Бүх хүнд харуулах юмсан

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Бүх хүнд харуулах юмсан

Д.Батбаатар: Энэ бүтээн байгуулалтыг Монголынхоо бүх хүнд харуулах юмсан

-Өмнөговь бол Засгийн газ­­­­рын Бүрэн эрхэт төлөөлөгч ажил­ладаг аймаг. Таны ажлын гол үүрэг нь юу вэ?    
– Засгийн газрын Бүрэн эрхэт төлөөлөгч бол орон нутгийн удирдлагын бие даасан бай­дал, өдөр тутмын үйл ажиллагаанд шууд хутгалдан оролцохгүй. Харин Өмнөговь аймагт ажиллаж байгаа нүүрсний уурхайнуудын үйл ажиллагааг жигдрүүлэх, төр засгийн зүгээс тэдэнд үзүүлэх дэмжлэгийг бодитой болгох. Ингэснээр нүүрсний экспортыг нэмэгдүүлэх гол үүрэгтэй. Үүний тулд  хилийн боомтуудын нэвтрүүлэх чадварыг нэмэг­дүүлэх, боомт хүртэлх  зам харилцааг сайжруулах,  хатуу хучилттай авто зам тавих, одоо байгаа замуудын арчлалт хамгаалалтыг сайжруулж хүрээлэн байгаа байгаль ор­чинд нөлөөлөх сөрөг нөлөөл­лийг багасгах зэрэг үндсэн зорилтуудыг шийднэ.
-Энэ бүх зорилтуудаасаа шийдэж эхэлж байна уу?
-Ажлаа аваад удаагүй ч, нэлээд зүйл амжууллаа.  Жишээ нь, Том Тавантолгойд “Эрдэнэс” MГЛ төрийн өмчит компанийн үйл ажиллагаа идэвхжлээ. Удахгүй хөрс хуулалтаа  эхэлнэ.  Өмнөговь аймагт өрнөж байгаа их бүтээн байгуулалтын хүрээнд Засгийн газраас зайлшгүй авах арга хэмжээний жагсаалтыг батлууллаа. Бидний түншүүд хилийн цаана 40-50 мянган хүнтэй том хот цогцлоосон байна. Гэтэл манайх урьдын адил, хяналтын чигтэй төрийн байгууллагуудын ажилтнуудын суурин  хэвээрээ явна. Иймд боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх эхлэлийг тавилаа. Зарим боомтыг олон улсын чанартай, 24 цагийн үйл ажиллагаатай болгоно.  Оюутолгойд шаард­лагатай тоног төхөөрөмж  ачаа барааны түрүүч орж ирж байна. Цаашид  улам  нэмэгдэнэ. Бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа ч өргөжлөө. Өмнө нь зөвхөн манай талаас экс­портын нүүрсний тээвэр гацдаг байсан бол одоо цаад талаасаа орж ирэх импортын тоног төхөөрөмжийн урсгал гацаж эхэлж байна.  Тэгэхээр  цаашид хилийн боомт дээр байгаа гацааг арилгахын тулд хил нэвтрүүлэх машиныхаа урсгал терминалыг 2-3 бол­гож нэмэгдүүлнэ.  Боомтыг өр­гө­жүүлж байгаа учраас тэнд ажиллах орон тоог сая Засгийн газрын тогтоолоор нэмэгдүүллээ. Боомтыг хөг­жүү­лэх үлгэрчилсэн төлөв­лөгөөг баталсан. Энэ дагуу хөгжүүлэх гэтэл улсын төсвийн хүрэлцээ муу байна. Иймд УИХ-ын түвшинд шийдсэн шийдвэрийн дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд боомтыг хөгжүүлэх концессийн зүйлсийн жаг­саалтыг  батлууллаа. Ингэс­нээр боомтыг  хөгжүүлэх, тээх нэвтрүүлэх чадварыг нэмэг­дүүлэх, боомт хүртэлх  зам ха­рил­цааг сайжруулах үүд хаалга эрхзүйн орчны хүрээнд нээгдэж байна.
– Хувийн хэвшлийнхнээ ашиглах боломж өмнө нь байгаагүй хэрэг үү?

-Хувийн хэвшлийнхэн маань бидэнд хөрөнгө мөнгө нь байна аа, бид хийе гэхээр  хууль эрхзүйн зохицуулалт нь байгаагүй.  Явж явж аймаг, орон нутгийн аманд л унадаг байв. Ер нь орон нутагт ажиллаж байгаа төрийн байгууллагуудын дарамт хүнд суртал тулгалт, нугалаа хуулийн гуйвуулалт их байгаа. Хэрвээ та нар манай нутгаас нүүрс зөөх гэж байгаа  бол сум, аймаг хөгжүүлэх санд тийм хандив өг, машин бүрээс, тонн тутмаас нь татвар гувчуур авна гэх зэргээр  нугалаа гаргадаг. Хууль ёсны ашиглалтын ли­цензтэй компани экспортын хэм­жээгээ нэмэгдүүлж үйл ажил­­лагаагаа өргөтгөх  гэхээр бас л орон нутгийг хөгжүүлэх санд мөнгө нэхдэг, өгөхгүй бол газраас чинь дуудлага худал­даагаар зарна гэхчилэн нугалаа гаргадаг.
Уг нь энэ бүхэн бол хуулиар бүрэн зохицуулагдсан харил­цаа. Харин хэрэг­жүүлэхдээ гуй­вуу­лах үзэгдэл түгээмэл байсан.
-Засгийн газрын Бүрэн эрхэт төлөөлөгч энэ нугалааг арилгана биз дээ?
-Ерөнхий сайдаас надад өгсөн гол үүргүүдийн нэг энэ л дээ. Хуулийн нугалаа гуй­вуулалт,  завхрал дунд аж ахуйн нэгжүүдийн үйл ажил­лагаа явж байна. Энэ бүх­нийг цэгцэл. Хуулийн хү­рээнд ажиллаж  буй аж ахуйн нэг­­­­жүүдийг дорвитойхон дэмж, нүүрсний экспортыг нэ­мэгдүүл. Хуулийн хүрээнд явж байгаа ажилд  саад болж буй босоо удирдлагатай төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хууль тогтоомжинд нийцүүл гэж үүрэг өгсөн. Энэ хүрээнд би ажлаа аваад орон нутгийн төрийн байгууллагууд, уурхайнуудын ажил байдалтай танилцлаа.  
-Ингэж танилцахад хам­гийн түрүүнд юу мэдрэгдэв. Дөнгөж ажлаа эхэлж байгаа хүний нүдээр харахад шүү дээ?
-Бахархмаар юм нь олон байна. Өмнөговьд их бүтээн байгуулалт өрнөж байна. 2004 онд би энэ аймагт байгаа уурхайнуудын үйл ажил­­лагааг төрийн нэрийн өмнөөс шалгаж явсан. Тэгэхэд өнөөдрийн зарим уурхай нь байгаагүй.  Гэтэл тэр үед оргүй хоосон байсан говьд манай хувийн хэвшлийнхэн маш сайхан бүтээн  байгуулалтыг эрчимтэй өрнүүлжээ.  Бусад аж ахуйн нэгжүүд ч бүтээн байгуулалт өрнүүлж байна. Энэ бүхний үр өгөөж нь аймаг орон нутагт,  ард иргэдэд шууд тусч байна. Жишээ нь нэг  өрхийн насанд хүрсэн хүмүүс бараг  бүгдээрээ, 2-3 нь  ажил төрөлтэй болсон байна. Өмнөговь аймагт  ажил олдохгүй биш, харин ч, цалингийнх нь хэмжээгээр байгаа ажлыг голох хандлага бий болжээ. Ажлын байр хангалттай байна гэдэг сайхан хэрэг. Цогтцэций сумаар жишээ­лэхэд л налайгаад ажилгүй, хий дэмий холхидог манай улсын аль ч суманд байдаг хэв шинж тэнд ор мөргүй алга болсон байна. Цогтцэцийнхэн, Ханбогдынхон ажлын төлөө гүйлдсэн, цаг наргүй ажилласан л хүмүүс явна. Үүрээ эвдүүлсэн шор­гоолж нэг бужигнадаг даа. Тэгвэл Өмнөговийнхон их бүтээн байгуулалтын төлөө яг л үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна.  Аж ахуйн нэгжүүдийн уурхай, хотхоноор явахад өдөр шөнөгүй нүүрс ачсан машин сүлжилдсэн, цахил­гаан гагнуурын оч үсэр­сэн их бүтээн байгуулалт өр­нөж байна.  Би энийг 1980-аад оны үед Улаанбаатарын III, IV хорооллыг барьж байгуулж байх үеийн  бүтээн байгуулалттай зүйрлэж хэлмээр байна.
-Уурхайнуудаар явж байхад хамгийн бодитой бүтээн байгуулалт өрнүүл­сэн, бүтээсэн, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулсан нь аль уурхай байна вэ?
-Би бүх аж ахуйн нэгжээр, уурхайгаар явлаа. Бусад аж ахуйн нэгжүүд маань гомдохгүй, бас хүлээн зөвшөөрөх байх аа. Үнэхээрийн үлгэр дуурай­лал  болох нь Ухаа худагийн уурхай байна. Тэнд ажилчдын нийгмийн асуудлыг маш сайн шийдсэн байна. “Энержи ресурс” компанийнхан ажилч­дынхаа амьдрах ая тухтай байдлыг бүрэн хангасан, орчин үеийн тохижолттой кемпийн байр барьсан байна. Тэнд эмнэлэг, интернэт гээд хэдийн төвөөс алслагдсан ч, цаг үеэ­сээ хоцрохгүйгээр ажиллаж амьдрах бүх нөхцөлийг хангаж чаджээ.  Архи дарс, ажил тас­­­лалт гээд хөдөлмөрийн хуваарьтай холбоотой сөрөг хандлагууд ч бүрэн арилсан байна.  Аймаг сумын  орон нут­гийн иргэдийг ажлын бай­раар  хангаж байна. Ая тух, бо­ломж, ирээдүйд тэмүүлсэн итгэл нь байгаа учраас Ухаа худагийн  уурхайн монгол залуус урам зоригтой ажиллаж  байна. Байгаль орчинд онцгой анхаарч мод үржүүл­гийн тал­бай байгуулжээ. Сүүлийн үеийн дэлхийд ховорхон техник технологиудыг оруулж ирээд түүнийг нь монгол залуус эзэмшиж байгаа нь үнэхээр бахархмаар.
-“Энержи ресурс”- ийнхэн зөвхөн уурхайгаа тойруулж тохижуулаад байхаас гадна аймаг орон нутгийн төсөвт, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж байгаа юм байна уу?
-Байлгүй яах вэ. Би тус ком­панийн улс, аймаг, орон нутгийн төсөвт төлсөн татварыг гол болгомооргүй байна. Их мөнгө төвлөрүүлсэн нь тодорхой. Хамгийн гол нь очоод харахад аймаг орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмэр нь бодитой бүтээн байгуулалт бол­чихсон, нүдэнд ил харагдаж  байна. Нисэх онгоцны буудал барьсан байна. Монгол залуус дэлхийн түвшний ховор техник технологийг эзэмшиж байна.  Цогтцэций суманд 120 айлын орон сууц барих гэж байна.  Цахил­гаан станц барьж байна. Энэ станцыг дагаад Цогт­­цэцийнхэн байнгын гэ­рэл­­­тэй болно. Удахгүй хатуу хучилттай замаа өнөө мар­гаашгүй эхлүүлэх гэж байна. Ирэх арваннэгдүгээр сард ашиг­лалтад оруулна гэсэн ирмүүн хүсэлтэй ажиллаж байна.  Энэ мэтээр аймаг орон нутгийнхан Ухаа худагийн бүтээн байгуулалтын  үр дүнг нь шууд хүртэж байна. Энэ бол төсөвт оруулсан мөнгөнөөсөө хэд дахин илүүтэйгээр амьд­ралд мэдрэгдсэн  бодитой дэмжлэг юм. Хэрвээ болдогсон бол манай монголчууд бүгдээ­рээ очоод харах юм  бол Монголын компаниуд, монгол залуусын ур ухаанаар тэр элсэн цөлд ямар бүтээн бай­гуу­лалт босгосныг хараад үнэ­­хээр бахархана. Энэнд би эргэлзэхгүй байна.  Би нэг жишээ хэлье. Бид аймгийн төвд, Дэмүүл арслангийн хөшөөний дэргэд ярилцаад зогсч байлаа. Гэтэл дөрөв тавдугаар анги л болов уу гэмээр хэдэн хүүхэд, “манай аймаг бусад аймгаас илүү хөгжиж байгаа. Бүр илүү хөгжинө өө “гээд чанга яриад өнгөрч  байгаа юм.  Энэ юу гэж байна гэхээр тэнд ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн бүтээн байгуулалтын үр дүнг жаахан хүүхдүүд хүртэл мэдэрчихсэн байна гэсэн үг.  
-Таны ажигласнаар Ухаа худаг уурхайд төрийн ямар дэмжлэг нэн тэргүүнд хэрэгтэй байх шиг байна вэ. Эсвэл огт алга уу?
-Байна аа. Ухаа худаг дээр тээвэрлэлттэй холбоотой зүйл байна. “Энержи ресурс”-ийнхэн хэдийгээр автозамаа барьж байгаа ч, төмөр замын бүтээн байгуулалтаа эхлүүлэхийг хүлээж байна. Гэтэл УИХ-аар төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого гараагүй байдаг. Энэ нь төр засаг маань аж ахуйн нэгжүүдийнхээ хурдыг гүйцэхгүй байнаа л гэсэн үг. Шийдвэр гаргах, бодлогоо тодорхойлох  хурд нь удаан байна. Энэ нь эргээд  экспортыг нэмэгдүүл гэж өгсөн үүргийг биелүүлэхэд төр өөрөө саад болж байна.  
-Зөвхөн Ухаа худаг гэл­гүй­гээр бусад аж ахуйн нэг­жүүдэд ч гэсэн төрийн дэмж­лэг хэрэгтэй байгаа биз дээ?
-Хэрвээ хуулийг хэрэг­жүүлэхдээ гаргадаг гажуудал, нугалааг бүрэн арилгачихвал дэмж­лэг гэхээсээ төрийн бай­гууллагуудын ажлын уял­даа холбоо, уян хатан чанар  их хэрэгтэй байна. Жишээ нь, хянал­тын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зүйл байна. Ирж үзэж шалгаж болно оо, ажил нь юм чинь. Гэхдээ  үйл ажиллагааг нь зогсоох, хаах, тээврийг нь зогсоох гэх мэтээр дандаа эцсийн арга хэмжээ авах байдлаар ажиллаж байгаа нь буруу юм.  Уул уурхай бол асар их хөрөнгө оруулалт шаарддаг, басхүү эрсдэлтэй салбар. Тийм учраас хянаж шалгаад зөрчил байвал анхааруулдаг, зөрчлөө арилгах хугацаа өгдөг, торгодог, торгуулиа багаас нь ихэсгэж тавих гэх мэтээр боломж олгож хандвал хэн хэндээ үр дүнтэй. Түүнээс бус, шууд л хаана, зогсооно гэж хандвал эцсийн дүндээ хэн ч хожихгүй. Энэ аргаа манай төрийн байгууллагууд өөрчлөх байх аа. Гэхдээ  аж ахуйн нэгжүүдийн  үйл ажиллагаа зуун хувь зөрчилгүй байна гэвэл бас худлаа шүү. Зөрчил, дутагдал байна. Тэрийг нь илрүүлж хууль ёсны шаардлага тавьсны төлөө сүрдүүлдэг, энд тэндээс өндөр албан тушаалтнаар утасдуулж шахалт үзүүлэх зэр­гээр орон нутагт төрийн ажлыг залгуулж яваа жирийн албан хаагчдыг дарамтлах  тохиол­дол ч  байна.   Жишээ нь сая Таван­­толгойн наймдугаар амыг хаасан. Яасан гэсэн, ямар ч зөвшөөрөлгүй, бичиг баримт­гүй гаднын компани дураараа орж ирээд нүүрс олборлож байсан.  Нэг хэсэг нь үүрэг хүлээгээд хууль номын дагуу ажиллаж байхад нөгөө хэсэг нь улсад, орон нутагт ямар ч хувь нэмэр оруулахгүй тэгээд зөв­шөөрөлгүйгээр манай баял­гийн олборлож болохгүй шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж