Олны анхаарал татаад буй энэ байгууллагыг Ц.Одонтунгалаг гэж эмэгтэй удирддаг. Эмэгтэй хүн нийтийн үйлчилгээний, нийслэлийн хөл болсон том байгууллагыг удирдана гэдэг амаргүй ч түүнийг ажлаа авснаас хойшхи нэг жилийн хугацаанд зүтгэлтэй ажилласан гэж үнэлэх нэгэн байхад “Удирдах ажилчдынхаа тоог нэмсэн, өөрийн нөхөр, улсын заан Д.Бумбаярыг “Автобус 1” ОНӨҮГ-ын Гадаад харилцаа эрхэлсэн даргаар томилсон, компанийн цайны газруудыг ах, дүүсээрээ ажиллуулдаг болсон” гэхчлэн ажилчид нь хошуу өргөх болжээ.
Ажил хаялт зарлаад буй “Автобус 1”-ийн ажилчид дээрх байдлыг хэвлэлийнхэнд нууж хаалгүй ярих ба цалингаа нэмүүлж, одоогийн удирдлагаа халахыг шаардаж байгаа тэмцлээ өнөөдөр ч үргэлжлүүлсээр байна.
“Автобус 1”-ийн асуудлыг тойрсон энэ маргаанд иргэд өөр өөрийн байр сууринаас хандаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ажилчдын яриа, цахим сайт дахь сэтгэгдлээс харахад, “Тал өдөр /Өглөөний 05:00-14:00 гэхчлэн хоёр ээлжээр ажилладаг аж/ ажилладаг жолооч нар сая гаруй төгрөг, кондукторууд 600-750 мянган төгрөгийн цалин авна гэдэг бол бусад салбарын ачаалал, ажлын цаг, хөлстэй харьцуулахад голохоор зүйл биш” гэх нэгэн байхад Ц.Одонтунгалаг даргыг “Дураараа дургиж байна” гэж дургүйлхэх хүмүүс ч байна.
Ямартай ч “Автобус 1” ОНӨҮГ-ын дарга Ц.Одонтунгалаг ажилчид нь ажил хаяад байгаа үйл явцын талаар “Манайд нэг сая 200 мянган төгрөгийн цалин авдаг жолооч байна. Кондукторууд 600-750 мянган төгрөгийн цалинтай. Би ажлаа авмагцаа компанийн мэдлийн хүрээнд ажилчдын цалинг 20 хувь хүртэл нэмсэн. Үүнээс илүү цалин нэмэхээр бол дээд шатны байгууллагууд шийдвэрлэх учиртай. Ажилчдын зүгээс компанийн удирдлагуудад гомдол, шаардлага огт ирж байгаагүй. Хэрвээ гомдол, шаардлага удирдлагуудаа хүргүүлээд хариу өгөхгүй, шийдвэрлэхгүй байгаа бол ажил хаяж болно. Яг юу нь болохгүй байна? Яагаад байна? Шийдвэрлэх гарцыг хамтдаа хайя, тодруулъя гэхээр ажилчид уулзахгүй байгаа. Ер нь бол өмнөх удирдлагаа ажилчид бас жагссаар байгаад халуулсан байдаг. Одоо намайг халах санаатай байгаа юм байлгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.