
-Нийгмийн хамгааллын шинэчлэлийн асуудлаар Монгол Улсын Засгийн газарт Дэлхийн банкнаас зөвлөмж өгч ажилласан гэж сонссон. Та энэ талаар тодруулж хэлнэ үү?
-Тийм ээ. Бид өнгөрсөн жил орчмын хугацаанд Монгол Улсын нийгмийн халамжийн шинэчлэлийн асуудлаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтран ажилласан. Одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэн найруулсан төслийг боловсруулахад зөвлөмж өгсөн. Дэлхийн банкны зүгээс Монгол улсын нийгмийн халамжийн шинэчлэлийн бодлогыг бүрэн дэмжиж байгаа, сайн хууль болсон гэж дүгнэж байгаа.
-Нийгмийн халамжийн шинэчлэлийн гол зорилго нь юу вэ?
-Шинэчлэлийн үндсэн зорилго нь халамжийн тогтолцоог нийгмийн эмзэг, ядуу иргэдийг илүүтэй дэмждэг болгох, ядуурлыг бууруулах Засгийн газрын бодлоготой илүү уялдуулах,санхүүгийн хувьд тогтвортой үргэлжлэх боломжтой тогтолцоо болгон өөрчлөх явдал гэж ойлгож болно. Энэ зорилгыг хангахын тулд дараахи гурван чиглэлийн өөрчлөлтүүдийг хийхээр хуулийн төсөлд тусгасан. Үүнд:
Одоо үйлчилж байгаа халамжийн хуулийн хүрээнд байгаа халамжийн олон жижиг зүйл заалтыг нэгтгэн цөөрүүлж бүлэглэх, энгийн, оновчтой болгох
Халамжийн тэтгэмж тусламжийг хүртэх ядуу өрхүүдийг тодорхойлох “Орлогыг орлуулан тооцох аргачлал” гэдэг шинэ аргыг нэвтрүүлэх
Ядуу өрхүүдийн амьжиргааг дэмжихэд тухайлан зориулсан шинэ тэтгэмжийг бий болгох.
-Халамжийг зорилтот бүлэгт чиглүүлнэ гэж их ярих боллоо. Энэ нь яг юу гэсэн үг вэ?
-Нийтлэг байдлаар олгогддог тэтгэмж дэмжлэгээс зайлсхийж, харин нийгмийн хамгийн эмзэг ядуу хэсэг рүү халамжийн дэмжлэг туслалцааг хүргэнэ гэсэн үг. Ингэж, халамжийг зорилтот бүлэгт чиглүүлснээр халамжид зориулж байгаа хөрөнгө мөнгө илүү үр дүнтэй зарцуулагдана гэсэн үг. Жишээ нь нийтлэг байдлаар мөнгөн тэтгэмж олгох тохиодолд дийлэнх хэсэг нь ядуу бус өрхөд очдог учраас ядуурлыг бууруулахад үзүүлэх нөлөө нь тун бага байдаг. Харин дэмжлэг туслалцааг зорилтот бүлэгт илүү чиглүүлж чадвал ядуурлыг бууруулахад ихээхэн үр дүнтэй байдаг. Нэг жишээ хэлье. Дэлхийн банкны эдийн засагчдын хийсэн тооцоогоор Монгол улсад хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож байх үед энэ дэмжлэг нь ядуурлыг дөрөв орчим хувиар бууруулж байсан гэсэн тооцоо гарч байгаа. Харин шинэ хуулийн төсөлд орсон ядуу өрхийн тэтгэмжийг хэрэгжүүлснээр эхний нэг жилдээ ядуурал 6,7 -8 хувиар буурах тооцоотой байгаа. Хүүхдийн мөнгөнд Монгол улсаас жилд 142 тэр бум төгрөг зарцуулж байсан бол ядуу өрхийн тэтгэмжинд түүнээс хамаагүй бага буюу 89 тэр бум төгрөг зарцуулах ч, ядуурлыг бууруулахад үзүүлэх үр дүн нь хамаагүй илүү байх юм.
-Ядуу өрхийн тэтгэмж бий болно гэж ярилаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Нийгмийн халамжийн шинэчлэлийн нэг чухал элемент нь ядуу өрхөд олгох тэтгэмж. Монгол улсын хамгийн ядуу хүүхэд, гэр бүлийг дэмжих зорилготой. Хуулийн төсөлд орсон, энэ тэтгэмжийг хэрэгжүүлэхэээр батлагдвал ядуу өрхүүд өмнө нь хүүхдийн мөнгөний үед авч байснаас илүү дэмжлэг авна. Ядуурлыг бууруулахад үзүүлэх нөлөө нь ч илүү байна. Ядуу өрхөд олгох тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо тухайн өрхийн насанд хүрсэн хүн бүрт сар тутамд 7000 төгрөг, хүүхэд бүрт, сар тутамд 10000 төгрөг олгохоор тооцсон. Энэ нь хүүхдийн хөгжлийг дэмжихэд чиглэхээс гадна ам бүл олон, ядуу өрхүүдэд чухал дэмжлэг болно.
-Ядуу хүмүүст бэлэн мөнгө тарааснаар ажил хийх сонирхолгүй болгодог гэсэн шүүмжлэл их байдаг. Ядуу өрхийн тэтгэмж өгөх нь тийм үр дагавар авчрахгүй юу?
Энэ асуудлыг мөн бодолцсон. Тэтгэмж авах ядуу өрхийн, хөдөлмөрийн чадвартай иргэд орон нутгийнхаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих албанд заавал бүртгүүлсэн байх нөхцлийг тавина. Ингэж бүртгүүлэх нөхцөл тавьснаар тэдгээр иргэдийг ур чадварын сургалт болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бусад үйлчилгээтэй холбож өгнө. Мөн тэтгэмжийн хэмжээг тогтоохдоо өрхийн амьжиргаанд бодитой дэмжлэг үзүүлж чадахуйц хэмжээнд, гэхдээ иргэдийн ажил хийх сонирхлыг бууруулахаар тийм өндөр бишээр тогтоодог олон улсын практикийг харгалзан үзсэн. Тийм учраас энэ тэтгэмжийг олгосноор тийм сөрөг үр дагавар гарахгүй гэж бодож байна. Гэхдээ ер нь бол Засгийн газрын зүгээс иргэдэд бэлэн мөнгө тараах асуудалд илүү болгоомжтой хандах хэрэгтэй.
-Халамжийн хуулинд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар илүү анхаарах ёстой байсан юм биш үү?
-Халамжийн хуулийн зорилго нь халамжийн үйлчилгээг зохицуулах явдал. Хөдөлмөр эрхлэлтийн асуудал бол өөрөө үүнээс өргөн хүрээтэй асуудал учир аль ч улсад тусдаа хуулиар зохицуулагддаг. Монгол улсын хувьд ч гэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгай бодлого, хууль байдаг гэж ойлгож байгаа. Гэхдээ халамжийн хуулинд өмнө хэлсэнчлэн, ядуу иргэдийг орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллагатай холбож өгөх, дэмжлэг үзүүлэх талаас нь заалт орсон байгаа.
-Ядуу өрхийн тэтгэмж тэгээд яг зорьсон хүмүүстээ хүрнэ гэсэн баталгаа бий юу. Халамж авах ёсгүй хүмүүс халамж авдаг гэсэн яриа их байдаг шүү дээ?
-Энэ маш чухал асуулт. Ядуу өрхүүдийг тодорхойлохдоо дэлхийн олон оронд амжилттай хэрэгжиж туршсан “ Орлогыг орлуулан тооцох аргыг” хэрэглэнэ. Ядуу өрхүүдийг тодорхойлох аргачлалыг илүү найдвартай болгохын тулд албан ёсны санал гомдол гаргах механизмыг давхар хэрэгжүүлнэ. Иймээс ядуу боловч тэтгэмжид хамрагдахгүй орхигдсон өрхүүд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. Ядуу биш боловч ядуу гэж алдаатай тодорхойлогдсон өрхийн талаарч санал гомдол гаргаж дахин магадлуулан шийдвэрлэх боломжтой. Энэ бүхнийг хийхэд орон нутгийн засаг захиргаа, иргэдийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэнэ.
Б.Анхаа