Ховд аймгийн Хөшөөтийн нүүрсний ордыг Монгол Улсын стратегийн ордод оруулах, эсэх асуудлыг 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл судалж, Засгийн газар, УИХ-аар хэлэлцэхээр хүлээж буй. Гэтэл ийм үед аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан Баруун бүсийн Тавантолгой болох Хөшөөтийг Стратегийн ордод оруулахгүй байх хүсэлт илгээсэн нь анхаарал татаж эхэллээ. Хөшөөтийн ордыг орон нутгийн биш улс орны хэмжээний стратегийн ач холбогдолтой гэдгийг Засгийн газар, салбарын яамнаас байгуулсан удаа дараагийн Ажлын хэсгийн судалгаа, дүгнэлтээр хүлээн зөвшөөрсөн. Энэ хугацаанд Ховд аймгийн удирдлагууд дээрх үйлдвэрийг дэмжин, зөвшөөрч байснаас биш эсэрг үүцэн дургүйцэж байгаагүй. Гэтэл 2012 оны УИХ-ын сонгуулиар Хөшөөт өөр пиар хийж нутгийн иргэдийн итгэл, дэмжлэгийг хүлээсэн АН-ынхан амлалт, итгэл үнэмшлээсээ буцах болсны учир юу вэ?
Энэ ордыг 100 хувь эзэмшигч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай МОЭНКО компанийн удирдлагууд “чөтгөрийн хувьцаа” хэмээгдэн асар их хэмжээний хөрөнгө босгосон Хөшөөтийг Стратегийн ордод оруулах ёсгүй гэдгээ манай болон олон улсын хэвлэлүүдээр дамжуулан илэрхийлсээр ирсэн. 2011 оны есдүгээр сараас хойш уурхайнхаа ашиглалтын үйл ажиллагааг зогсоож (Засгийн газар болон салбарын яамнаас үйл ажиллагааг нь зогсоогоогүйг зориуд тэмдэглэе), 44 жилийн турш ямар ч асуудалгүйгээр Хөшөөтийн нүүрсээ түлж, өвлийг өнтэй давдаг асан орон нутгийнханд нүүрс өгөхгүй хэмээн шантаажлан ашиг сонирхлоо тулгаж байсан. Хөрөнгө оруулалтаа царцаана, татна хэмээн дээд түвшинд хүртэл сүрд үүлж байлаа. Харин одоо хаанаасаа хаалгач нь гэгчээр орон нутгийнхныг буулган авч, өөрсдийн эрх ашигт үйлчлүүлэхээр төрийн бодлогынх нь эсрэг даам нүүлгэж эхэлсэн нь энэ бололтой.
Өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлчээр “Mongolian energy corporation” компанийн гүйцэтгэх захирал хатагтай Эвэнт Онг (Yvette Ong) Монголд ирээд буцсан. Хөрөнгө оруулагчдынх нь эрх ашгийг хүндэтгэх үүднээс УУЯ-ны албаны хүмүүс түүнтэй уулзах хүсэлтийг удаа дараа тавьсан ч хүлээн аваагүй. Тэгсэн атлаа УИХ-ын гишүүн Д.Батцогт болон орон нутгийн зарим удирдлагатай аминчлан уулзаад буцаж байлаа. Гэтэл үүнээс хойш хагас сарын дараа буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-нд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан Хөшөөтийг стратегийн ордод оруулахгүйгээр орон нутагт хамтын ажиллагааны гэрээгээр ажиллуулах саналыг дэмжиж өгөхийг Ерөнхийлөгчөөс хүссэн нь хэний эрх ашгийг илэрхийлнэ вэ?
Ховд аймгийг өнөөдөр АН-ынхан удирдаж байгаа. ИТХ-ын дарга Б.Баярсайхан, Засаг дарга Д.Цэвээнравдан нар өмнө нь хоёулаа аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан. Энэ үедээ “Хөшөөтийг стратегийн ордод оруулах нь нутаг орон, улс орны эрх ашигт нийцнэ” хэмээн дэмжиж байсан хүмүүсийн нэг. Гэтэл аймгийн удирдлагыг гартаа авмагцаа Хөшөөтийг орон нутгийнх болгох гэж эргэж буцаж эхэлсэн нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн хардахад хүргээд байна. Учир нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 72 тоот тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг МОЭНКО-той зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгэн, Хөшөөт төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талын хүчин чармайлт гаргах замаар хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхээр санал нэгджээ. Үүний тулд Хамтран ажиллах гэрээ байгуулахаар болсон аж.
Уг гэрээ орон нутаг, улс орны хөгжил, эдийн засагт ямар ашигтайг сонирхлоо. 15 дугаар заалт нь бүхэлдээ орон нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэжээ. Энд, Хөшөөтийг стратегийн ордод оруулахгүй байх орон нутгийнхны гол сонирхол нуугджээ. 15.5-д “2014 онд Хөшөөтийн уурхайгаас экспортолж, борлуулсан нүүрсний хэмжээ 500 мянган тонн хүрсэн тохиолдолд 600 сая төгрөгийг “Ховд Хөшөөт хөгжил” санд төвлөрүүлнэ…” 15.6-д “2014 онд Хөшөөтийн уурхайгаас экспортолж, борлуулсан нүүрсний нэг тонн тутмаас 0.6 ам.долларыг, 2015 оны долдугаар сарын 1-нээс эхлэн экспортолсон нүүрс тухайн сард 100 мянган тонноос давсан тохиолдолд нэг тонн тутмаас нэг ам.долларыг “Ховд Хөшөөт хөгжил” санд төвлөрүүлнэ….” гэх мэтчилэнгээр энэ гэрээнд мөнгөний үнэр нэвт шингэжээ. МОЭНКО-гийнхон олборлож, экспортолсон нүүрснийнхээ 0.6 хувиар орон нутгийн удирдлагуудыг урхидсан нь энэ.
Мөнгөн дүнгээр тооцож үзье. Уул уурхайн сайд Д.Ганхуягийн өнгөрсөн оны тавдугаар сард УИХ дээр хийсэн мэдээллээр, МОЭНКО эхний жилд 1.4 сая тонн, хоёр дахь жилд гурван сая, гурав дахь жилд таван сая, дөрөв дэх жилд найман сая тонн нүүрс олборлож, экспортлохоор ТЭЗҮ- дээ тусгажээ. Үүнээс үзвэл, хэрэв Хөшөөтийг орон нутгийн мэдэлд үлдээвэл “Ховд Хөшөөт хөгжил” санд 2014 онд 840 мянган ам.доллар, 2015 оноос 1.8 сая ам.доллар, гурав дахь жилээс багаар бодоход гурван сая ам доллар, дөрөв дэх жилээс 4.8 сая ам. доллар төвлөрөх болж байна. Ганц аймгийн хувьд энэ бол маш их хэмжээний мөнгө. Удирдлагуудынх нь толгой эргэж, алга тосох нь аргагүй. Гэхдээ өнөөдөр жалга дов, аймаг орон нутгийн биш улс орны нийтлэг эрх ашиг Хөшөөтөд хэрэгтэй. Өмнөговийн “Тавантолгой” өнөөдөр Монгол Улсын Стратегийн орд. Монгол хүн бүхэн хувьцаа эзэмшдэг. Харин Хөшөөт бол баруун бүсийн Тавантолгой. Гэтэл Ховд аймгийн удирдлагууд Монголын төрд, ард түмэнд ногдох учиртай 34-51 хувийг үгүйсгэн, өөрсдийн ашиг сонирхлыг 0.6 хувиар ченжлэхийн тулд Улсынхаа Ерөнхийлөгчөөс дэмжлэг хүсэх нь арай ч дэндүү эрээ цээргүй санагдлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ховдынх. Тэглээ гээд энэ хүн Ховдын биш, Монгол Улсын нийтлэг эрх ашгийг төлөөлдөг. Тиймээс Ерөнхийлөгчид хандлаа гээд УИХ-аар удахгүй хэлэлцэх Хөшөөтийг Стратегийн ордод оруулах эсэхэд нөлөөлөхийг оролдох нь Монголын эрх ашигтай нийцэхгүй байна.
Ард түмэн, нутаг орныхоо нэр барьсан ийм ашиг сонирхол хол явахгүй. МОЭНКО компани Ховд аймагт үйл ажиллагаа явуулсан өнгөрсөн долоон жилийн хугацаанд ямар хөгжил дэвшил авчирсан билээ. Хөшөөтийн уурхайгаас Булганы боомт хүртэл 336 км автозам тавьснаас өөрөөр анх амлаж байсан цахилгаан станц, нисэх буудал, баяжуулах үйлдвэрээ барьж байгуулсан бил үү. Харин одоо стратегийн ордод оруулахгүй бол энэ бүхнээ барьж байгуулна хэмээн орон нутгийнхантай гэрээ байгуулахаар тохиролцох гэж байна. Үүнийг юу гэж ойлгох вэ? Өнгөрсөн хугацаанд орон нутгаас хэчнээн хүнийг тогтвортой ажлын байраар хангаж, мэргэжил эзэмшүүлэн, дадлагажуулж сургаж ажиллуулж байгаа билээ. Хаяанд нь байгаа Дарви, Цэцэг сумын ЖДҮ эрхлэгчдийг хэрхэн дэмжив. Монгол ажилчдын эрх ашгийг ямар түвшинд үнэлж, хамгаалж байсан билээ. Хамгийн сүүлд гэхэд, МОЭНКО компанийн удирдлагууд шинэ оны өмнөхөн 18 монгол ажилтнаа халлаа. Энэ бүхэн бол Монгол Улсын төр, засаг баялагтаа хувь эзэмшинэ гэсний төлөө МОЭНКО-гоос үзүүлж буй эсэргүүцэл, шантааж биш гэж үү. Харин одоо орон нутгийн удирдлагуудаар дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид өөрсдийн ашиг сонирхлоо тулгаж байна. Энэ бүхэнд Монголын төр хариу өгч, дөрвөн жил үргэлжилсэн Хөшөөтийн асуудлыг эцэслэн шийдэх болсон юм биш үү.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ