Тогтоолын төслийн хүрээнд хэд хэдэн тодорхой заалт багтсаны дотор Ерөнхий сайдын дэргэд Монгол судлалын үндэсний зөвлөл байгуулахаар боллоо. Монгол судлалд зарцуулах хөрөнгө хомс, тодорхой бодлого байхгүйгээс Монголын түүхийг янз бүрээр гуйвуулах сөрөг байдал гарч байгаа аж. Түүнчлэн Монгол судлалыг дэмжих сан, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй, эзэнгүй явж ирснийг энэ салбарынхан хэлж байна.
Монгол судлалыг дэмжих санд 2012 онд 300 сая, 2013 онд 45 сая төгрөгийг сайдын багцаас зарцуулсан бол энэ жил 800 сая төгрөг зарцуулахаар болсон байна. Үүнээс 250 саяыг нь гадаадад байгаа монгол судлалын төв, эрдэмтэн судлаачдыг дэмжин ажиллахад зарцуулах аж. Монгол судлалыг дэмжих сан 2013 онд зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Үүнээс нэг гишүүн нь Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлд нарийн бичгийн даргаар ажиллах бөгөөд зөвлөл нийтдээ есөн хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтоолын төсөлд тусгажээ. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт бүрэн тусгах санал оруулсныг гишүүд дэмжлээ. Ингэснээр гадаадад байгаа монгол судлалын төвөө дэмжихэд чухал ач холбогдолтой гэж үзсэн юм.
Тогтоолын төслийг гишүүдийн олонхийн саналаар дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлгийг байнгын хороонд шилжүүлсэн юм. Ингэснээр өнөөдрийн чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.