Монгол төрийн бодлоготой зөрчилдөв

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Монгол төрийн бодлоготой зөрчилдөв

Монголын Засгийн газраас Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний
төслийг боловсруулахтай зэрэгцээд төмөр замын асуудлыг яаравчлан
шийдвэрлэх үүрэг төрд ноогдож буй. Өмнийн говийн дэд бүтэц нь зөвхөн
Тавантолгой бус байгалийн баялгийн бусад эх үүсвэрийг дэлхийд экспортлох
түлхэц хүч нь байх ёстой гэдгийг төр хамгийн сайн бодолцох ёстой аж.

Иймээс ч Дэлхийн банкны уул уурхайн ахлах мэргэжилтэн Грэм Хэнкок болон
дэд бүтцийн мэргэжилтэн Жэймс Ричэрд нар "Уул уурхай ба дэд бүтэц"
сэдэвт уулзалтын үеэр Монголын төмөр замын шинэчлэлийн асуудлыг хөндсөн
юм. Тэд уулзалтын эхэнд УИХ-аар Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг
хэлэлцэж эхлэхтэй давхцаад өөрсдийн зүгээс санал, зөвлөгөөгөө төрд өгч
буй гэдгээ мэдээлсэн.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Монголын Засгийн газар 2007 оны есдүгээр сард
Дэлхийн банкны мэргэжилтнүүдийг урьж, уул уурхайн гол объектууд дээр
судалгаа хийлгэж, саналыг нь сонссоноос үүдэлтэй аж. Тухайлбал тэр үеэс
Дэлхийн банк Тавантолгойн орд газартай холбоотой дэд бүтцийн асуудлыг
хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуултад хэд хэдэн хувилбарын гарц, боломж
бололцоо санал болгож ирсэн гэнэ. Үүнд зөвхөн шинэ төмөр замыг хаагуур
байгуулах вэ гэдэгт л 8-10 хувилбар боловсруулсан гэж байгаа.

Мөн эрчим хүчний хангамж, усны эх үүсвэр, ажилчдын нийгмийн халамж гээд
Тавантолгойн ашиглалттай холбоотой гарч ирэх олон асуудалд оновчтой
хувилбар сонгоход нь өөрсдийн санаа бодлыг илэрхийлж буй гэдгээ ч
Дэлхийн банкныхан нуусангүй. Харин тэдний хувьд Монголын төрд зөвлөгөө
өгч, ажил хэрэг болгох гарц олоход нь тусалж ирсэн гэх энэ хугацаанд
нэгэн бэрхшээл бий болсон бололтой.

Тэр нь Монголын Засгийн газар бизнес эрхэлж, ашиг олох гээд байна уу,
цэвэр нийгмийн халамж руу чиглэсэн үйл ажиллагааг чухалчилж үзэж байна
уу гэдэг эргэлзээ. Бодит амьдрал дээр буюу зах зээлийн эдийн засагтай
улс орны хувьд Засгийн газар нь хувийн хэвшил болоод хөрөнгө оруулагчдад
боломж олгох замаар тэдний үйл ажиллагаанаасаа олсон орлогоос татвар
хуримтлуулж, түүгээрээ нийгэмд хөрөнгө оруулалт хийх ёстой гэдэг зарчмыг
мөрдөх ёстой гэнэ. Түүнчлэн ашигт малтмалын ордоос хувь эзэмшиж байгаа
тохиолдолд цэвэр эдийн засгийн ашиг сонирхлыг цаг ямагт эн тэргүүнд
баримтлах ёстой гэдгийг ч Дэлхийн банкныхан зөвлөсөн.

Анх дурьдаад өнгөрсөн төмөр замын тухайд Дэлхийн банкны мэргэжилтнүүд
шууд л Тавантолгойн ордоос Гашуун сухайт руу чиглэлтэй 260 км-ын урт
нарийн төмөр зам тавих хэрэгтэй хэмээн мэдэгдсэн. Энэ төмөр замыг
чиглэлийг нь өөрчилж Сайншанд руу чиглүүлсэн тохиолдолд урт нь 470 км
болж нэмэгдэнэ. Нэг ёсны Гашуун сухайт руу нарийн төмөр зам барих нь
санхүү болоод цаг хугацааны хувьд асар их хэмнэлттэй гэдгийг тоон
үзүүлэлттэйгээр нь дэлгэсэн юм.

Үүнийгээ дэлхийн түүхий эдийн эрэлт Хятадад төвлөрч байгаа энэ үед хажуу
дахь том зах зээлээ ашиглаж, гарц нээхийн тулд нарийн царигийг сонгох
нь зөв хэмээн тайлбарласан. Мөн царигийг нь ч Хятадын төмөр замын адил
нарийн байлгах хэрэгтэй гээд энэ төмөр замыг байгуулах нь өргөн төмөр
зам байгуулахаас 10-15 хувиар хямд бүтнэ гэдэг тооцоог мэдээлнэ билээ.
Түүнчлэн Гашуун сухайтын чиглэлд нарийн царигтай төмөр зам байгууллаа
гэхэд жилд 20 сая тонн нүүрс тээвэрлэж, 1.464 сая ам.долларын ашиг олох
боломжтой гэнэ.

Иймээс ч энэ нь хамгийн ашигтай хувилбар гэдгийг тэд Монголын төрд
хандаж зөвлөв. Хэрэв Транс Сибирийн төмөр замыг ашиглаж тээвэрлэлт
хийлээ гэж тооцоолоход өргөн царигаас үүдээд 20-30 сая тонн нүүрс зөөх
ямар ч боломжгүй болох гэнэ. Түүнээс гадна Сибирийн төмөр зам нь хэт
удаж, хүчин чадал нь буурсан тул жилдээ таван сая тонноос илүүг
тээвэрлэх боломжгүй гэдгийг ч сануулсан. Эдгээр тайлбараас харахад
зөвлөхүүдийн үгийг төр анхаарахад буруудахгүй болов уу.

Ядаж ОХУ худалдааны тарифтаа хөнгөлөлт үзүүлэх саналаа хэрэгжүүлсэн ч
Сибирийн төмөр замынхаа стандартыг сайжруулахаас нааш эдийн засгийн сул
алдагдлыг хязгаарлах хүч манай талд байхгүй болох магадлалтай аж. Тэгвэл
өргөн, нарийн царигтай Төмөр замыг өөр өөрийн хувилбараар нь хоёр тийш
нь барьчихъя гэх саналын тухайд "хөнжлийнхөө хэрээр хөлөө жий" гэдгийн
үлгэр болно гэдгийг ч Дэлхийн банкныхан сануулахаа мартсангүй.

Одоохондоо манайд санхүүгийн боломж бололцоо муу байгаагаас үүдээд
үүнийг ойрын хугацаанд гэхээс урт хугацааны зорилт болгон тавих нь илүү
оновчтой бололтой. Нэг ёсны эхний удаад хямд өртөгтэй төмөр зам барьж,
түүнийхээ тээвэрлэлтээс ашиг олж, тэрхүү орлогоороо дараа дараагийн
асуудлыг шийдвэрлэх санхүүжилт болгох нь хамгийн оновчтой гэнэ. Үүний
нэгэн адилаар Сайншандад байгуулах аж үйлдвэрийн парк ч хөрөнгө мөнгөгүй
Монголын төрд олигтой сайн санаачилга биш аж.

Түүнчлэн Тавантолгойн ордын ашгийг хувьцаа хэлбэрээр иргэдэд эзэмшүүлж,
цаашлаад "Эрдэнэс МГЛ" хэмээх төрийн өмчит компанийн хувьцааг. олон
улсын болон дотоодын хөрөнгийн биржээр арилжаална гэсэн Засгийн газрын
саналын тухайд ч тэд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Ингэхдээ олон
улсад хувьцаагаа борлуулъя гэвэл тухайн хөрөнгийн биржийн хүрээнд
үнэлгээ тогтоодог мэргэжилтнээр компанийн үнэлгээг хийх ёстой. Гэтэл
одоогоор "Эрдэнэс МГЛ"-ийн хөрөнгийг ингэж тооцож, баталгаажуулсан
үнэлгээ байхгүй учраас яаран ийм амлалт өгөх хэрэггүй гэнэ.

Ямартай ч "том" мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хувьцааг дотоод, гадаадын
бирж дээр зэрэг борлуулах нь хамгийн шударга худалдаа болж, аль алинаас
нь уялдсан үнэ гарч ирэх боломжтой аж. Энэ үеэр Оюутолгойн гэрээ
батлагдахад Дэлхийн банк ямар оролцоотой байсныг мэргэжилтнүүдээс
асуувал, тэд олигтой хариулт өгсөнгүй. Тухайн үед шууд нөлөөлөөгүй,
Сангийн яамны хүсэлтийн дагуу олон улсын жишгийг танилцуулж, яамныхаа
нүдийг нээснээс өөр оролцоо байгаагүй гэнэ.

Гэхдээ уул уурхайн ахлах мэргэжилтэн Г.Хэнкокийн үзэж буйгаар Оюутолгой
гэрээ сайн болжээ. Хөрөнгө оруулалтын гэрээний гол шалгуур нь тухайн
оронд, компанид татварын өмнөх ашиг нь хэр үлдэцтэй байгаа вэ гэдэгт
байдагаж. Монголын Засгийн газар Оюутолгой төслийн 36 хувийг
эзэмшсэнийхээ хүчинд татварын өмнөх ашгаас 59 хувийг хүртэхээр болсон.
Гэтэл олон улсын ихэнх гэрээнд дунджаар энэ ашиг 55 хувиас хэтэрдэггүй
аж. Иймэрхүү нарийн тоо баримтыг Сангийн яамны өгсөн мэдээлэлд үндэслэн
"Голдман Сакс"-аас боловсруулж, Дэлхийн банкны зөвлөхүүдэд өгчээ.

Дэлхийн банкнаас сүүлийн үед гишүүн орнууддаа нийгмийн халамжийн
үйлчилгээнд зарцуулах төсвөө хязгаарлахыг үргэлж сануулдаг болсон. Энэ
бодлогын хүрээнд баялгийн тэгш хуваарилалт болгож 70 мянган төгрөг
тараасныг төлөөлөгчид дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Өмнө нь тарааж
байсан хүүхдийн болон залуу гэр бүлийг дэмжих зорилгын дор сонгуулийн
амлалтаа биелүүлсэн мөрийн хөтөлбөрийн төлөөсөнд Дэлхийн банкны
судалгаагаар манай оронд инфляци 38 хувьд хүртлээ өссөн нь тогтоогдсон
байна.

Одоо ч гэсэн оны эцэс гэхэд нэлээд "холын" тоонд хүрэх эгзэгтэй үе
тохиож буйг тэд анхааруулсаар байгаа. Бэлэн мөнгө хавтгайруулан тараахын
оронд нийгмийн эмзэг, ядуу хэсэг рүү чиглэсэн бодлого явуулж, байгалийн
баялгаас олсон ашгаараа дэд бүтэцдээ хөрөнгө оруулах нь инфляци
хөөрөгдөхгүйгээс гадна дан ганц салбарын хөгжил гээч юмыг арилгах сайн
талтай болохыг мэргэжилтнүүд онцоллоо.

Дэлхийн банкныхан ийн байр сууриа илэрхийлж, санал зөвлөгөөгөө өгөв.
Тэдний олонхийн санаа Монгол төрийн бодлоготой зөрчилдөж буй гэдгийг
дээрх мэдээлэл танд нотлох нь тодорхой. Харин аль нь зөв, аль нь буруу
болохыг өөр өөрийн бодлоор дүгнэх хэрэгтэй биз ээ. Миний хувьд лав
хэлэлцүүлгийн төгсгөлд "Дэлхийн банкинд Монголын төр таалагдахгүй байна
уу даа" гэсэн бодол төрсөн шүү.

Т.Элиса

Эх сурвалж Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж