Ц.Оюундарь: СЕХ улстөржсөөр байна

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

Ц.Оюундарь: СЕХ улстөржсөөр байна

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.

-2012 оны УИХ, орон нутгийн сонгуулийн маргаан өнөөдөр ч үргэлжилсээр байна. Увсын маргааны эцсийн шийдвэрийг СЕХ-ноос гаргана гэж хүлээж байсан ч тэд мөн л тодорхойгүй тайлбар хийлээ?

-Асуудлыг шийдэх эрх үүрэг бүхий газар нь СЕХ. Иймээс Ардчилсан Намаас УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн 15 дугаар тойрогт гарсан сонгуулийн маргааныг шүүхийн шийдвэрт үндэслэн хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг 2013 оны дөрөвдүгээр сарын 26, арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд тус тус гаргасан. Эдгээр хүсэлтэд маань СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн 2013 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр бичгээр хариу өгөхдөө манай хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэсэн байна лээ. Ингэхдээ зөвхөн Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 61 ба 41 дүгээр шийдвэрүүдийг үндэслэл болгосон тухай дурдсан боловч тухайн маргаанд холбогдолтой шүүхийн бусад шийдвэрийн талаар огт дурдаагүй орхигдуулсан байна. Иймд бид СЕХ-нд хандан дахин албан бичиг өгч байгаа.

-Шүүхийн шийдвэр, СЕХ-ны хариу мэдэгдэл гээд бүгд тодорхойгүй байдалд орчихоод байна. Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар хууль зөрччихсөн нь шат шатны шүүхээр тогтоогдсон. Гэтэл өнөөдөр нөхцөл байдап эсрэгээрээ тайлбарлагдаж эхэллээ?

-2012 оны УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн болон тэднийг нэр дэвшүүлсэн намын дэд дарга, сонгуулийн штабын менежер, сонгуулийн сурталчилгааны ажилтан, туслах, дэмжигчид нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 35.18.10 дахь хэсгийг зөрчсөн нь тогтоогдсон. Ингэхдээ сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө тараасан хэрэгт унаж эрүүгийн гурван хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж нийт долоон хүнд ял оногдуулсан байхад СЕХ асуудалд улстөржсөн байдлаар хандаж байна. Тухайлбал “Өөрөө болон бусдаар дамжуулан мөнгө тараасан этгээдийг нэрсийн жагсаалтаас хасна" гэж заасан сонгуулийн хуулийн заалтыг сонгуулийн байгууллага хэрэгжүүлэхгүй байгаад л асуудлын гол нь оршиж байна. Шүүх бол тов тодорхой шийдвэр гаргасан шүү дээ. Тэдний мөнгө тараасныг нотлоод ял өгчихсөн, тэр байтугай нэхэмжлэгч нарт мөнгийг нь 10 нугалаад төлчихсөн байгаа. Мөн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны ишлээд байгаа тэр 41 дүгээр тогтоолын хэсэгт “Эрх бүхий этгээдээс эрүүгийн хэргийн талаар урьд гарсан шүүхийн шийдвэрийг үндэслэн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд холбогдох гомдол маргааныг хянан шийдвэрлэхэд захиргааны хэргийн шүүхийн шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй” гэж дүгнэсэн байдаг. Үүнийг зориуд олж уншихгүй байгаа нь сонирхол татаж байна. Сонгуулийн маргааныг шийдвэрлэх эрх бүхий этгээдийн хувьд Сонгуулийн ерөнхий хороо нь Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн асуудлыг шийдвэрлэхэд тэр дурьдаад байгаа захиргааны хэргийн шүүх хуралдааны 61 дүгээр тогтоол огт саад болохооргүй байгаа юм.

-Хууль зөрччихөөд байхад шүүх нь шийдэхгүй, СЕХ нь шийдэхгүй болохоор эцсийн шийдвэрийг хэн гаргана гэсэн үг вэ?

-СЕХ сонгуулийн хуулийг л ягштал хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага. Бусад улс төрийн асуудал тэдэнд огт хамаагүй байх ёстой. Сонгуулийн байгууллага сонгуулийн хуулийг сахин хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхгүй байвал энэ улсад шударга сонгууль явуулах тухай асуудал эргэлзээтэй болно. Иймд СЕХ-г бид хуулиа биелүүлэхийг шаардсаар байх болно.

-Увсын хоёрын гэлтгүй Дорноговийн тойргийн асуудал маргаантай байна. Мөн л эхнээсээ эрх бүхий байгууллагууд нь асуудалд хойрго хандсанаас өнөөдрийг хүртэл маргаан сунжирч байгаа бололтой?

-Түрүүчийн Их хурал сонгуулийн нэлээд чанга хууль баталсан. Урьд нь гардаг байсан элдэв булхай луйврыг хаах тал дээр хатуу заалтууд оруулж, гарсан маргааныг шүүхээр шийдүүлж байх шинэ журам тогтоосон. Үүний үр дүнд олон эерэг үр дүн гарсан ч, нэг сөрөг зүйл нь шүүхээр асуудлыг шийдэхэд ихээхэн цаг хугацаа ордгийг тооцоогүй. Дорноговийн асуудал, Говь-Алтайн асуудал бүгд шүүхийн урт удаан процесоос болоод ийнхүү сунжирч байгаа нь цаашид сонгуулийн хуулийг улам боловсронгуй болгох шаардлагатайг харуулж байгаа юм. Үүн дээр мэдээж МАН ялсан байсан газруудад хуулийг хэрэглэхдээ үл тоосон, урьд нь дураар авирлаад сурчихсан дадлаараа хандсан явдлууд ихээхэн нөлөөлснийг заавал дурдах нь зүйтэй. Жишээ нь Говь-Алтай аймгийн хувьд, сонгуульд хууль ёсоор орохоор улсын хэмжээнд бүртгэгдсэн бүхэл бүтэн нэг намыг “сонгуульд оруулахгүй” гээд л дураар аашлан МАХН-ыг бүртгэлгүй хассанаас жил гаруй шүүхдэх, улмаар дахин сонгууль явагдах бүх будлианы эх тавигдсан байгаа юм. Ер нь алслагдсан газар олон жил дангаар ноёрхсон дураар аашлаад сурчихсан МАН-ын “бүдүүлэг” зангаас л болж Говь-Алтайд сонгууль дахиж байгаа. Нэгэнт шүүхийн шийдвэр гараад сонгууль явагдаж байгаа учраас Ардчилсан нам үүнд онцгой анхаарч, авлига, дураар аашлалт хэтэрсэн байдлыг халахын төлөө сонгуульдаа идэвхийлэн оролцоно.

-Зөвхөн энэ асуудлуудаар зогсохгүй МАН-аас мөнгө тарааж УИХ-д суусан хүн олноор тоологдож байсан. Д.Хаянхярваа, О.Содбилэг, Н.Номтойбаяр гээд. Энэ бүхэн юу болж байгаа вэ?

-Бид шүүхээс шийдэгдээд орж ирсэн асуудлыг л шийдвэрлүүлэх тал дээр эхний ээлжинд ажиллаж байна.

-АН-ынхан сонгуулийн хууль зөрчиж, төрийн эрхийг хууль бусаар авсан гэх хүмүүстэй ширүүхэн заргалдаж эхэлсэн ч үр дүнд хүрсэн нь үгүй. Гол шалтгаан нь юу байв?

-Түрүүнд хэлсэнчлэн гарсан маргааныг шүүхээр шийдүүлж байх шинэ журмыг хуулиар тогтоохдоо цаг хугацааны хязгаар тавиагүй нь алдаа болсон. Шүүхийн тогтолцооны ярвигтай олон шат дамжлагыг харгалзаж үзээгүйтэй холбоотой.

-Увсын хоёр гээд мөнгөний хэмээн цоллогдож байсан гишүүдийн тухай ярих нь багаслаа. Үүнийг улс төр судлаачид тохироо хийснийх гэж тайлбарлаж байна?

-2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр анх сонгогдох гэж байх үеийн Монгол орны байдлыг эргэн дурсвал авлигатай тэмцэхийн ач холбогдол илүү тод харагдах байх. Монголын бараг бүх газар нутаг лицензээр гадныхны гарт орчихсон, төрөөс төрсөн тэрбумтнуудын дураар авирлалт хэрээс хэтэрчихсэн, түгшүүртэй ч юм шиг үе байлаа шүү дээ. Тэр үед Ардчилсан нам Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, тэрээр авлигатай “дайн” зарласнаар Монголын нийгэмд шинэ үзэл санаа, шинэ итгэлийг авчирсан гэж хэлж болно. Авлигын торон сүлжээ хууль шүүхийн системд ч гүнзгий нзвтэрсэн байгаа. Эндээс заримдаа улаан цайм шударга бус шийдвэрүүд олон гарч байгаагийн нэг нь сонгуулийн маргаануудыг шат шатандаа өөр өөрөөр гаргаж асуудлыг замбараагүйтүүлж байгаа явдал. Улс орноо цаашид хэвийн сайхан хөгжлийн замд оруулъя гэвэл хэдий хэцүү ч авлигыг бүхий л шатанд дарж авахгүй бол бид шударга ёсоо, ёс суртахуунаа, байгалийн баялгаа, улмаар эх орноо ч авлигын мөнгөөр дамжуулаад үүрд алдахад ойрхон байгааг алхам тутамдаа анхаарч явах учиртай.

-Эцэст нь асуухад та өнгөрсөн онд ихээхэн үр бүтээлтэй ажиллажээ. Тиймээс таныг 2013 оны шилдэг залуу улстөрчөөр шалгаруулсан байх. Чухам та өөрөө өнгөрсөн оныг, өнгөрсөн оны ажлынхаа үр бүтээлийг юу гэж дүгнэж байна даа?

-Улс төрийн намын хамгийн чухал шалгуур бол сонгууль байдаг. Ажлаа хүлээж аваад гурван сарын дараа анхны том даваа буюу 2012 оны орон нутгийн сонгуулийг зохион байгуулж, Ардчилсан нам түүхэндээ анх удаа орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан. Нийслэлийн таван том дүүргийн дөрөвт нь үнэмлэхүй ялж, өдгөө 21 аймгийн 13-т нь засгийн эрхийг барьж байгаа нь амжилттай байсны илрэл. Дараагийн бас нэг том шалгуур нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцож, Ардчилсан Ерөнхийлөгчөө дахин сонгосон явдал ажлын маань амжилтад тооцогдох байх. Мэдээж сонгууль гэдэг намын бүхий л гишүүд дэмжигчдийн нөр их хөдөлмөр зүтгэл шингэсэн, маш богино хугацаанд олон зуун мянган хүний оролцоотой, асар их зохион байгуулалт, олон талт үйл ажиллагааг хамарсан үйл явц болдог. Тухайн үед чадварлаг баг хамтран ажиллаж намын удирдлагууд хийгээд ахмад үеийнхэн маань туршлагаа харамгүй хуваалцаж олон хүн дэмжлэг үзүүлэн ажилласан.  Ийн сонгуулийн дараалсан ялалтуудын үр дүнд Ардчилсан намаас голлон байгуулагдсан УИХ, Засгийн газар, нийслэл Улаанбаатар хотын захиргаа, яам, агентлагууд, ялсан дүүрэг, аймгууд дор бүрнээ АН-аас дэвшүүлсэн “Монгол хүн-2020″ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Зөвхөн 2013 онд 20.224 шинэ орон сууц ашиглалтанд орж, барилга угсралт 2,8 дахин нэмэгдэж, 8 хувийн орон сууцны хөнгөлөлттэй зээлд 16.923 иргэн хамрагдсаны 12.906 нь шинээр орон сууц худалдаж авсан байна.

-АН-ыг сонгосон. Тодорхой хугацаа ч өнгөрч эхнээсээ АН-ынханд дүн тавьж эхэллээ?

Ардчилсан нам ялсны дараа хүмүүсийн хүлээлт асар их байсан. Хүмүүс өөрчлөлт шинэчлэлт бүтээн байгуулалт гэдэг цаг хугацаа шаардсан сайтар сайн төлөвлөлтөөс эхэлдэг гэдгийг тэр бүр ойлгодоггүй, шууд л хүрз аваад дайрах ёстой мэт хүлээдэг. Төлөвлөлт, хэлэлцүүлэг сайтар өрнөсний эцэст сая бүтээн байгуулалт өрнөж эхэллээ гэхэд хийж бүтээх мөнгө нь бэлэн байж байна. Энэ бол том амжилт. Олон жил бид мөнгөгүйн улмаас сайхан санаагаа тархиндаа булшилж, гараа хумхин суухад хүрсэн. Одоо энэ бүхнийг 2014, 2015 онд эхлүүлэхийн төлөө шамдан ажиллах болно.

Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж