Сочитой хиллэдэг хязгаараас таван цогцос олжээ

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

Сочитой хиллэдэг хязгаараас таван цогцос олжээ

ОХУ-ын терроризмтай тэмцэх албаныхан өнөөдөр /I.9/ өвлийн Олимпийн наадам зохиогдох Сочи хотын эргэн тойронд тусгай ажиллагаа явуулжээ. Оросын Холбооны мөрдөх товчооны терроризмын эсрэг ажиллагааны үеэр Хойд Кавказын Ставрополийн хязгаараас таван хүний цогцос олдсон байна. Мөрдөн шалгах албаныхны мэдээлснээр цогцоснуудыг Ставрополийн хязгаарын хоёр дүүрэгт орхисон дөрвөн автомашинаас олсон аж. Хохирогчдыг буудаж хөнөөсөн байсан  хэмээн “Interfax” сайтад мэдээлжээ. Цагдаа нарын зүгээс хохирогчдын хоёр нь орон нутгийн таксины жолооч болохыг олж тодруулсан бөгөөд энэ хэргийг цаашид мөрдөн шалгаж эхэлсэн гэнэ.

Ставрополийн хязгаар нь сар хүрэхгүй хугацааны дараа эхлэх 2014 оны өвлийн Олимпийг зохион байгуулагч Сочи хот багтах Краснодарын хязгаартай хиллэдэг билээ.

ОХУ-ын эрх баригчид өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр Волгоград хотын галт тэрэгний буудал, тролейбусанд амиа золиослогчдын халдлага гарснаас үүдэн өвлийн Олимпийн үеэр исламын салан тусгаарлагчид халдлага зохион байгуулахаас ихээр сэрэмжлэх болсон аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж