Хувь хүний хөгжлийн бодлого Дундговиос эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

Хувь хүний хөгжлийн бодлого Дундговиос эхэллээ

Хувь хүний хөгжлийн институт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч” хөтөлбөр хэрэгжүүлээд нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хүрээнд аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга  нарт “Энгийнээр удирдахуй”  удирдлагын  сургалт хийж,  орон нутгийн хувь хүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлж  эхэлжээ. Орон нутагт хувь хүний бодлогыг анхлан хэрэгжүүлж буй аймгаар Дундговь аймаг тодорсон байна. Тус аймгийн Иргэдийн хурлын дарга С.Буджавын санаачилгаар  хувь хүний хөгжлийн институт дээр суурилсан бодлого, стратегитай болж, шаталсан сургалтууд орон нутагтаа зохион байгуулахаар болсноо баталгаажуулж, өнөөдөр санамж бичиг байгууллаа. Санамж бичиг  байгуулах ажиллагаанд Дундговь аймгийн Иргэдийн хурлын дарга С.Буджав, Хувь хүний хөгжлийн институтыг үүсгэн байгуулагч, Хүний эрхийн хуульч М.Ичинноров нар оролцлоо.

Дундговь аймгийн Иргэдийн хурлын дарга С.Буджав “Төр, захиргааны ажилчид жилдээ 1-3 удаа сургалтад хамрагддаг. Харин иргэд тэр бүр хүссэн сургалтад суугаад байж чаддаггүй. Хүүхдэдээ хичээл заахаас эхлээд эцэг, эхэд үргэлж боловсрол дутагддаг. Тиймээс бид иргэнээ хөгжүүлэхийн тулд системтэй, тасралтгүй сургалтуудыг явуулахаар энэ ажлыг эхлүүлж байна. Ингэснээр иргэн хүний сэтгэлгээ, мэдлэг, оюун ухаанд асар их өөрчлөлтүүд орох юм. Хэрвээ хувь хүн хөгжиж чадвал тухйн хүний хувийн амьдрал сайжрахаас эхлээд байгууллагыг  зөв удирдаж,  орон нутгаа  хөгжүүлэхэд гар бие оролцож байна  гэсэн үг” гэсэн юм.

М.Ичинноров: Орон нутгийн хөгжил хувь хүний гарт байна

-Хувь хүний хөгжлийн институтыг үүсгэн  байгуулагч, Хүний эрхийн хуульч М.Ичиноров “Хувь хүний хөгжлөөс нийгэм, бат бөх гэр бүл хамаарна. Тиймээс нийгмийн хөгжлийн гол түлхүүр нь хувь хүний хөгжил юм. Орон нутгийн хөгжлийн түлхүүр ч хувь хүний гарт байна. Энэ философид үндэслэн бид “Хувь хүний хөгжлийн институт”-ыг байгуулсан. Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаачлагыг анх Дундговь аймаг дэмжлээ. Аймгийнхаа хувь хүмүүсийг хөгжүүлэхэд ингэж идэвхтэй ажиллаж байгаад тус аймгийн удирдлагуудад баяр хүргэмээр байна. Одоо Дундговь аймагт хувь хөгжлийн талаар томоохон хэлэлцүүлэг, бодлого боловсруулах ажиллагаа явагдана. Тус аймагт шаталсан сургалтуудыг манай байгууллагаас явуулах юм. Орон нутаг өнөөдөр бие дааж хөгжих статустай явж байгаа. Орон нутгийн иргэд орон нутгаа яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр өөрсдөө санаачилгатай оролцуулдаг болгоно. Ер нь хөгжсөн, төлөвшсөн хувь хүн бол шинэчлэлд оролцдог. Хөгжөөгүй хүмүүс ямар нэгэн зүйлд шүүмжлэх байр сууринаас ханддаг. Тэгэхээр Дундговь аймагт “Хувь хүний хөгжлийн хөтөлбөр” хэрэгжсэнээр олон  сайн үр дүн гарна гэдэгт бид найдаж байгаа” гэсэн юм.

Хувь хүний хөгжлийн институт өнгөрсөн нэг жилийн хугацаанд 100 гаруй хүнд сургалт хийж, 10 мянган оюутанд лекц уншиж, төрийн болон хувийн хэвшлийн 100 гаруй байгууллагад хувь хүний хөгжлийн, байгууллагын хөгжлийн, удирдлагын сургалтууд хийжээ. Мөн тус институтээс эрхлэн гаргадаг “Амжилтын хөтөч” хуанлитай ном  “Интер ном” номын их дэлгүүрийн бестселлерийн жагсаалтыг тэргүүлж,  шилдэг бүтээлийн шагнал хүртсэн байна.  Цаашдаа Хувь хүний хөгжлийн институт  эмэгтэй, эрэгтэй хүмүүс, гэр бүл, өсвөр үеийнхэнд зориулсан сургалтууд хийхээр төлөвлөжээ.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж