Ерөнхий сайд таван удаа Үндсэн хууль зөрчсөн гэв

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд таван удаа Үндсэн хууль зөрчсөн гэв

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/-ны залуучууд Үндсэн хуулийн өдөрт зориулан Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Тэд Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсноосоо хойш таван удаа Үндсэн хууль зөрчсөн талаар зурагт хуудас хэвлэн, Үндсэн хуулийг 40 метр урттайгаар хэвлэж, эсэргүүцлээ илэрхийлэв. 40 метр урттай хэвлэсэн Үндсэн хуулиа Ерөнхий сайдад гардуулахыг хүссэн боловч ирж аваагүй юм. Мөн НАМЗХ-ноос Төрийн өндөрлөгүүд, УИХ дахь намын бүлгийн дарга нарт хандан Үндсэн хуулийг хэвлэж, видео хэлбэрээр тарааахаар болсноо дуулгасан. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 26-р тогтоолдоо Төрийн албанд “түр орлон гүйцэтгэх” журам гаргасан, Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 83-р захирамжаар Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар Б.Ариунсанг томилохдоо Үндсэн хуулийн 11-р зүйлийн 1 дэх заалт, 14-р зүйлийн 3 дахь хэсгийн 1, 2, 3, 5 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзжээ. Мөн Стандарчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийг хууль зөрчин ажлаас нь халж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, Баянхонгор, Төв аймгийн Засаг дарга нарыг томилохдоо Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь заалт, 45-р зүйлийн 1 дэх заалт, 45-р зүйлийн 2,3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн, Хөвсгөл, Дорнод аймгуудын засаг даргын түр орлон гүйцэтгэгч томилсон нь Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь заалт, 60-р зүйлийн 2,3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн учраас ийнхүү Үндсэн хуулийн өдөр эсэргүүцэн тайван жагсаал хийж байгаа гэлээ.

“Огцруулах уу, Оршуулах уу” нэртэй жагсаалд оролцогчид Ерөнхий сайд нь  таван удаа Үндсэн хууль зөрчиж байгаа нь огцрох үндэслэл мөн гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Ерөнхий сайдын хууль зөрчсөн үйлдлүүд нь хэрээс хэтрэн иргэний эрхэнд халдаж, тэдний дургүйцлийг хүргэж байна хэмээн НАМЗХ-ноос үзэж, огцруулах шаардлагыг хүргүүлэхээр болоод байгаагаа ч мэдэгдсэн юм.




Гэрэл зургийг Б.Батмөнх


Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж