Цаг үе, нийгэм, эдийн засгийн хувьсал, хөгжилтэй салбарын хууль, тогтоомжийг “уях” шаардлагатай болсон тул уул уурхайн салбарын гол хуулиудаа шинэчлэх, хэрэгжүүлэх журмыг өөрчлөхөөр УИХ-д хэлэлцэн байна. Тухайлбал, урьд нь баталсан байсан Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх механизм буруу тул журмыг шинэчлэхээр ажлын хэсэг томилогдож, үндсэндээ хэлэлцүүлгийн шатандаа байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг өчигдөр баталсан бол Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль хэлэлцүүлгийн шатанд, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг УИХ-д хэлэлцэхээс завсарлага авсан байна. Үүнээс чухам гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, салбарын үйл ажиллагаа хамаарах болж байгаа бөгөөд үүний нэг нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цэгцлэх асуудал. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2010 оноос хойш шинээр олгохыг албан ёсоор хориглосон. Эргэн шинээр хэзээнээс олгох талаар салбарынхнаас асуухад, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, хуулиуд батлагдсаны дараа тодорхой болно гэдгээр тайлбарлах юм. Гадаадын хөрөнгө оруулагчид хаа газар болж буй олон улсын чуулга уулзалтын үеэр хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох тухай ихэд сонирхож буй нь харагддаг. Харин зарим эдийн засагчид ашигт малтмалын “Х” буюу хайгуулын тусгай зөвшөөрлийг яаран шинээр олгохоос илүү олгосон байгаа лицензийнхээ хугацааг сунгаж өгч, ажлаа нэг мөр явуулах хэрэгтэйг хэлдэг юм.
Урьд жилүүдэд нийт газар нутгийн талаас илүү хэсэг нь тусгай зөвшөөрлөөр худалдагдсан байсан итгэмээргүй судалгаа бий. Тодруулбал, 2005 онд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн тоо 5913 буюу нийт газар нутгийг 69.6 хувийг эзэлж байсан бол 2008 онд 5202 буюу 49.4 хувь, 2010 онд 4762 буюу 38.7 хувийг эзэлж байжээ. Эдгээрийн цаана тусгай зөвшөөрлийг олноор нь авч нөгөөд шилжүүлэх, дамлах асуудал хэрээс хэтэрч, лицензийн наймаа “газар авч” байсан юм. Тэгвэл нийт газар нутгийн дийлэнхийг худалдаж, үндсэндээ экспортын ашгийг бүрдүүлэх авч газар сэндийчих болж байсан учир ийнхүү Х зөвшөөрлийг хориглож, урьд байсан ашиглалтын тусгай зөвшөөрлөө хэвээр үлдээсэн юм. Одоогийн байдлаар ашигт малтмалын нийт 3017 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа бөгөөд энэ нь нийт нутгийн 9.4 хувийг эзэлж байгаа ажээ. Үүний 1716 нь хайгуулынх, 1301 нь ашиглалтых юм байна.
Ямартай ч өмнөх жилүүдийнхээс тусгай зөвшөөрлийн тоог илт багасгаж чадсан байна. Цаашид яасан нь дээр вэ гэдэг чухам хуулиас хүлээлттэй байна.