар гэхэд шинэ зохион байгуулалтад орж байгаа. Үйл ажиллагааг дэмжих, хууль, шийдвэрийн төсөл боловсруулах, олон нийттэй хамтарч ажиллах гэсэн гурван чиглэлээр шинэ зохион байгуулалтад оны эхнээс орж ажиллаж байна. Тэгэхээр нийслэл, аймаг орон нутаг, төрийн байгууллагууд ч гэсэн ийм зохион байгуулалтад орох ёстой гэж бодож байна. Үнэхээр энэ санаачилга, үйл ажиллагааг хуулийн хүрээний хувьсгал гэж байгаа бол түүнийг хийх штаб байх ёстой. Орон нутгийн газар бүхэнд та бүхнээр удирдуулж ажилладаг, тодорхой үр дүн, төлөвлөгөө гардаг ийм бүтэц бий болох ёстой.
Энэ чиглэлээр төрийн үйл ажиллагааг сайжруулах, бизнесээ, эдийн засгаа дэмжих хуулийн эхний төслүүдийг бид боловсруулаад байна. Шилэн дансны хуулийн төслийг боловсруулж, Засгийн газар дэмжээд байна. Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах асуудлыг нухацтай авч үзэж, хуулийн төсөл боловсруулж байна. Ашигт малтмалаас орж буй орлого, бусад өр авлага, хуримтлалаа яаж бий болгох вэ гэдгийг ярилцаж байна. Баялгийн сангийн хуулийн төсөл боловсруулсан. Одоогоор энэ гурван хуулийн төсөл үндсэндээ өргөн барихад бэлэн болсон. Нэг сайн хэлэлцээд ирэх долоо хоногт УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Дээр нь Төрийн сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна. Аль ч намын хурал, уулзалт дээр хариуцлага гэдэг үгийг их ярьдаг. Гэсэн хэдий ч хариуцлага гэдгийг биежүүлж хараагүй, дүрийг нь төсөөлөөд яваад байгаа. Хариуцлага гэж яг ямар юмыг хэлээд байна, сонгогдсон албан тушаалтантай хариуцлага тооцно гэж яг яахыг хэлээд байна, томилогдсон албан тушаалтантай хариуцлага тооцно гэж яг яах гээд байгаа, яг хариуцлага тооцохоор юу болох вэ гэдгийг бичээд буулгаад ирэхээр тийм ч аятайхан дүртэй харагдахгүй байгаа. Гэхдээ ардчилсан төр өөрөө нээлттэй биш, хариуцлага тооцдог механизмгүй бол тэр эрх барьж буй хүмүүст л үйлчилж, нийгэм ялзардаг. Үүнийг бид олон жил ярьсан. Одоо хуулийн утгаар нь буулгаж байгаа.
Ер нь орон нутагт нийтийн сонсгол гэж албан тушаалтнуудтай хариуцлага тооцдог үндсэн хэлбэр нээлттэй нийгэмд байдаг. Үүнийг оруулж ирье гэж байгаа. Манай орон нутгийн Иргэдийн Хурал, Засаг даргын Тамгын газар ажиллаж байгаа албан хаагчидтайгаа хариуцлага тооцох гэхээр яг тодорхой механизм байхгүй. Та нар мэдэж байгаа. УИХ, Засгийн газар дээр ч тийм байдал харагддаг. Энэ бүхнийг тодорхой болгох хэрэгтэй. Иргэд төрд байгаа хүмүүсийн алдаа дутагдлыг нь хараад байдаг. Гэтэл түүнтэй хариуцлага тооцохгүй болохоор хүмүүс бухимдаж байна. Бид алдаа дутагдлаа дор бүр нь засаад явбал ард иргэд төрдөө итгэнэ л дээ. Энэ итгэлийг эргүүлж олж авах нь чухал юм гэдгийг энд хэлэх гэсэн юм. Нийтийн албаны тухай хуулийн төслийг боловсруулаад явж байна. Энэ хуулийн төслийг ойрын үед цогцоор нь оруулж шийдвэрлэж авах нь зөв. Ингээд цэгцэлбэл хариуцлагын тогтолцоо ерөнхийдөө бүтэн болж харагдана.
Нөгөө талаас хуучин Эрүүгийн гэж хэлдэг байсан Гэмт хэргийн, зөрчлийн зэрэг хууль УИХ-аар ороод ирэхээр Монгол Улсад хариуцлага гэдэг зүйл бүтэн болж, үүнийг тооцдог, ажилладаг механизм бүтнээрээ харагдах боломж бий. Засгийн газар дээр боловсруулаад өргөн барих гэж байгаа Өрийн удирдлагын тухай хууль байна. Бид тал талаасаа ярьж байгаад зөв хууль гаргахаар төлөвлөж байна. Эхний хууль, тогтоолын төслүүд бэлэн болж шийдэгдэх түвшинд ороход бэлэн болж байна. Ухаалаг төртэй холбоотой эхний албан ёсны шийдвэр Монгол төрөөс гараад байна. Энэ нь Монгол Улсын ҮАБЗ-ийн зөвлөмж болж гарсан. Энэ зөвлөмжийг та бүхэнд өгнө.
Энэ зөвлөмжийг цааш нь тарааж, үйл ажиллагаагаа уг зөвлөмжтэй нийцүүлж хэрэгжүүлэх хэрэгтэй. Аюулгүй байдлын үзэл баримтлал гэж байгаа. Бидний үйл ажиллагаа тэр үзэл баримтлалтай нийцэж байх ёстой. ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжийг яг чиглэл чиглэлийн байгууллага нь хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй байгаа юм.
Ерөнхийлөгчийн хувьд ухаалаг төр рүү шилжих зарчим, үйл ажиллагааг нэгдмэл удирдлагаар хангах, үндэсний болон улс төрийн зөвшлийг бий болгох чиглэлийг хариуцаж явах нь зүйтэй гэж үзэж байгаа. УИХ дээр энэ чиглэлээр санаачилсан хуулийг цаг алдалгүй баталдаг байх нь зүйтэй юм. Нөгөө талд нэг гол механизм бий болгож өгсөн. Ухаалаг төрийн зарчимтай нийцэхгүй хуулийн төсөл, шийдвэр орж ирвэл буцаадаг байя. Орон нутгийн ИТХ-д ч адилхан. Засаг даргын гаргаж байгаа шийдвэрийг энэ зарчимтай нийцүүлж гаргадаг болох хэрэгтэй.
Засгийн газар хууль санаачилж шийдвэр гаргахдаа ухаалаг төрийн зарчмыг гүйцэтгэх засаглалын бүх шатанд чанд баримталдаг болъё. Бизнес, эдийн засгийг идэвхжүүлэх, эдийн засгийн гадаад хамаарлыг багасгах, үйлдвэрлэл, хувийн хэвшлийг дэмжих, төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах чиглэлд бодитой арга хэмжээнүүд авч хэрэгжүүүлье гэсэн чиглэл өгсөн байгаа. Дээр нь иргэд, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд төрийн шаардлагатай ажил, үйлчилгээг гэрээний үндсэн дээр шилжүүлэх замаар төрийн үйлчилгээг хэмнэлттэй, үр ашигтай болгоё.
Мөн төрийн өмчийн барилгууд байдаг. Эдгээрийг тодорхой нөхцөлөөр худалдах, хувийн өмчийн барилгыг түрээсээр ашиглах замаар тодорхой яам, агентлаг, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг нэгдсэн байршил, үйлчилгээ, сүлжээнд хамруулъя. Энэ чиглэлээр Ерөнхий сайдтай хамтарч сая зарлиг гаргасан. Төрийн байгууллагууд заавал бүгдээрээ том том тусгай байртай, тусгай үйлчилгээтэй, бүгдээрээ аж ахуйн зардалтай байх хэрэг байна уу? Ер нь түрээсэлдэг болъё. Түрээсэлдэг болбол зардал, асуудал, бүх юм цаад талдаа гараад төр түрээсийнхээ мөнгийг л төлнө. Заавал төрийн дарга нар төрийн том машин унаад байх хэрэг байна уу. Зүгээр л түрээсэлж, “Би тэдэн цагт гарна. Өнөөдөр би тийшээ явна. Тэдэн цагт машин бэлэн байж бай” гэхэд л түүнийг бэлэн байлгаж байдаг хувийн хэвшил байхад боллоо.
Тэгвэл хувийн хэвшил тэр жолоочийнхоо цалинг даана. Жолоочийн нийгмийн даатгал, машины гараж, сэлбэг хэрэгсэл, бензин шатахуун, бусад бүх асуудлыг нь хувийн хэвшил шийдээд л явна шүү дээ. Төр түрээсийнхээ хоёр цагийн, дарга өдөрт унаж байгаа 30 минутынхаа мөнгийг л төл л дөө. Бид ингэж хармаар байгаа юм. Ингэж байр байшин, бусад асуудлаа шийдье гэж байгаа юм. Өмнө нь ч намайг Ерөнхий сайд байхад, үүнийг Ч.Сайханбилэг дарга сайн мэдэж байгаа, арваад жил ингэж ярьсан шүү дээ. Хуучин Хэвлэх үйлдвэрийн оронд Засгийн газрын байшинг барья. Төрийн ордонтой доогуур нь туннелиэр холбочихъё. Шаардлагатай яамдыг энд оруулъя. Яам бүхний үүдэнд нэг жижүүр байдаг бол энэ байранд ганц л жижүүр байна. Үйлчилгээ нэг байна. Тэгээд энэ барилгыг хувийн хэвшлээр бариулчихъя. Хувийн хэвшлээр бариулахдаа “Наадхыг чинь төр түрээслнэ” гэсэн нөхцөл тавьж өгье. Аюулгүй байдал, стандартын шаардлагуудаа тавья. Ингээд оръё. Улаанбаатар хотын удирдлага Сонгинохайрхан дүүрэгт шинэ байр бариулж шилжиж байна. Талбайн хажууд байгаа өмнөх байрыг нь агентлагууд түрээсэлдэг болбол яасан юм. Тэгээд агентлаг, яамдын ашигладаг байруудыг худалдаж хувийн хэвшил рүү шилжүүлбэл яасан юм. Иймэрхүү хэлбэр рүү орж байгаа юм.
Энэ бол зөвхөн Монголд яригдаж байгаа асуудал биш. Энэ санаачлагыг гаргасны дараа бид нар гадаад, дотоод руу явсан олон хүмүүстэй уулзаж байсан. Үнэхээр гайхаж дэмжиж байсан. Монголд байгаа Элчин сайдууд хүртэл надтай уулзаад хэлж байсан. “Таны ухаалаг төр рүү гэсэн зарчмыг манайд хүртэл яримаар юм байна лээ. Бид нар хүртэл яримаар зүйл болсон байна” гэж байсан.
Би түрүүн хэлсэн. Олон зуун жилд бидэнд олдож байгаа төрөө урлах, орчин цагийн шаардлагад нийцүүлж төрөө бий болгох боломж гарч ирлээ. Энэ боломжийг бид ашиглах хэрэгтэй. Бид юу хийх вэ. Юу нь болохгүй байна вэ гэдгийг ерөнхийд нь харж чадлаа. Энэ чиглэлээр цаашаа явъя гэж байгаа юм.
Дээр нь төрийн байгууллага, албан тушаалтны нэгдсэн санг бүрдүүлж, нээлттэй бөгөөд бүртгэл, хяналттай болгоё. Хэм хэмжээ тогтоосон шийдвэрүүд гэж байна. Орон нутаг, яам, Тамгын газрын дарга нар заримдаа хуулиас давж хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргадаг. Зарим шийдвэр дээр “Нууц” гэж бичиж хадгалдаг. Түүнийгээ алга болгодог. Ийм этгээдүүдтэй хариуцлага тооцно. Хатуу хариуцлага тооцож ажиллахаас аргагүй.
Хүн ажилд авахдаа заавал тушаал гаргаад байх шаардлагагүй. Улс төрийн албан тушаалтан гээд хөдөлмөрийн гэрээ байгуулаад л шийдчихдэг байх хэрэгтэй. Ажлаас халахдаа хөдөлмөрийн гэрээгээ цуцалчихдаг байх хэрэгтэй. Улс төрийн албан тушаалтан суучихаад УИХ-ын, Засгийн газрын шийдэхгүй шахуу асуудлыг шийдээд, ширээнийхээ нүдэнд хийгээд, мөнгө төгрөг зарцуулаад явахаар л буруу болж байгаа юм. Одоо энэ бүхнийг нэгдсэн сантай болгоно. Нэгдсэн бүртгэлтэй болгоно. Хэрэг эрхлэх газар, Засаг дарга нарын гаргасан бүх шийдвэр ил болно.
Мөнгөтэй холбоотой гарч байгаа та нарын шийдвэр Шилэн дансны механизмаар дамжина. Энэ бол бүр олон улсын хөдөлгөөн байгаа юм. Олон улсын Засгийн газрын хөдөлгөөнд манай Засгийн газар нэгдэж орж байгаа юм. Нээлттэй засгийн санаачилга гэж нэгдэж орж байгаа. Шилэн дансны механизмаар тодорхой хугацаа тавьж өгч байгаа. Тэр тодорхой хугацаанд нэг сая төгрөгөөс дээш мөнгөтэй холбоотой шийдвэр гаргасан нөхдүүд мэдээллээ ил гаргахгүй бол шууд огцруулах үндэслэл болгох хариуцлагын заалт оруулж өгч байна. Та бүхний хийсэн ажлаас ард иргэдийн сонирхдог тодорхой зүйл байгаа. Хамгийн их сонирхдог юм бол бидний мөнгийг яаж зарцуулж байна вэ гэдгийг л сонирхдог. Биднээс хүлээдэг юм нь тэр. Тэгэхээр иргэдийнхээ мөнгийг яаж зарцуулж байгаагаа харуулах хэрэгтэй. Зарцуулж байгаагаа харуулаад ирэхээр ард түмэн хараад “Заавал энэ даргын өрөөг цэвэрлэдэг цэвэрлэгч Тамгын газарт байх хэрэггүй юм байна шүү дээ. Тусдаа цэвэрлэгээний жижиг компани аймаг дээр бий болчихсон. Тэд өрсөлдөж цэвэрлэдэг байхад л болох юм байна шүү дээ” гэдэг сэтгэхүй хүмүүс бий болж эхэлдэг. Ийм байдлаар бид мөнгөө зөв зардаг болно. Тэгэхээр энэ чиглэл рүү идэвхтэй оръё.
Төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, цаашид ийм шийдвэр гаргуулахгүй байхаар ажлаа зохион байгуулъя гэж ҮАБЗ дээр ярьж шийдсэн. Төрийн байгууллагуудад ухаалаг төрийн зарчмыг нэвтрүүлэх талаар хэлэлцүүлэг явуулах ёстой. Та нар 2013 онд хэлэлцүүлгээ явуулсан гэж итгэж байна. Явуулаагүй бол 2014 онд явуулах хэрэгтэй. Тэгээд 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Тэр төлөвлөгөөндөө хариуцах эзэн, тодорхой хугацаа тусгаж өгөх хэрэгтэй. Би хойтон жил уулзахдаа энэ ярьсан зүйлээ аймаг бүрээр нь суулгаж байгаад тэр аймаг, энэ аймаг гээд гэнэт асууна шүү. Аль аймаг сонгогдох нь бүү мэд. Би бүх аймгийн энэ чиглэлээр хийсэн ажлын тайланг авна. Энд хүн толгой эргээд байх юм байхгүй. Энэ албан тушаалтны хийж байгаа ажлыг төр заавал хийх ёстой юу. Төсвөөр хийж байгаа ажлыг төр заавал хийх хэрэгтэй юу гэдгийг харах хэрэгтэй. Нөгөө талаас энэ ажлыг хувийн хэвшил, мэргэжлийн байгууллага, иргэдээр хийлгэвэл яасан юм. Ингэж асуу. Ер нь энэ ажлыг гэрээлэх, түрээслэх байдлаар хийлгэвэл яасан юм. Ингэвэл ямар хэмжээний мөнгө, ямар хэмжээний үйл ажиллагааны зардал хэмнэгдэж, үйл ажиллагаа маань илүү сайн болж байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Энд ҮАБЗ-ийн шийдвэр гарчихсан. Хууль, эрх зүйн үндэс бүрдсэн гэж үзэх хэрэгтэй. Хуульд нийцүүлж гаргасан ҮАБЗ-ийн шийдвэр хууль мэт хэрэгжих ёстой. Энэ зүйлийг өнөөдөр би та бүхэнд хэлье.
Энэ тал дээр ойлголтоо нэгтгэж авъя. Бид нэг л баг болж ажиллаж байгаа улсууд. Ухаалаг төр гэж яг юуг хэлээд байна вэ. Та бүхнээс ч гэсэн “Засаг дарга аа, ухаалаг төр гэж юуг хэлээд байгаа юм бэ” гэж иргэн асуухад түгдрэлгүйгээр хариулчихдаг байх хэрэгтэй. Миний эхний хариулт бол ухаалаг төр гэж судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль хэрэгжүүлдэг төр юм. Ерөөсөө л энэ гурван зүйл. Мөн ухаалаг төр гэж хийх ёстой ажлаа сайн хийдэг төрийг хэлж байгаа юм.
Ухаалаг төрийн зарчим гэж би нэлээд олон зүйл хэллээ. Яг энэ юу юм бэ? Энэ тал дээр бас нэгдмэл ойлголттой болж авбал зүгээр. Энэ дээр би гурван зүйл хэлье. Төрийн үндсэн зорилго бол хүний сайн сайхан амьдрах хүсэл сонирхолд үйлчлэхэд л оршино. Ерөөсөө л иргэдийнхээ сайн сайхан амьдрах гэсэн тэр хүсэл сонирхолд бид нар үйлчлэх ёстой. Түүнд дарамт болох ёсгүй. Ашиг орлогоос нь хумсалдаг, аж ахуйн үйл ажиллагаанд нь оролцдог, ялангуяа төр нь ашиг хөөдөг байгууллага биш юм гэдэг нь харагдаж байгаа юм. Харин иргэдэд тусалдаг тийм байгууллага юм. Ухаалаг төрийн дараагийн зарчим нь техник, технологийн дэвшил, сайн бүхнийг ашиглаж чаддаг, гол зарчим нь хууль, стандартыг сахиулдаг байх ёстой. Ерөөсөө л энэ. Тэгэхээр энэ хүрээнд ажлаа төлөвлөж, ажлаа харвал яасан юм бэ. Төрийн зарим байгууллага ярилцаад, бүтцээ өөрчлөөд, “Бид энэ 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэ бүтцээр ажиллах гэж байгаа” гээд надад танилцуулж байсан. Ингэж хүлээж авч бүтцээ өөрчилж байгаад би хувьдаа их баяртай байгаа.
Хуулиар Засгийн газар, төрийн байгууллагын бүтэц, Тамгын газрын бүтцийг тогтоож болно. Гэхдээ шинэ, ухаалаг хэлбэрт шилжээд явахад болохгүй зүйл байхгүй. Ухаалаг төрийн бүтэц гурван зүйл байх юм байна гэж би хараад байгаа. Дээрээ ч адилхан, орон нутагт ч адилхан. Судалгаа хөгжлийн гэсэн нэг хэсэг байна. Энэ бүтэц зөвхөн төрд ч биш, хувийн хэвшилд ч байдаг. Судалгаа хийгээд, төрийн байгууллагын өмнө тулгамдаж байгаа асуудлыг яаж шийдэх вэ гэдгийг байнга харж, судалж, түүнийг илүү дэвшилтэт хэлбэрт аваачихын тулд ажиллаж байдаг тийм нэгж юм. Энэ нэгжийг шинээр нэмж байгуулна гэсэн хэрэг ерөөсөө биш. Та бүхэн дотроо байгаа боломжоо л ашигла. Шинээр нэмж байгуулбал дахиад ухаалаг төрийн зарчимтай зөрчилдөнө. Мөн Хууль, стандарт сахиулах хэсэг гэж байна. Үйл ажиллагааг дэмжих хэсэг гэж байна. Түүн дотор гэрээ, түрээсээ хийдэг, Тамгын газар, дотоод үйл ажиллагаа нь явж байх юм.
Явж явж Ухаалаг төр бол цаасны төр, гэрээний төр, хуулийн төр байгаа юм. Түүнийгээ хийгээд л, хэрэгжилтийг нь хянаад сууж байх юм бол их зөв болох гээд байгаа юм. Яг үүндээ тохируулаад албан хаагчдадаа шаардлага тавих хэрэгтэй. Энд ажиллаж байгаа албан хаагч бол хууль хэрэгжүүлдэг, хууль биелүүлдэг л байх ёстой. Нэг юмыг бид тогтмоор байгаа юм. Төрийн албан хаагч, төрд ажиллаж байгаа хүмүүсийн хамгийн түрүүчийн шалгуур бол өөрөө хууль биелүүлдэг байх явдал. Төрд албан тушаал хашиж байгаа янз бүрийн түвшний албан тушаалтнуудын хамгийн гол шалгуур бол өөрөө хууль биелүүлдэг, өөрөө гаргасан шийдвэрээ биелүүлдэг байх ёстой. Өөрийн хэлж байгаа үгэндээ, баримталж байгаа зарчимдаа өөрөө үнэнч байж чадах юм бол та бүхнийг бусад хүмүүс дагаж хүндэтгэнэ. Өөрөө бусдаас нэг юм шаарддаг, өөрөө шаардаж байгаа зарчмаасаа гадуур амьдраад эхлэх юм бол утгагүй болж эхэлнэ. Тэгээд ёс зүйтэй байх ёстой.
Ухаалаг, ухаан гэдгийн цаана би ёс зүй гэж ойлгож байгаа. Ажил албан тушаалыг хаших боломжгүй болтлоо алдаа гаргасан бол ажлаа өгөөд явдаг байх хүртэл тийм ёс зүйтэй байх ёстой. Би үнэхээр гайхаад байгаа юм. Саяхан Токио хотын дарга огцорлоо гээд, түүнийг харахаар сонгуулийнхаа үеэр Сонгуулийн хуульд заагаагүй тодорхой хэмжээний хандив авсан нь тогтоогдлоо гээд л хэвлэлээр гарсан. Тэгээд л шууд огцорлоо гэсэн мэдэгдлийг тэр дарга хийсэн. Тэр даргын мэдэгдэл хийсний цаана тодорхой механизм байдаг байх гэж бодож байгаа.
Хэрэв тэр дарга мэдэгдэл хийхгүй бол эргээд хотынхоо хурал дээр дуудагддаг, дараа нь шүүх рүү очдог. Тэр үйл ажиллагаа нь бүр хүндэрдэг. Дахиад улс төрийн албан тушаалд дэвших эрхгүй болдог ч юм уу. Тэр дарга түүнийгээ мэдээд өөрөө сайн дураараа огцрох нь эргээд бусад үр дагаварууд дээр зөөлөн тусдаг юм шиг байгаа юм. Иймэрхүү байдлаар бид тэр хариуцлагын хуулиудыг оруулж өгнө. Тэр дарга биднээс тусдаа хүн биш шүү дээ. Нэг хүн сууж байгаад л алдаа хийхээрээ гэнэт ойлгоод л, ёс зүйн хариуцлага хүлээдэг. Монгол дарга нар дээр болохоор энэ зарчим байддаггүй. Бусад оронд байгаад байдаг нэг тийм сонин зүйл ажиглагдаж байна гэж харж болно. Тиймээс бид бусад оронд байдаг хариуцлага тооцдог механизмыг оруулж ирье. Ёс зүйтэй, хийх ажлаа хийдэг, ажлаа мэддэг, иргэддээ итгэдэг байх ёстой. Хүнд итгэдэггүй дарга бол нээлтэй иргэний нийгэм байгуулж байгаа нөхцөлд ажиллах аргагүй юм.
Төгсгөлд нь нэг зүйлийг хэлье. Та бүхэнд ажлын шалгуур байгаа. Хэрэг эрхлэх газраас аймгуудыг, сумдыг ажлаар нь дүгнэж байгаа. Энэ дээр хоёр гурван зүйлийг нэмж, тодотгож оруулбал яасан юм гэж бодож байна. Ажлын шалгуураас миний харж байгаагаар хамгийн чухал шалгуур бол хувийн хэвшлийг яаж дэмжив, хөрөнгө оруулалт танай аймагт хэр нэмэгдэв. Хэдэн үйлдвэр, хэчнээн ажлын байр танай аймагт бий болов. Хэдэн үйлдвэр, хэчнээн ажлын байр бий болгоход таны гаргаж байгаа шийдвэр туслав гэдгийг бид хамгийн эхэнд тавьж өгье. Хөрөнгө оруулалт орж ирж байхад ташуур бариад хөөдөг биш, хадаг бариад угтдаг ийм л уур амьсгалыг бид бий болгоё.
Одоо нийтийн тээврийн үйлчилгээ хийх гэхээр мөнгө хүрэлцэхгүй байна. Цалингаа тавих гэхээр хүндрэл учирж байна. Орон нутагт өр үүсч байна гэдэг чинь нөгөө популизм, нөгөө орж ирэх хөрөнгө оруулалтыг хөөж явуулдаг, тэгээд дарга, удирдлагаасаа эхлээд жаахан мөнгөн дээр ажиллах гэж оролддог. Илүү юм очиж нэхдэг, нэхээд болохгүй бол янз бүрийн байдлаар дарамталж гаргадаг. Энэ чинь эргээд юмны үнийн өсөлт болж байна. Эргээд инфляци болж байна. Энэ чинь эргээд ханшийн уналт болоод байна. Үүнийгээ л ойлгох хэрэгтэй. Тэгэхээр та бүхний гаргаж байгаа шийдвэр хувийн хэвшилд яаж нөлөөлөв, яаж дэмжив? Тэр ажлын байр, үйлдвэрлэл бий болоход яаж нөлөөлөв, хэр зэрэг хөрөнгө оруулалт орж ирэв? Ер нь төсвөөс хамаардаг хамаарлаа хэр зэрэг багасгаж чадав? Ийм маягаар бид ажлаа дүгнэдэг болъё. Үүнийгээ ажилдаа тусгая.
Малын тоо, хүний тоо гэж бид ярьдаг байсан. Тэр харилцаа, тэр асуудаг хэлдэг юмнууд нь байж л байг. Дараагийн нэг зүйл бол шалгуур. Асуудал гараад шинэ нөхцөл байдал үүсээд, шинэ үүрэг гараад ирэхээр заавал төсвөө нэмдэг. Нэг бол бүтцээ томруулдаг, шинээр бүтэц бий болгодог. Үүнийгээ больё. Асуудал гарахад төсвөө нэмдэг, бүтцээ томруулдаг байдлаар шийддэгээ больё. Хуучин байсан, шинээр гарч байгаа асуудлыг яаж иргэдийг оролцуулж шийдүүлж болох вэ. Яаж хувийн хэвшлийг оролцуулж шийдэж болох вэ, яаж мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж шийдүүлж болох вэ гэдгээ гаргаж харъя.
Сүүлийн хоёр жилийн дотор олон улсын хэмжээнд эдийн засгийн хүртээмжтэй өсөлт гэсэн шинэ ойлголт орж ирж байгаа. Үүнийг өмнө нь эдийн засгийн өсөлт гэж ярьдаг байсан. Одоо эдийн засгийн хүртээмжтэй өсөлт гэж ярьдаг болсон. Эдийн засгийн хүртээмжтэй өсөлт гэдгийн цаана юу яриад байна гэхээр аймаг дээр эдийн засаг өссөн, улсад эдийн засаг өссөн бол тэр улсад амьдарч байгаа хүн бүхэнд ямар нэгэн байдлаар “наалдсан” байх ёстой.
Хүртээмжтэй өсөлтийг яаж бий болгох вэ гээд бодоход хүмүүсийг оролцуулж байж л бий болгох юм байна. Хувийн хэвшлийнхэн, ард иргэдээ эдийн засгийнхаа үйл ажиллагаанд оролцуулж байвал тэр нь хүртээмжтэй өсөлт бий болж байгаа юм. Би нэг зүйл хэлээд байгаа. Бид бодлогын төр гэж ярьдаг. Бид бодлого хэрэгжүүлдэг улсууд гэж ярьдаг. Бодлого хэрэгжүүлдэг хүмүүст аж ахуй эрхлэх ямар хэрэг байгаа юм. Ингээд шууд бууж байгаа биз дээ. Та бүхэн, бид, төрийн албан хаагчид хяналт тавьдаг улсууд. Хяналт тавьдаг улсууд аж ахуй эрхлэх ямар хэрэг байгаа юм. Стандарт хэрэгжүүлдэг, сахиулдаг хүмүүст аж ахуй эрхлэх ямар хэрэг байгаа юм. Хууль хэрэгжүүлдэг хүмүүст аж ахуй эрхлэх ямар хэрэг байгаа юм бэ. Түүнийгээ хийдэг улсуудад нь, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагад нь шилжүүлээд, тэр хүмүүсийнхээ үйл ажиллагааг дэмжээд, хууль, стандартаа тавиад, зөрчсөн бол хариуцлагы нь тооцоод яв. Ингээд боллоо.
Үүнийг л зөв төр, ухаалаг төр гэж нэрлээд байгаа юм. Дээр нь бид дахиад зарчим тогтож байгаа. Төр өр тавьж янз бүрийн газраас хувьцаа эзэмшдэгээ больё. Янз бүрийн хөрөнгө оруулалт орж ирэхэд өмнөөс нь бид тэдэн хувийг нь эзэмшинэ, манай аймаг тэгнэ, манай улс тэгнэ гэдгээ ерөөсөө больё. Хувь, хувьцаа эзэмшиж байгаа бол хөрөнгө оруулалтаа л хий. Хувь, хувьцаа эзэмшиж байгаа бол мөнгөө оруул. Оруулсан мөнгөнийхээ хэмжээгээр асуудлаа шийд. Дээр нь лиценз оруулж байгаа, бусад төрийн үйлчилгээ үзүүлж байгаагаараа хөрөнгө оруулагчидтайгаа тохирч, хувь хувьцааны асуудал яригддаг байж болно. Алтан хувьцаа гээд тодорхой механизмууд гарч ирдэг. Ийм зүйлээ бид хэрэгжүүлье. Хувь эзэмших дуртай, тэр нь эргээд өр болдог, эргээд дарамт болдог. Тэр нь эргээд улсад нь, ард түмэнд нь гай болдог. Эргээд барьцаа болдог. Энэ бүх зүйлийг бүр үндсээр нь зөв ойлгочих хэрэгтэй байгаа юм. Энэ нь итгэл үнэмшил болж байж хүний өөдөөс бид ярьж чаддаг болно. Түүнээс биш зөвхөн цээжилсэн хүн “Наадах чинь биш“ гээд үүнийг бас яриад байж чадахгүй. “Тэдэн хувийг эзэмшинэ” гээд орилоод ирэхэд “Наадах чинь биш ээ хө. Энэ цаг мөчөөс эхлээд ингэж явъя” гэж хэлж чаддаг болохын тулд бид итгэл үнэмшилтэй болох ёстой гэж бодож байна.
Гуравдахь нэг зарчмыг хэлмээр байна. Бид төсвийн хөрөнгө оруулалт гэдгийг маш тодорхой болгож өгье гэж байгаа. Миний зарчим бол төсвөөс зайлшгүй хуулиар хэлэлцсэн тийм хөрөнгө оруулалтыг л гаргаж хийе. Эрчим хүчний шугам сүлжээ тавихад төсөв, төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн хууль хэрэв байдаг бол түүнд мөнгө гаргая. Хот хоорондын зам гүүрэн дээр хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулахгүй, төрөөс үнэхээр хөрөнгө оруулахаас өөр аргагүй бол, олон нийтэд зайлшгүй шаардлагатай зүйл байвал түүн дээр хөрөнгө гаргая. Түүнийхээ жагсаалтыг бүүр хуульчилж баталъя. Өөр юм руу төсвийн хөрөнгө оруулалт гэж гүйдгээ больё. Зайлшгүй хөрөнгө оруулалтад үлдэх боломжтой мөнгөө аймаг, орон нутаг нийслэлдээ бүтнээр нь өгье. Энэ нь даргад өгч байгаа мөнгө биш, иргэдэд өгч байгаа мөнгө. Сумын иргэдийн санал, бусад гарч байгаа саналуудад түшиглээд хөрөнгө оруулалтыг хийдэг болъё. Орон нутгийн хөгжлийн санг бид байгуулсан, хоёр жил шахуу ажиллалаа. Болж байгаа юм бий, нэмж сайжруулах юм ч байгаа. Энэ зарчмаа л авч явъя. Хоёр гуравхан чиглэлд шаардлагатай хөрөнгө оруулалтаа хийдэг, бусад зүйлээ орон нутгийнхээ хөгжлийн сангаар дамжуулж иргэдийнхээ хяналтаар дамжуулж иргэдийнхээ оролцоогоор дамжуулж энэ асуудлыг шийддэг байя. Үүнийг хуульчилж чадна. Тэгэхгүй бол нөгөө л урьдын адил, нөгөө л нэг машины асуудал, нөгөө л нэг хагарсан цонхны асуудал гээд хөөцөлдөөд байвал биш болж байгаа юм.
Гэхдээ орон нутаг дээр нэг зарчим тогтооё. Хөрөнгө оруулалт хийсэн бол урсгал зардлаа яах вэ гэдгээ заавал боддог байх хэрэгтэй. Байгаа цэцэрлэгээ засаад, нэмээд тохижуулаад өргөтгөх үү, аль эсвэл дахиад хоёр, гурван цэцэрлэг хажууд нь барих уу. Манайхан нэг тийм хандлагатай болчихоод байгаа юм. Нэмээд л баахан юм барьдаг, нэмээд зардал гараад байдгийг Ерөнхий сайд шүүмжлээд байгаа. Түүнийгээ л зогсооё. Урсгал зардал, цаг хугацаагаа тооцъё. Хөрөнгө оруулалтыг хүсч байгаа, түүнийг оруулж байгаа хүмүүс ард иргэддээ ч гэсэн ойлгуулах хэрэгтэй. Энэ барилгыг барьчихаж болно. Дулааных нь мөнгийг хэн төлөх юм. Энэ барилгыг барьж болно. Энэ дотор чинь 20 ажилчин ажиллах юм байна. Цалин нь хаанаас гарах юм. Яг үүнийгээ тогтсон, бүрэн ойлголттой л болох хэрэгтэй. Төвдөө ч, аймагтаа ч ингэж байж тэр хөрөнгө оруулалтаа шийддэг. Ийм хэлбэр рүү орох юм бол хариуцлагатай болж байгаа юм. Дээр нь ЗГХЭГ-ын хоёр дарга байгаа дээр нэг зүйл хэлье.
Шинэ сумын төв гэсэн төсөл явж байгаа. Барилга, хот байгуулалтын яам, Засгийн газар дээр ярьж байгаа шинэ сумын төв гэдэг төсөл дээр шалгуур гаргаж тавья гэсэн бодолтой байна. Танай аймгийн хоёр суман дээр ч юм уу, шинэ сумын төсөл хэрэгжүүлье гэвэл та бүхэн маш тодорхой шалгуур гаргамаар байна. Нэгдүгээрт, ард иргэд өөрсдөө хүсч байна уу. Хоёрдугаарт, сумын төвийн удирдлага, тэр хүмүүс өөрсдөө энэ шинэ сумын төвийг байгуулах, аваад явах сонирхол нь байна уу. Гуравт, газар нь байна уу? Тэр суманд орон нутгаас юу хийж өгсөн юм. Наад зах нь газраа гаргасан байх ёстой биз дээ. Наад зах нь дэд бүтэц нь хаагуур явах гэж байгаа юм. Энэ шинэ сумын төв гэдэгт алийг нь хамруулах юм.
Зарим газар сургууль шинээр барьсан байхад нөгөө газар сургууль барих шаардлагагүй байж магадгүй. Тэнд биеийн тамирын заал хэрэгтэй байж магадгүй. Бид ингэж үзэхэд шинэ сумын төсөлд нийтдээ ийм мөнгө гарч байна. Ийм хэмжээнд хөрөнгө оруулалт ирэхэд бид сумын төвийнхөө бүх асуудлыг ингэж шийдэж болж байна гэдэг, наад зах нь хүнд ойлгомжтой, цаашид амьдрах чадвартай төлөвлөгөө боловсруулсан байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр буян үзүүлж байгаа юм шиг шинэ сум танайд байгуулж өгнө гээд, бүгдээрээ шинэ сумын төв, шинэ хороолол хийнэ гэж яриад байж болохгүй. Яг хийсэн ажлыг нь дараа нь харахаар худлаа болж хувирвал ийм байж болохгүй. Тийм учраас орон нутгийн иргэдийн санаачлагаар төсөв, хөрөнгийг нь нарийн тооцоотой гаргасан байх хэрэгтэй. Сум нь өөрөө хэрхэн оролцох юм, түүн дээр шалгуур тавьж хийе. Тэгэхгүй бол дараа нь зарим газарт үр дүнтэй биш хөрөнгө оруулалт болчих вий дээ гэдэг дээр санаа зовж байгаа гэдгийг үгийн далимд хэлье гэж бодсон юм.
Үгээ үүгээр дуусгая. Дуусгахдаа нэг сэдэв рүү онцгой анхаараарай гэж хэлэх гэсэн юм. Гэр бүлийн хүчирхийллийг сүүлийн үед нэлээд ярьж байна. Манай дарга нар бүгдээрээ анхаарах хэрэгтэй шүү. Аймагтаэа, сум бүхэн дээрээ үүрэг өгөх хэрэгтэй. Гэр бүл дотроо асар танхай, зовлон учруулдаг тийм улсууд их байгаа. Тэдний бүртгэлийг гаргах хэрэгтэй. Эмэгтэй хүнийг гаднын, гудамжинд явж байгаа хүн алгадсан бол гэмт хэрэг болдог. Нөхөр нь хөх няц болтол нүдээд байхад ахуйн зөрчил болдог байж болохгүй. Энэ дээр бүртгэл гаргаад, хохирч байгаа, ядарч байгаа улсуудад туслах гэж бид нар ажиллаж байгаа. Эндээс л бидний хүний нийгэм хүнлэг байна уу гэдгийн алхам гарах юм.
Зарим аймгийн төв дээр хүмүүст тусалдаг орон байрыг олон нийтийн санаачилга, хувийн хэвшлийн санаачилгаар хүртэл байгуулаад эхэлсэн байгаа юм байна лээ. Бүх аймаг тийм төвтэй, тийм бүтэцтэй болвол их зүгээр. Жаран мянган хүнд нэг тийм бүтэц байх ёстой гэж ярьдаг. Хүчирхийлэлд өртсөн хөөрхий тэр хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхэд ахмадуудыг авчраад хоноглуулаад, байлгадаг. Эргээд тэр хүчирхийлэгч нөхдүүдтэй хариуцлага тооцдог байх ёстой.
Бид хуулийнх нь хариуцлагыг их тодорхой болгож өгнө. Хүчирхийлэгчийг хэд гаргадаг, нөгөөдөх нь бүр өс санаж очоод, эргээд аюултай нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тэр нөхцөлийг яаж бий болгохгүй байх вэ, яаж зөв шийдэх вэ гэдэг ганц Монголд тулгамдсан асуудал биш. Олон оронд шийдээд явж байгаа учраас олон сайн туршлагууд бий. Тийм учраас үүнийг оруулъя гэж байгаа юм. Эхний ээлжинд бүртгэлтэй болох хэрэгтэй. Дараа нь олон нийтийн санаачилга, бүтцүүдийг дэмжээрэй. Бид нар хүний сайн сайхан, зовж байгаа хүмүүстээ туслах гэж байгаа шүү гэдгийг төгсгөлд нь хэлье гэж бодсон юм.