Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдан Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Авлигатай тэмцэх байгууллагын ажилтнуудын дийлэнх олонхыг цагдаа, тагнуул зэрэг цэрэгжсэн байгууллагаас сонгон авч ажиллуулж байгаа бөгөөд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнууд хүнд нөхцөлд ажилладаг учир тэдний өндөр насны тэтгэвэрт гарах насны хязгаарыг бусад байгууллагын төрийн тусгай албан хаагчдын нэгэн адил буюу Авлигатай тэмцэх байгууллагад хууль сахиулах чиг үүрэгтэй ажилласан хугацааг цэргийн алба хаасан хугацаатай дүйцүүлэн тооцож байхаар, авлигатай тэмцэх байгууллагын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнууд тусгай ажиллагаанд оролцохдоо байгууллагын бэлгэ тэмдэг бүхий зориулалтын хувцас хэрэглэдэг байхаар Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгажээ.

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн шалгах албаны хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа авлига, албан тушаалын гэмт хэргийг Авлигатай тэмцэх байгууллагын харьяалалд, ахуйн чанартай гэмт хэргийг Мөрдөх албаны харъяалалд тус тус шилжүүлэх бодлого боловсруулж байгаатай холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулсан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд гишүүдийн олонхын саналаар төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.

Мөн хуралдаанаар Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж