Д.Оюунхорол: Зарчимгүй асуудлыг оруулж ирж байна

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

Д.Оюунхорол: Зарчимгүй асуудлыг оруулж ирж байна

УИХ-ын чуулганы
өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны
дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы
хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн
А.Бакей, С.Бямбацогт нар тус бүр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны
дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн
бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хороо төслүүд нь агуулгын хувьд ижил төстэй
учраас төсөл санаачлагчдын саналаар хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэхээр
шийдвэрлэсэн байна.

Тус хэлэлцүүлэг дээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Чуулганы
хуралдаанд арван хэдүүлээ суучихаад 60 гаран хувийн ирцтэйгээр санал өгч
хуулийг баталдаг. Гишүүд тэгш халтуурдаж байгаа юм. Үүнийг сайжруулая гэж
УИХ-ын нэр бүхий гишүүд хоёр янзын хуулийг өргөн барьсан байна. А.Бакей
гишүүний асуултанд хариулж байгааг сонсохоор хамгийн муу хувилбарыг нь сонгоод
энэ хуулиа батлая гээд яриад сууж байгаад харамсаж байна. Биеэрээ ирж
бүртгүүлэх нь хариуцлагын тогтолцооны нэг хэлбэр гэж үзэж байгаа юм байна.
Угаасаа УИХ-ын дэгийн тухай хуулинд УИХ-ын гишүүн өөрийн биеэр ирж санал хураалтанд
оролцохоор хуульчилсан. Өнөөдөр хэн нэгэн хүн кнопыг дарахгүй гээд хуульчилсан.
Амьдрал дээр энэ хууль чинь өөрөө хэрэгжихгүй байгаа учраас ирж суугаад кнопыг
өөрийнх нь хурууны хээгээр дарах нь зөв юм аа гэж С.Бямбацогт болон бусад гишүүдийн
өргөн барьсан хуулийг оруулж ирсэн. Яг энэ гол заалтыг нь авахгүй зөвхөн өглөө
ажилдаа ирсэн эсэхийг нь бүртгэхийн тулд Дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулая
гэсэн ийм зарчимгүй асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо оруулж ирж
байгаа нь өөрөө буруу байна. Ийм учраас та өөр хүний кноп дарах юм бол тодорхой
ямар хариуцлага тооцох вэ гэдгээ Дэгийн тухай хуулиндаа хуульчлаад өгчих юм бол
энэ хуулийн үр дүн нь тодорхой харагдана. Олон улс оронд янз бүрийн
тохиолдлуудыг хэрэглэдэг юм байна лээ. Жишээлбэл өөр кноп дарсан тухайн
гишүүнийг тэр өдрийн хуралдаанд үг хэлэх эрхийг нь бүхэлд нь хасах, эсвэл тэр
өдрийн хуралд суух эрхийг нь хасах зэрэг тодорхой хариуцлагуудыг хүлээлгэдэг юм
байна. Манай парламентад яг ямар арга хэлбэр тохирох вэ гэдгийг тогтмоор байгаа
юм. Та энэ талаар ямар туршлага, ямар асуудлыг судлаж үзсэн юм бэ, энэ асуудлыг
яаж оруулах боломж бололцоо байна вэ, яг ямар арга хэлбэр тохирно гэж Та өөрөө
үзэж байна вэ? Чанартай чанаргүй хууль гарч байгаа ч энэ асуудалтай холбоотой.
Та Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд зоригтой алхам хийх
шаардлагатай гэж бодож байна гэлээ.

Хэлэлцүүлгийн
явцад ТББХ-оос оруулж ирсэн саналуудыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнгүй.  Ингэснээр гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн
төслүүд анхны өргөн мэдүүлсэн хэвээрээ үлдэж байгаа бөгөөд эцсийн хэлэлцүүлэг
хийлгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж