Энэхүү хуулийн төсөлд хотыг хөгжүүлэхтэй холбоотойгоор ашиглалтын шаардлага хангахгүй обьектыг дахин буулгаж, шинээр байгуулах, нийтийн эзэмшлийн газрыг өөрчлөн байгуулах, гэр хорооллыг барилгажуулах бол тухайн газрын оршин суугчдынх нь 75 хувиас дээшхи хүлээн зөвшөөрсөн нөхцөлд төсөл хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжүүлэх бол тухайн нутаг дэвсгэрийг барилгажуулах компани, иргэн, нийслэл гурвалсан гэрээ байгуулна. Хэрвээ иргэд газраа чөлөөлсөн нөхцөлд орон сууц авахгүй газар авна гэвэл түүнийх нь дагуу шийднэ. Оршин суугч ямар хүсэлт гаргана, түүнийх нь дагуу төсөл хэрэгжүүлэх нэгж өрх бүртэй гэрээ байгуулж, ажиллах зарчим тусгагджээ.
Энэ асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “Хөдөөнөөс хотыг чиглэх их нүүдэл саарахгүй байна. Улаанбаатар хот руу ирэх гэж байгаа иргэдийг хүлээж авах уу, урьдчилсан бэлтгэл хангасан уу. Нийслэлийн хэмжээнд төлөвлөгөөгүй 15 бүсэд гэр хороолол үүссэн гэлээ. Энэ асуудал дахиад хөндөгдөхгүй гэх баталгаа байна уу” гэсэн юм. Үүнд нийслэлийн Захирагчийн ажлын албаны холбогдох албан тушаалтны тайлбараар бол Улаанбаатар хотод суурьшихаар ирэх оршин суугчийг дагуул хотод амьдар гэх шаардлага тавих болно” гэсэн юм. Мөн хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд 53 хэсэгчилсэн байршил дээр ерөнхий төлөвлөгөө хийгдэж байгаа аж. Ирэх гуравдугаар сард энэхүү ерөнхий төлөвлөгөө батлагдах юм байна.
Барилга хот, байгуулалтын сайд Ц.Баярсайханы тайлбараар төв рүү хийж байгаа нүүдлийг багасгахын тулд аймгуудыг хөгжүүлэх чиглэлд давхар анхаарна. Энэ хүрээнд аймгуудыг хот болгох тухай асуудлыг УИХ-д оруулж ирж батлуулна. Дархан-Уул, Өмнөговь, Баянхонгор, Дундговь, Дорнговь аймгууд аймгийнхаа ерөнхий төлөвлөгөөг баталсан байгаа бол Завхан, Сүхбаатар, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг дөрвөн аймаг ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулж буй аж.
Мөн дээрх асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Уул уурхайн салбар унасан нь төр компаниудын лицензийг хурааж авсантай холбоотой. Одоо хөрөнгө оруулагчид Монголд ирэхгүй. Тэгвэл энэ хуулийн хүрээнд иргэнийхээ ямар өмчийг энэ хуульд хамруулах вэ гэдгийг тодорхой зааж өгөх ёстой. Тухайлбал, хүн амьдрах боломжгүй байрыг буулгана гэдэг ч юм уу тодорхой зааж өгөхгүй бол эргээд иргэнийхээ өмчид халдсан үйлдэл рүү орчих вий гэдэг болгоомжлол төрж байна” гэсэн юм.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.