Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна

Хуучирсан мэдээ: 2014.01.09-нд нийтлэгдсэн

Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна

Монголчууд өвлийн улирлын хамгийн хүйтэн өдрүүдийг зурхайн цаг тооны бичгийн дагуу есийн тооллоор хэмждэг уламжлалтай. Тоолол ёсоор бол өнөөдөр гурван ес буюу бидний хэлж заншсанаар гунан үхрийн эвэр хөлдөм хүйтэн эхэлж байна. Ес эхэлснээс хойш нийт нутгаар хамгийн хүйтэрсэн нь нэгдүгээр сарын 7, 8-нд байжээ. Энэ үеэр хотод шөнөдөө -31 хэм, Туул голын сав газар орчмоор -38 хэм хүйтэн байсан бол өдөртөө -24 градус хүрчээ. Өнөөдрийн хувьд үүнтэй адил байх төлөвтэй ажээ. Энэ өвөл ойрын 40 жилдээ тохиогоогүй дулаан болж байна гэх ч гурав, дөрвөн ес үргэлжлэх өдрүүдэд хүйтний эрч чангарахыг цаг уурчид анхааруулж байна.

Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв ямар байхыг Ус, цаг уур, орчны хүрээлэнгийн цаг уурч Д.Сумъяагаас тодрууллаа.

-Ойрын өдрүүдэд хүйтний эрч энэ хэвээр байх болов уу?

-Ер нь энэ сар гаргаад эрс хүйтэрлээ. Өнөөдөр нийт нутгаар хүйтэн, хотод өдөртөө -21 хэм, шөнөдөө -32 хэм байна. Ойрын өдрүүдэд буюу маргаашнаас нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. Ингэхдээ 2-3 хэмээр суларч, өдөртөө 16-18 хэм, шөнөдөө 26-28 хэм хүйтэн байх төлөвтэй. Ойрын үед цас орж, хүчтэй салхи салхилахгүй.

-Хөдөө, орон нутгийн хувьд?

-Орон нутгаар ойрын өдрүүдэд мөн хүйтний эрч сулрах төлөвтэй. Нутгийн хамгийн хүйтэн хэсэг болох Дархадын хотгор, Завханы хойд хэсгээр гэхэд өдөртөө 26-27 хэм хүйтэн, шөнөдөө 39-41 хэм хүйтэн байна. Нэгдүгээр сарын 10, 11-нд Хөвсгөл, Завханд бага зэрэг цасаар шуурах төлөвтэй. Хүйтний эрч бага зэрэг суларсан ч дулаарчихна гэсэн үг биш тул иргэд, малчид сайн анхаарч, бэлтгэлтэй байхыг сануулж байна.

-Сарын сүүлээр ямархуу байх бол?

-Сарын сүүл үеийг одоохондоо тодорхой хэлэх боломжгүй байна. Ерөнхий төлвөөр сарын сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна.

Б.МИШЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж