
ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков “Тийм алхам хийхгүй байхыг хүссэн манай уриалгыг АНУ, ЕХ-ны аль алин ч огт анхаарч үзээгүйд бид үнэхээрийн урам хугарч байна” гэж хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдсэн байна.
Ийнхүү оросын дипломатч Вашингтон, Брюсселийн энэхүү үйл ажиллагааг “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дээгүүр алхаж гарах” гэсэн хүсэлтэй байна гэж дүгнэлээ. Саяхан Орос, Хятадын оролцоотойгоор Иран улсын эсрэг хатуу хориг тогтоох тогтоол гаргасан юм.
Сергей Рябков “Нэг талын байр суурь баримталсан ийм шийдвэр гаргасан нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан тогтоолд тусгасан хориг арга хэмжээний хил хязгаараас халин гарч байгаа тул манай “зургаагийн группийн”/АНУ,Англи, Франц, ОХУ, БНХАУ болон ХБНГУ/ цаашдын хамтын ажиллагааны үндэс суурьт хор учруулж байна” гэж мэдэгдлээ.
Дэд сайд цааш нь барууны түнш орнуудын энэхүү үйл ажиллагаа нь ОХУ-ыг “зургаагийн группийн” хүрээнд цаашид “Нэн ялангуяа хэтийн хамтын ажиллагааны асуудлаар хэрхэн ажиллах талаар тодорхой дүгнэлт гаргахад хүргэлээ” гэж нэмж хэлэв.
Вашингтоны зүгээс Ираны эсрэг авах хориг арга хэмжээг өргөжүүлэх нэг талыг баримталсан шийдвэрээ гаргахын өмнө энэ улсын эрчим хүчний салбарыг оролцуулан орлогын эх үүсвэрийг нь хаах, улам салган тусгаарлаж, ганцаардуулах арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм.
АНУ өөрийн үйл ажиллагаагаа Европийн Холбоотой зохицуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээнээс хол давж гарсан залхаан цээрлүүлэх хориг арга хэмжээ авахаар болов.
Сергей Рябков яриа хэлцлээ үргэлжлүүлэх гэсэн Ираны эрх баригчдын байр суурийг сайшаагаад хориг арга хэмжээ нь Ираныг “боомилж” чадахгүй, түүний “улс төрийн дэглэмийг ч” өөрчлөхгүй харин ч түүний цөмийн хөтөлбөр, ураны баяжмал үйлдвэрлэхээс татгалзуулах гэсэн оролдлогын эсрэг Тегераныг улам дэвэргэх болно гэж онцлон хэлсэн юм.
Эх сурвалж: EFE
Бэлтгсэн Д.Пунцаг