
Ажилласан жил, даатгалын шимтгэлээ нөхөн төлөх, тэтгэврээ шинэчлэн тогтоолгох иргэдийн материалыг 2012 оны арваннэгдүгээр сараас 2013 оны наймдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авсан юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн тогтолцоонд шилжсэн тэрхүү 1990-2000 оны үед аж ахуйн нэгж, байгууллагууд ихээр дампуурах болж, наймаанд явсан хүмүүс цөөнгүй бий. Тиймээс уг хуулийг хүмүүс баяртайгаар хүлээн авч, маш ихээр хандан заасан хугацааг сунгах хүсэлтийг гаргажээ. Уг хүсэлтийн дагуу материал авах хүсэлтийг хоёр сараар сунгасан юм. Тэтгэврийн нэмэгдлийг олгох үйл явц хоёр төрөл ажээ. Тодруулбал, наймдугаар сарын 1-нд хугацаандаа бүртгүүлсэн иргэд энэ оноос нэмэгдлээ тооцуулан авах бол сунгасан хугацаанд бүртгүүлсэн иргэд 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс авах юм байна. Учир нь сүүлд нэмж бүртгүүлсэн иргэдийн санхүүжилтийг 2014 оны төсөвт тусгаагүй тул ирэх оны төсөвт тусгасны дараа олгох ажээ.