-УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албаны чиг үүргийг АТГ-т шилжүүлэх талаар яригдаж байна. Авлигын эсрэг хуульд ийм өөрчлөлт оруулах асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба өнгөрсөн жил яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай 50 хэргийг прокурорт шилжүүлж, 48 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай шилжүүлсэн. Нийтдээ 100 гаруй хэргийг шалгаж шийдвэрлэсэн. Эдгээр хэргийн 92-96 хувь нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн авлигын гэмт хэрэгтэй холбогдолгүй асуудал байдаг. Өөрөөр хэлбэл ихэвчлэн эрүүдэн шүүх, шүүн таслах ажиллагааны явцад эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулсан, хүний эрх эрх чөлөөнд халдсан үйл ажиллагаа явуулсан гэх мэт хэргүүд байдаг. Авлигын эсрэг хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах замаар УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албаны харьяалан шалгадаг хууль сахиулах байгууллагын ажилтнуудад холбогдох авлигын хэргийг АТГ-т мөрдөн шалгах зорилгоор хэргийн харьяалалд өөрчлөлт оруулах нь ноцтой зүйл биш. Яагаад гэхээр УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албаны шалгадаг хэргийн дөнгөж 6-8 хувийг авлигатай холбоотой хэрэг эзэлж байна. Тэгэхээр үлдсэн 90 гаруй хувийг өөр ямар нэгэн алба шалгах боломжгүй. Тухайлбал цагдаагийн алба хаагч холбогдсон хэргийг цагдаагийн байгууллага шалгуулахад түвэгтэй. Сонирхлын зөрчлөөс сэргийлэх үүднээс АТГ-ын мөрдөн байцаах алба прокурор шүүгчийн үйлдсэн авлигын гэмт хэргийг шалгахад манайх татгалзах зүйл байхгүй. Ийм байр суурьтай байгаа.
-ЦЕГ-ын Санхүү ар талын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Л.Энх-Амгалан нарын төсвөөс гадуур данс үүсгэж, их хэмжээний хөрөнгө зувчуулсан хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан уу?
-Л.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Прокурор хэрэгтэй танилцаад ойрын хугацаанд шүүхэд шилжүүлэх, мөрдөн байцаалтад буцаах эсэхийг шийднэ.
-Г.Буяндоржид холбогдох хэргийн мөрдөн байцаалтад ахиц гарч байна уу. Энэ хэрэгт хэдэн хүнийг шалгаж байна вэ?
-Г.Буяндоржид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Хэд хэдэн үйлдлийг нэмж шалгах шаардлагатай байгаа учир цагдан хорих хугацааг саяхан сунгасан. Эрүүгийн хуулийн 148.4-т заасан үндэслэлээр шалгаж байна. Хэрэгт хэд хэдэн холбогдогч, яллагдагч, сэжигтэн бий. Энэ хэрэгт таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан шалтгаан нь Г.Буяндорж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаас оргон зайлсантай холбоотой. Мөрдөн байцаалтад саад учруулаагүй бусад холбогдогчид батлан даалтад болон барьцаа авагдсан байдлаар гадуур шалгуулж байгаа. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд энэ хэрэгт холбоотой шүүгч нарыг шалгаж байгаа асуудал бий. Гэхдээ сэжигтнээр тооцсон, тооцоогүй, гэрчээр шалгаж байгаа. Гэмт хэрэгт сэрдэх үндэслэл байвал сэжигтнээр тооцдог. Энэ бол гэм буруутай тооцох үндэслэл болохгүй. Тиймээс үүнээс өөр мэдээлэл өгөх боломж алга. Олон хүн шалгагдаж байгаа. Гадаад дотоодын хөрөнгө оруулалттай компаниуд холбогдсон.