Эдийн дээд хадаг гэдэг. Эрт цагаас хэлэлцэж ирсэн эрдэмт мэргэдийн үгэнд хүний эрхэмлэх зүйл нь эцэг эхийн ачийг үргэлж санаж явах мөн бөгөөд эс чадавч цагаан сарын шинийн нэгэнд эцэг эхдээ дээд ёслол үйлдэн хадаг барьж золгохыг их буян гэж үзнэ гэсэн байдаг. Мөн тэнгэрлэг, хийморлог байж эд баялаг арвижуулах өлзий буян хураахын тухайд бас л ариун цагаан хадгийн учир ерөөл цаглашгүй хэмээсэн нь буй ёсоор айл бүр гэртээ хадаг тогтоон хадгалах нь тухайн айлдаа эд баялаг, идээ ундааг арвижуулах ерөөл авчирч байдаг. Тийм ч болохоор хиргүй тунгалаг сэтгэлээ дэлгэж дээдийн сайхныг хүсэн мэндчилэхдээ хадаг барин золгодог нь монгол хүний түгээмэл бөгөөд эрхэм дээд соёлын нэг болж амьдрал ахуй, ёс заншилд нь гүнзгий шингэн үлджээ. Хадаг хэмээх нэрийн утга нь бурхан шүтээн, багш, дээдсийн хөрөг тэргүүтэнд тахил өргөх, шүтээнд мөргөх үед амар амгалан байх зам мөрөө даатгах, мэнд амар мэдэх гэсэн утгатай бөгөөд дотоод сэтгэл нь хиргүй цагаан, торго мэт ариун байх бэлгэдлээр харамж өргөх гэсэн утгыг илэрхийлдэг.
Хадгаар үг хэлээ ололцдог заншил одоо ч байдаг байна. Монголчууд адуун сүрэгтээ онцын хүндэтгэлтэй хандаж ууган унаганд хадаг уях ёсон бий. Хадаг хадгалбал буян тогтоно гэсэн үг байдагчлан баян чинээлэг айлын хөрөнгө болгодог үнэт зүйлийн нэг нь хадаг байжээ. Самбай хадгийг хамгийн энгийн ч гэсэн хүндтэй хадаг гэж нэрийдэн хэдэн арваар нь хадгалдаг байсан байна. Мөн бурхны болон томоохон зүтгэлтэн хүний мутрын тэмдэг буюу тамга дарсан хадгийг ихээхэн эрхэмлэнэ. Бас тахисан бурхандаа өргөсөн хадгийг хадгалах ёстой гэнэ. Торгон зөөлөн, бөх батыг нь бодож хүү төрвөл бөх болоорой хэмээн хэв хадгаар элэг бүсийг нь хийсэн зодог шуудаг хадгалдаг ч байж. Эндээс үзэхэд эрхмийн дээд бэлгэдэл бүхэндээ эдийн дээд хадгаа өргөх болдог учраас хадаг сонгон хэрэглэх зан үйл нь мөн нандин байх учиртай. Тэнгэр шүтэж, тэнгэрлэг хийморлог байхыг дээдэлдэг монгол түмэн хадаг бол тэнгэрийн эд учраас өнгө нь үүрийн гэгээ татах үеийн тэнгэрийн хаяаны өнгө лүгээ адил байх ёстой гэдэг. Мөн тэнгэрийн эд учраас таван цогц шинжийг агуулж хөнгөн, зөөлөн, уян хатан, бат бөх, гоёмсог чанартайг нь дээдлэн сонгож зөвхөн хүр хорхойн мяндсан шүлсээр нэхсэн торгомсог хадгийг л хэрэглэж ирсэн байдаг. Дашрамд дурдахад одоогийн хүмүүсийн ихэнхдээ хэрэглээд байгаа хөх хадаг бол өнгийг нь аргадан зөөлрүүлсэн хар хадаг бөгөөд ийм өнгийн хадгийг хатуу үйлийн засалд ашигладаг байсан тул нийтээр түгээн хэрэглэх нь зохимжгүй юм. Энэ нь урд хөршөөс чанаргүй, бэлгэдэл төгс бус хадаг оруулж ирснээр хадагны үнэ цэнэ, утга учрыг алдагдуулсантай ч холбоотой.
Дээр үеийн хашир хөгшчүүл “хадганд их учир бий” гэж ярьдагчлан нэгэн үе хадаг нь арилжааны үнэт зүйл болж байлаа. Мөнгөний оронд хадаг өгөөд мал хуй арилжиж байсан тухай түүхэн баримт буйн дотор одоогоор бол гурван метр гаруй урттай баранзад хадаг бодын үнэтэй байсан гэдэг. Хадаг тэр хэрээр үнэ цэнэтэй ховор эд байжээ. Хүнтэй эе эв тасрахад хадаг барьж учир начраа ололцдог байсан байна. Түүхэн зохиолд хадаг бол жудаг гэж бичсэн нь ч бий. Хадаг бол жудагтай зан үйлийн илэрхийлэл байжээ. Хүмүүс хоорондоо утга учиргүй хадаг барилцахгүй. Хадаг барьж ирсэн гийчний хүслийг биелүүлсэн буюу биелүүлэх бол хадаг тогтоох ёс үйлдэнэ. Эс бөгөөс явдал суудлаа учирлаад хадгийг эргүүлж барих, хадаг тогтоохгүй байх буюу өөрөөр хэлбэл, хадгаар үг хэлээ ололцдог заншилтай.
Ажиглаад байхад тэнгэрийг бэлгэдсэн цагаан цэнхэр өнгөтэй жинхэнэ дээр үеийн торгон хэв хадаг эртний эдлэлийн дэлгүүрүүдэд ганц нэг харагддаг байсан боловч цагийн эрхээр хүмүүс чухалчлан авч хадгалсаар үзэгдэх нь цөөрсөн юм. Гэвч ойрноос ийм хадагнууд үзэгдэх болж, хүмүүс сурж хайх нь ихэссэн тул хэв хадагны янз төрөл, учир утгыг тайлбарлах талаас нь тогтож дараах хэдэн зүйлийг тоочин өгүүлэх нь зүйтэй болов уу.
Баранзад хадаг: Энэ бол хүндэтгэлийн хадаг. Төр, шашны томоохон зан үйлд хэрэглэдэг хэмжээгээрээ ч хамгийн урт хадаг юм. Уг хадаг нь тойрсон хамар угалз бадраа хээ болон өлзий, жанцан, бумба, лянхуа, шүхэр, лавай, загас, хорол тэргүүтэй өлзий хутгийн найман тэмдэгтэй байдаг.
Бага аюуш хадаг: Уг хадгийг өргөн хэрэглээнд хэрэглэж ирсэн уламжлалтай. Луун хээтэй, сэнтий түшлэгтэй. Түшлэгийн оройд бадраа угалз зэндмэнэ эрдэнэтэй арслант ширээ лянхуан дээр тэгш оршсон Авид бурхантай. Баруун, зүүн талдаа шавьтайгаа, өмнөө сангийн бойпор, хумх цэцэгтэй, шашныг хамгаалагч махранз тэргүүтэй оршино. Дээрээ хан гарьд шувуу, туүний хоёр буланд хорол, голд нь өлзий хээ бий. Хангарьд нь сүр хүчийг, Авид бурхан нь амар амгалан, аз жаргал, сайн сайхныг бэлгэддэг. Ваар цэцэг нь хүндэтгэлийг илэрхийлж буй утгатай юм.
Их аюуш хадаг: Эртнээс нааш хамгийн түгээмэл хэрэглэж ирсэн хадаг. Хуучны ном сударт ноёд түшмэл, багш, эцэг эхдээ хүндэтгэлийн журмаар барина хэмээн тэмдэглэжээ. Луун хээтэй, сэнтий түшлэгтэй. Түшлэгийн оройд бадраа угалз зэндмэнэ эрдэнэтэй арслант ширээ, лянхуан дээр тэгш оршсон Авид бурхантай. Баруун, зүүн талдаа Бурхан багш шавь нар болон олои бодьсадва тэргүүтэй заларсан байна. Дээрээ хангарьд шувуу, түүний хоёр буланд хорол, голд нь өлзий хээ бий. Хангарьд нь сүр хүчийг, Авид бурхан нь амар амгалан, аз жаргал, сайн сайхныг бэлгэддэг. Шавь нар нь өнө мөнхийн аз жаргал, амар амгаланг бэлгэддэг.
Соёмбо хадаг: Соёмбо хадгийг төрийн албанд харилцааны шугамаар түлхүү хэрэглэж байжээ. Бадам лянхуа бадраа угалз гэрлэнгийн солонгын дунд төрийн алтан соёмбо оршсон. Эргэн тойронд нь өлзий хээтэй. Хадагны дээд, доод төгсгөлд хамар угалз, бадраа хээтэй угалз, доод зах нь голдоо өлзий хээтэй хамар угалзтай. Энэхүү хадгийг наймдугаар Богд захиалан хийлгэж байсан түүхтэй.
Даш хадаг: Даш хадаг гэдэг нь өлзий хутгийн хадаг гэсэн утгатай төвд үг юм. Амар мэнд мэдэх болон шашны зан үйлд хүндэтгэл үзүүлэхэд хэрэглэнэ. Өргөн хэрэглээнд хэрэглэж болох уг хадгийг зарим үед төлбөрийн хэрэгсэл болгон жишиг тогтоодог байсан үе бий. Бадам лянхуа цэцгэн дээр хорол өлзий лянхуа шүхэртэй, дээд доод захдаа алхан хээтэй. Анхан хээний хажууд “Ум сайн амгалан болтугай” хэмээн монгол бичгээр бичсэн. Мөн хажуу талдаа алхан хээтэй, “Өлзий хутгийн хадаг” гэсэн утгатай төвд үг бичжээ.
Хийморийн сан: Хий салхи хөлөглөсөн, нуруундаа гал бадарсан эрдэнийн зэндмэнэ хөлөглөсөн алтан хазаар чимэг тоног сэлттэй морь бий. Түүний баруун дээдэд орших Хангарьд нь огторгуйн махбодь бөгөөд амандаа могой сунган барьсан. Энэ нь хүний сэтгэл оюуны хийморийг бадраадаг, лусын хорлолыг номхотгодог болой. Зүүн дээдэд хөдөлж эрчлэхийн хүйн ялгамжтай, хязгааргүй үүлэн дундаас хүржигнэх дууг дуурсгасан луутай. Луу нь усан махбодийг бэлгэддэг, их эрдэмтэй амьтан гэгддэг. Түүний дор орших бар нь хий махбодийг бэлгэдэх ба бусдыг сүрээр дарагч хурц хумс, дүүлэхэд хоромхон зуур хаа ч хүрэх барын хийморийг бэлгэджээ. Шороон махбодийг арслангаар бэлгэшээсэн буй. Үс зогдроо хөдөлгөн, хүрхэрч буй цастын цагаан арслан оршино. Ийнхүү дөрвөн хүчтэн байгаа нь хүний цог хийморь, сэтгэл санааг тэгш байлгадаг. Хадагны дээд, доод буланд хамар угалз, бадраа угалзын дунд шүхэр хорол жанцан өлзий хумх, лавай, загас, цэцэг бий.
Эх сурвалж: "Өдрийн шуудан"