Бүлгийн дарга нар &#34лидер&#34 болно

Хуучирсан мэдээ: 2014.01.10-нд нийтлэгдсэн

Бүлгийн дарга нар &#34лидер&#34 болно

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Завсарлахын өмнө уг хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 55.5 хувийн дэмжсэнээр “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Ингэхдээ төслийг бүх байнгын хороодоор хэлэлцэх үүргийг УИХ-ын даргын зүгээс өглөө. Төслийг боловсруулахад УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга нар лидер болж ажиллах ёстой гэж УИХ-ын дарга З.Энхболд онцолсон юм.

Улс орон бүр хөгжлийнхөө бодлогыг урт хугацаанд тууштай мөрддөг бодлоготой байдаг аж. Харин Монгол Улсад хөгжлийн тогтвортой бодлого байдаггүй, сонгууль бүрийн дараа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх бодлого өөрчлөгддөг. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Оюунхорол, Г.Уянга нарын өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан гол үзэл баримтлал нь “Сонгуульд аль ч улстөрийн хүчин ялснаас үл шалтгаалж, энэхүү бодлогод заасан урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үүргийг хүлээнэ” хэмээн заасан байна. Төслийг санаачилсан УИХ-ын гишүүн С.Бямбацогтын тайлбарласнаар эдийн засгийн өсөлт нь тогтмол дээшилсээр өндөр хөгжилтэй орнуудын жагсаалтад багтсан Япон, БНСУ, Хятад зэрэг орнууд хөгжлөө таван жилээр төлөвлөдөг бол Дани, Швед, Норвеги зэрэг орнуудад улстөрийн зөвшилцөл маш сайн хөгжсөн нь өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хөгжилтэй орнуудад мөн багтах болсон. Тэгэхээр парламентад суудалтай улстөрийн намууд зөвшилцаж чадвал бодлого нь тогтвортой хэрэгжээд явах боломжтой. Одоо манайд бодит байдал ямар байна вэ гэхээр олонхи нь хүч түрдэг, энэ нь эргээд цөөнх байхад бидний саналыг төрийн бодлогод тусгаагүй учраас зөвшилцөх шаардлагагүй гэх байр суурь голлодог, эцсийн дүндээ бодлого өөрчлөгдөхөөс аргагүй болдог тул урт хугацааны тууштай бодлого Монгол Улсад хэрэгтэй гэж үзэн, төслийг санаачилсан хэмээн онцолсон юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын дарга З.Энхболд “Хөгжлийн бодлогыг тодорхойлсон бодлого батлах нь цаг үеэ олсон зөв алхам. Гол нь тогтоол доторх санаагаа томруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Ухаалаг төрийг бий болгох” тухай бодлогыг хэрхэн тусгах вэ, УИХ-аас баталсан хууль, тогтоолын төслүүдтэйгээ хэрхэн уялдах вэ гэдгийг хэлэлцүүлгийн шатанд маш сайн уяж тодотгох шаардлагатай. Тийм учраас УИХ дахь намын бүлгүүдийн дарга нар нь лидер болоод ажиллах, үүний тулд том ажлын хэсэг байгуулаад явчих боломжтой” гэв.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Тогтвортой хөгжлийг хангаж ирсэн улс орнууд өндөр хөгжилд хүрснийг дэлхий дахин хүлээн зөвшөөрч байгаа. Бодлогын баримт бичгийг мэргэжлийн төвшинд боловсруулахын тулд, УИХ улсынхаа урт хугацааны хөгжлийг тодорхойлсон баримт бичгийг боловсруулж, баталж чаддаг юм аа гэдгийг батлан харуулсан, тал, талын оролцоог хангасан бодлогыг батлах нь маш зөв” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Хөгжлийн бодлогыг хамтарч гаргах нь нийцнэ. Тодотгол хийх санааг дэмжиж байна. УИХ үндсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг. Гол нь зарчмуудаа зөвшилцөх ёстой. Монгол Улсад өнөөдөр хагас коммунист, хагас социалист харилцаа үйлчлээд байна. Үүнээс болж эдийн засагт төрийн оролцоо нэмэгдэж, төр улам данхайж байна. Сурагчийн дүрэмт хувцсыг төрийн компани нь үйлдвэрлэдэг боллоо. Тэгэхээр зарчмаа маш зөв тодорхойлох ёстой. Энэ асуудалд төсөл санаачлагч хариулт өгөөч” гэсэн юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Зарчмуудаа тодорхойлох ёстой гэсэн саналыг хүлээн авч байна. Наад захын жишээ 2008-2012 онын хооронд Монгол Улсын иргэн бүрт Хүний хөгжил сангаас сар тутамд тогтмол 21 мянган төгрөг олгож ирсэн. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа 21 мянган төгрөгийг олгохгүй байхаар хуулийн төсөл УИХ-д орж ирж батлагдсан. Нэг хэсэгт нь тэр тусмаа халамж зайлшгүй шаардлагатай хэсэгт 21 мянган төгрөг дэмжлэг болж байсан, гэтэл нөгөө талд “Бэлэнчлэх сэтгэлгээг бий болгож байна” гэх шүүмжлэл өрнөсөн. Аль алиных нь байр суурь зөв сонсогддог. Дэлхийн улс орнуудын бодлогыг харахаар улстөрийн нь үзэл баримтлал төв рүү тэмүүлж байна, хэт их зүүн тийш савлахгүй бас хэт их барууны үзэл рүү туйлшрахгүй байх. Тийм учраас төв дээрээ аваачиж нэгдсэн бодлоготой болъё, ингэх юм бол Монгол төрийн бодлого тогтвортой болох юм байна. Нэг нь гарч ирээд өмнөхөө үгүйсгэхээр хурдтай хөгжиж чадахгүй юм байна гэдгийг бүнд хүлээн зөвшөөрч байгаа. Тухайлбал, БНХАУ 1952-1980 он хүртэл бодлогогүй явсан. Үүний дараагаар өөрийн гэсэн урт хугацааны бодлогоо тодорхойлоод хэрэгжүүлэхээр эдийн засгийн өсөлт нь өндөр гарч, хурдан хугацаанд хөгжсөн. Үүнийгээ бид ойлгож байгаа, энэ зарчмаа бариад хөгжлийн бодлогоо хурдан хугацаанд батлах ёстой гэж үзэж байна” хэмээлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “УИХ-аас бодлогын олон шийдвэр гаргадаг, хэрэгжилт нь ямар төвшинд байна вэ гэдгийг эргэж харж дүгнэдэг байх ёстой. Энэ тогтоолын төсөл цаг үеэ олсон санал санаачлага. Гэвч Засгийн газраас тогтоолын төсөлтэй холбогдуулан ирүүлсэн саналыг хараарай. Хоёрдугаар зүйлд УИХ Засгийн газарт чиглэл өгөөд байх шаардлагагүй шүү гэсэн өгүүлбэр бий. УИХ-д ямар реакци үзүүлж байгаа нь эндээс харагдана. Эдийн засгийн хөгжлийн яам бодлого боловсруулж байна гэсэн байгаа. Монгол төр нэгдмэл хэлбэрээр ажиллах ёстой, дэлхийн хөгжилтэй орнуудад байдаг, 5, 6 жилийн төлөвлөгөө, БНСУ зэрэг оронд хөгжлийн бодлого нь тодорхой байгаа. Тийм учраас тогтоолыг дэмжиж байна”.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Зайлшгүй цаг алдалгүй батлах ёстой, энэ УИХ-ын хийх ёстой ажлын нэг гэж бодож байна. Үндэсний зөвшилцлийн баримт бичиг байх ёстой гэж үзэж байна. Хөгжлийн зорилт гэдэг заавал ч үгүй тунхагийн шинж чанартай биш, аль ч улстөрийн хүчин Засгийн газарт гарсан, хөгжлийн тогтвортой бодлогоо мөрдөх нь маш зөв” гэлээ.

Тогтоолын төслөөр санал хураахад олонхи гишүүн дэмжсэн тул УИХ дахь намын бүлгүүдийн дарга нар УИХ-ын даргын хэлсэнчлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай тогтоолыг боловсруулахад лидер болж ажиллах үүрэг хүлээлээ.

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж