
Түүнчлэн цэргийн баг анх удаагаа бие дааж хүнс, хүн эмнэлэг, ар талын хангалтыг зохион байгуулах болсон нь манай цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүнд асар өндөр үүрэг хариуцлагыг хүлээлгэж байна гэж Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний жанжин штабаас дүгнэж байгаа аж.
Нөгөөтэйгүүр он гарсаар НҮБ-ийн мандат бүхий энхийг сахиулж буй орнуудын цэргүүд халдлагад өртөж, амь насаа алдах олон тохиолдол гарсаар байна. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй Монголын цэргүүд рүү ч халдахгүй гэх баталгаа байхгүй гэдэг нь ч сэтгэл түгшээж байна. Харин Зэвсэгт хүчний удирдлагууд эл асуудалд хэрхэн хандаж байгаа талаар Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга бригадын генерал Б.Баярсайханаас тодрууллаа.
-Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй гадаадын цэргүүд рүү халдсан, тэдний амь насыг хөнөөсөн хэд хэдэн тохиолдол ойрмогхон гарлаа. Манайх үүнээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангахын тулд ямар ажил хийж байна?
-Одоогоор манай энхийг сахиулагчид халдлагад өртөж, амь эрсэдсэн тохиолдол байхгүй. Бид энхийг сахиулж буй бүрэлдэхүүнүүдтэйгээ байнга холбоотой байж үүрэг чиглэл өгөн, анхааран ажиллаж байна. Мэдээж хэрэг энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй хүмүүст амаргүй байгаа. Гэхдээ манай цэрэг, дайчид сайтар бэлтгэгдсэн, мэргэжлийн хүмүүс байгаа учраас асуудалд бодитоор хандаж, дээрээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байна.
-Байнга холбоотой байна гэдэг нь ямар хугацаа вэ?
-Бид өдөр болгон тайлан мэдээ авч, үүрэг чиглэл өгч байна. Шаардлагатай тохиолдолд шууд холбоо барих техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан гэсэн. Тиймээс энэ тал дээр санаа зовохгүй байж болно гэсэн үг.
– Сьерра Леонд энхийг сахиулж буй Монголын Зэвсэгт хүчний багийн бүрэлдэхүүнд жирэмсэн эмэгтэй байгаа нь үнэн үү?
-Тийм. Гэхдээ энэ нь тэр хүн үүргээ гүйцэтгэхэд саад болох шалтгаан биш.
-Жирэмсэн эмэгтэйг яагаад энэ багийн бүрэлдэхүүнд багтаасан юм бэ. Тэгэж болдог юм уу?
-Жирэмсэн эмэгтэйг явуулсан гэж ойлгож болохгүй. Тийм ч зүйл болоогүй. Тухайн үүрэг гүйцэтгэгч гэр бүлийн хүний хамт Сьерра Леонд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр явсан юм. Харин тэнд очсоныхоо дараа нь жирэмсэн болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ энэ нь ямар нэгэн дүрэм, журмыг зөрчөөгүй учраас багийн бусад гишүүний нэгэн адилаар үүрэгт хугацаандаа үүргээ гүйцэтгээд л ирнэ гэж ойлгох хэрэгтэй гэв.
Ямартай ч Сьерра Леонд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байсан монгол эмэгтэй жирэмсэн болсон гэдгийг албаны хүмүүс баталж байна. Түүний биеийн байдал сайн байгаа гэнэ.