
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангараг өргөөд таван зарчмыг юун түрүүнд хэрэгжүүлэхээ иргэддээ андгайлсан юм. Ард түмэнтэйгээ амь нэгтэй Ерөнхийлөгч байна. Шударга ёсыг хэрэгжүүлэн тогтоогч Ерөнхийлөгч болно. Байгаль орчинд ээлтэй бодлого явуулна, Орон нутгийн хөгжлийг дэмжинэ. Монгол орноо даян дэлхийтэй холбоно гэсэн амлалтуудыг тэрбээр сонгогчдодоо өгсөн. Тэдгээр дээр тулгуурласан мөрийн хөтөлбөр ч гаргасан. Өнгөрсөн нэг жилд Ерөнхийлөгч аль алийнх нь буурийг засч шавыг тавьжээ.
Нийгэмд шударга ёс тогтоохын тулд тоталитар тогтолцооны үеийн үнэр арилалгүй өнөөг хүрсэн хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд салхи оруулахаар зориглон хөдөлж, эхний шанг нь татаад байна. Монгол Улсын ерөнхий прокурорыг солив. Хүнийг нь сэлгэхдээ гол биш, ямар боловч хууль, шүүхийн байгууллагад тавих хяналтыг сайжруулах, шударга бус үйлдлүүдийг таслан зогсоохоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Д.Дорлигжавыг улсын ерөнхий прокурор болгоод сар гаруй болж байна. Авлигатай тэмцэх нэртэй ч дорвитой ажил хийгээгүй тэр нэг газрын удирдлагад ажлаа хийхийг шаардаад удаж байгаа. Ямар боловч дэргэд нь иргэдийн хяналт тавих зөвлөл байгуулсан нь эхний алхам болсон. Өршөөлийн хууль батлуулж 2000 шахам иргэнийг наранд гаргав. Төрийн хайр даагаагүй цөөн хэдээс бусад нь нийгэм дундаа нэгэнт төлөвшжээ. Харамсалтай нь өршөөлийг гардан хэрэгжүүлэх явцдаа дунд, анхан шатныхан болж бүтэхгүй зарим нөхдөд ивээл үзүүлснээс хүний амь бусниулсан гээд элдэв хэрэг гарах шалтгаан үүссэн нь цаашдаа анхаарууштай сургамж, завхрал болж үлдлээ.
Ерөнхийлөгчийн гаргасан нэг содон шийдэл нь цаазаар авах ялаас Монгол Улс түдгэлзэх тухай шийдвэр байв. Түүнийг гадаадын олон орон талархан хүлээж авч, Далай лам ч айлтгал илгээлтээ ирүүлжээ. Гэмтний толгойг илнэ гэсэн үг биш, бүх насаар нь нийгмээс тусгаарлахаа тэр үеэр Ерөнхийлөгч илэрхийлсэн юм. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачлаад байгаа нь хууль, шүүхийн шинэтгэлд нөлөөлөх алхам болж байна.
Ардчилсан Ерөнхийлөгчтэй болсны буянаар жирийн иргэд анх удаа Төрийн ордонд орж үгээ хэлдэг Иргэний танхимтай болов. Энгийн хүний санал хэзээ ч хуульд тусч байгаагүйг залруулж, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслөөр иргэд чөлөөтэй санаа бодлоо илэрхийлдэг болсон нь ард түмэнтэйгээ амь нэгтэй Ерөнхийлөгч байх амлалтын нэг хэсэг байв. Одоо оюутнуудад тэтгэлэг олгох ажлыг эхлүүлэхээр дүрэм журамтай нь “ноцолдож” буй.
Орон нутагт төсөв, хөрөнгө дутахын зовлон их бий. Олсон хэдэн татварын мөнгийг нь улсын нэгдсэн төсөвт хуу хамж, цэцэрлэг, сургуулийнхаа дээврийн цоорхойг нөхөх мөнгийг сонгосон УИХ-ын гишүүдээсээ царайчилж, нөгөөдүүл нь өглөгийн эзний дүр эсгэж өөрийн нэрээр хэдэн төгрөг сарвайдгийг болиулахаар Ерөнхийлөгч Төсвийн шинэтгэлийн хуулийн төслийг боловсруулж удахгүй УИХ-д өргөн мэдүүлэх гэж байна. Өөрсдийнх нь татварын мөнгийг сонгогчдодоо эргүүлээд халааснаасаа өгч буй мэт сурталчлан илгээдэг эрхэм гишүүдийн тойргийн гэх 76 тэрбум төгрөгт харин өнгөрсөн өвөл хориг тавиад бараагүй.
Монголын байгаль, экологи сүйрлийн байдалд орж, хөвч хангайдаа тултал элсний нүүдэлд дарагдлаа. Ерөнхийлөгч байгаль экологид санаа тавих амлалтаа хэрэгжүүлж, мод тарих үндэсний өдөртэй болголоо. Улс даяараа үүнийг дэмжин хөдөлж мод бут тариад тордож ургуулах л үлдээд байна. Газар хөдлөлт болбол ард иргэдээ аврах ямар гарц байгааг эрэлхийлж, эрдэмтэн мэргэдийн үгийг сонслоо. Өнгөрсөн жилийн есдүгээр сарын 1-нд ерөнхий боловсролын дунд сургуулиудын анхны хичээлийг байгаль, экологийн сэдвээр оруулж, монгол ёс заншил, уламжлалаа төлөвшүүлэх 420 цагийн хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр санаачлав. Өдрөөс өдөрт даяаршиж байгаа дэлхий ертөнцөд монгол хүн монголоороо үлдэхэд энэ хичээл нэмэр хандив болох нь гарцаагүй.
Монгол орны газар нутаг баялгаасаа болоод эрүүл газаргүй сийчүүлж дууссан. Бас болоогүй ашигт малтмал ашиглах хайх лиценз наймаачдын гарт орж, энгийн бараа шиг гар дамжуулан эргүүлэх болсон. Үүнийг цэгцэлж эрэмбэтэй болготол лиценз олгох ажлыг түр хугацаагаар зогсоолоо. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэхээр ажиллаж, дэргэдээ эрдэмтэд, иргэдийн орон тооны бус зөвлөл байгууллаа.
Монгол орноо дэлхий ертөнцтэй холбох ажлаа эртний соёл, оюуны холбоотой Энэтхэг улсаас эхэлж, АНУ, ОХУ, БНХАУ-д айлчлан хамгийн сүүлд гэхэд Турк, Узбекстанд дээд хэмжээний чуулга уулзалтуудад оролцоод ирлээ.
Ерөнхийлөгчийн өнгөрсөн нэг жил хийсэн эдгээр ажилд сонгогчдын сэтгэлд нийцсэн нь ч бий, нийцээгүй нь ч бий. Бүр дургүйцлийг нь төрүүлсэн нь ч байж мэдэх юм. Ямар боловч замынхаа дөрөвний нэгийг туулсан Ерөнхийлөгч олон ажлын суурийг тавилаа. Одоо үлдсэн гурван жилд түүн дээр хэр найдвартай, бөх байшин барихыг иргэд хүлээж байна. Тэр дундаас шударга ёс тогтоох, нийгмийг авлигаас салгахыг хамгийн ихээр Ерөнхийлөгчөөс найдан харж байгаа нь туйлын үнэн. Хамгийн гол нь 2008 оны долдугаар сарын 1-нд төр яагаад иргэдээ буудав гэдгийн учгийг тайлах нь Ерөнхийлөгчийн гол үүрэг ч юм шиг.
Д.ОЮУНЦЭЦЭГ