Хуулийн төсөлд хотыг хөгжүүлэхтэй холбоотойгоор ашиглалтын шаардлага хангахгүй обьектыг дахин буулгаж, шинээр байгуулах, нийтийн эзэмшлийн газрыг өөрчлөн байгуулах, гэр хорооллыг барилгажуулах бол тухайн газрын оршин суугчдынх нь 75 хувиас дээшхи хүлээн зөвшөөрсөн нөхцөлд төсөл хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжүүлэх бол тухайн нутаг дэвсгэрийг барилгажуулах компани, иргэн, нийслэл гурвалсан гэрээ байгуулна. Хэрвээ иргэд газраа чөлөөлсөн нөхцөлд орон сууц авахгүй газар авна гэвэл түүнийх нь дагуу шийднэ. Оршин суугч газраа байр болгох, эс бөгөөс нөхөн төлбөр авах, газрыг газраар нь солих зэрэг ямар ч талын хүсэлт гаргана, түүнийх нь дагуу төсөл хэрэгжүүлэх нэгж өрх бүртэй гэрээ байгуулж, ажиллах зарчим хадгалагдаж байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт: -УИХ-аас 2010 онд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг баталж, Улаанбаатар хот төдийгүй 21 аймаг, цаашлаад 330 сумаа шинэчлэх, хөгжүүлэх асуудлыг цогцоор тусгаж байсан. Гэтэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд аймгуудаа, нийслэлээ хөгжүүлэх асуудал оочин, цоочин байна. С.Баярцогт гишүүн “Зөвхөн Улаанбаатар хотыг нэн тэргүүнд хөгжүүлье” гэж санал тавьж байна. Хэрвээ ийм байдлаар асуудалд хандвал бүх аймгийн иргэд Улаанбаатар хотод ирж амьдрахыг бодно.
Засгийн газар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт туссан зорилтуудаа хэрэгжүүлэхэд анхаараач ээ. Аймгуудыг хотын зэрэглэлтэй болгох тухай асуудал хөндөгдөж байна. Гэхдээ нэгэн зэрэг 21 аймгийг хот болгож чадахгүй энэ бол эрх баригчдын хувьд популизм. Үүний оронд бүс нутгаа нь хөгжүүлэх, өмнөд бүс, баруун бүс, зүүн бүс, хангайн бүс болгон хувааж таталцлын төв бий болгох замаар хөгжилд анхаарвал Улаанбаатар хотод бий болж байгаа хүндрэл зэрэгцээд алга болно. Зэрэгцүүлээд бүс нутгаа хөгжүүлэх бодлогоо хараач ээ, зэрэгцүүлж явуулах боломжоо ашиглаач ээ.
Хотын дарга Э.Бат-Үүл 2012 оны намар “Дөрвөн жилийн дотор гэр хорооллыг эсгий гэрнээс салгана, 160 мянган хаус хороолол байгуулна” гэсэн. Зорьж ажиллах ёстой. Улаанбаатар хотод агааарын бохирдол хэрээс хэтэрсэн. “Шинэ бүтээн байгуулалтад” хөөтлбөрт зааснаар 2013 онд утааг 30 хувь, 2016 онд 50 хувиар бууруулах зорилт тавьсан. Үүний төлөө зорих ёстой. Гол нь нэг асуудлыг шийдэхийн тулд нөгөөг нь унагаадаг хоорондоо авцалдаагүй байдлаар шийдэж болохгүй. 21 аймгийг хот болгоно гэдэг амархан асуудал биш.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Ийм хуулийг батлах шаардлагатай гэдгийг ойлгож байна. Энэ хуулийг уншихаар сум гэдэг статусаараа байна уу, 21 аймгийг хот болгохтой холбоотой асуудалтай уялдаж байна уу гэдэг ойлгомжгүй байна.
Хоорондоо их зөрчилтэй. Нийслэл бол төсөлд ач холбогдол өгөөгүй байна уу гэж бодол төрүүлэхээр харагдлаа.
Цаг нь тулсан, асуудал нь хоолойд тулсан учраас оруулаад үзье гэж шийдээ юу гэмээр харагдаж байна. Өмчлөлийн асуудлыг ийм байдлаар шийдэж болохгүй.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: -Газрын тухай, хотын тухай бодсоноос хүнээ бодсонгүй. Хуулийн гол үзэл санаа нь нийслэлийг тогтвортой хөгжлийн замд эргэлт буцалтгүй оруулахад зорьсон байх ёстой. Бусад улсын хотын хөгжлийг харахад тогтвортой хөгжсөн хотын тухай ярьж байна. Ингэхдээ нэгдүгээр хууль нь эдийн засгийн, хоёр дахь нь нийгмийн тухай, гурав дахь нь байгалийн тухай хуулиудын хүрээн зохицуулагдаж байна. Тэгэхээр Хотын эрх зүйн байдлын тухай хуульдаа иргэдийнхээ өмнө хүлээх үүргийг оруулж ирэхгүй бол Улаанбатаар хот яг ямар үүрэг хүлээдэг юм бэ гэдэг зохицуулалтыг төслөөс олохгүй байна. Энэ зүйлүүдээ засаад төслийн нэрийг Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн тухай гэж нэрлээд, барилга барих тухай биш, хүний газрыг хүчээр авчихаад оронд нь мөнгө өгөх тухай биш хүнээ бодсон төсөл болгон дахин өргөн мэдүүлэх ёстой.
Ийнхүү гишүүд энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан байр суурь илэрхийлсэн юм. Одоо чуулганаар Монгол Улсын төсвийн тухай хууль болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэхээр хэлэлцэж байна.