Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр зохион байгуулав. Энэ арга хэмжээний хүрээнд Үндсэн хуулийн цэцээс зарласан Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээрх сэдэмж бичлэгийн уралдаанд ирүүлсэн бүтээлээ уралдаанд оролцогсод танилцууллаа. Тэд “Үндсэн хуулийн эрх зүйн хариуцлага хууль зүйн хариуцлагын нэг төрөл болох нь”, “Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдэд тавигдах шаардлага, шалгуур-орчин үеийн чиг хандлага”, “Үндсэн хуульт ёсны төлөвшил ба Үндсэн хуулийн “Цагаан толгой”, “Эрх зүйн шинэтгэлд Үндсэн хуулийн шүүхийн гүйцэтгэх чиг үүрэг”, “Ардчилсан төр ба Үндсэн хууль” сэдвээр сэдэмж бүтээл ирүүлснийг шүүгчдийн баг шалгаруулав. Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн даргын нэрэмжит анхны шагнал болон Үндсэн хуулийн цэцийн Хүндэт өргөмжлөл, Хүндэт тэмдэг гардуулах ёслол боллоо.
Үндсэн хуулийн цэцийн даргын нэрэмжит анхны шагналыг Монгол Улсын анхны ерөнхийлөгч асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Пунсалмаагийн Очирбатад хүртээлээ.
Мөн ёслол, хүндэтгэлийн энэ арга хэмжээг зохион байгуулагсад Үндсэн хуулийн цэцийн номын санд байгаа “Монгол Улсын Үндсэн хуулийн үгсийн чуулган”, “Үндсэн хуулийн товчоон”, “Үндсэн хуулийн мэдлэг”, “Үндсэн хуулийн маргаан” зэрэг боть ном , товхимолууд, иргэн Л.Төр-од анхны Үндсэн хуулиас аваад өнөөг хүртэлх Үндсэн хуулиуд тэдгээртэй холбоотой номын хувийн цуглуулгаасаа дэлгэн тавьсан байв.
Түүнчлэн “Процессийн эрх зүйн толь /гарын авлага/, “Процессийн эрх зүй” / онол, туршлага/, “Монгол Улсын Үндсэн хуульд орсон харь үг”, “Монгол Улсын төрийн бэлгэ тэмдэг” зэрэг шинэ номтой танилцах боломжтой байв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.