Францын шигшээ хүнд байдалд орлоо

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Францын шигшээ хүнд байдалд орлоо

Францын шигшээ хүнд байдалд орлоо

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний "А" хэсгийн хоёрдугаар тойргийн Франц болон Мексикийн багийн тоглолт өнгөрсөн шөнө Полокване хотноо өрнөж, 2:0 харьцаатай мексикчүүдийн ялалтаар өндөрлөлөө.

Тоглолтын хоёрдугаар хагаст Хавьер Эрнандес болон туршлагатай тоглогч Куаутемок Бланко нарын оруулсан гоол Реймон Доменекийн залуусыг буулгаж авахад хангалттай байсан юм. Ингэснээр хэсгийн сүүлийн тоглолтод хоорондоо тоглох Уругвай болон Мексикийн багууд тэнцэхэд л Франц болон Өмнөд Африкийн багийн тоглолтын үр дүнгээс үл хамааран хэсгээсээ гарах бүрэн боломжтой юм. Хоёр багийн тоглолт 22-нд Рустенбург хотноо тоглоно.

Хүндхэн байдалд орсон Францын дасгалжуулагч Доменек тоглолтын дараа "Одоо бидэнд ид шид л тус болно байх. Бид хүчтэй байх хэрэгтэй, наанадаж л нэр хүндийнхээ төлөө тоглох ёстой. Дараагийн шатанд шалгарахгүй байсан ч сүүлийн тоглолтод бид ямар нэг онцгой зүйлийг үзүүлэх ёстой. Одоо бидний ирээдүй бусдаас бүрэн хамааралтай боллоо. Өөр хэлэх зүйл алга" гэжээ.

Мөн өчигдөр тэмцээний "В" хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд болж, Аргентиний шигшээ баг 4:1 харьцаатай Өмнөд Солонгосын багийг бут ниргэсэн бол Грек 2:1-ээр Нигерийн шигшээг хожсон юм.

Диего Марадонагийн удирдсан Аргентиний шигшээ багийн тоглогч Гонзало Игуаин энэ жилийн дэлхийн аваргын анхны хет-трикийн эзэн болсон. Нээлтийн тоглолтдоо Грекийн багийг буулган авсан Өмнөд Солонгосчууд тоглолт эхлээд удаагүй хаалгандаа авто-гоол оруулсан бөгөөд эхний хагас 2:1 харьцаатай өндөрлөсөн юм. Харин бусад гоолын тухайд Игуаин 33, 76 болон 80 дахь минутад Жун Сун-рьёны хаалгыг мялаажээ.

Блумфонтейн хотноо өрнөсөн Нигер болон Грекийн тоглолтод 16 дахь минутад Калу Уче тооны харьцааг нээж, "Супер бүргэдүүд" тоглолтыг хошуучилж эхэлсэн ч эхний хагас өндөрлөхийн өмнөхөн Салпингидис тэнцээний бөмбөгийг оруулжээ. Энэ гоол Грекийн шигшээ багийн түүхэн дэх дэлхийн аваргад оруулсан анхны гоол нь байсан юм.  Улмаар хоёрдугаар хагасын 71 дэх минутад Торосидис багтаа ялалт авчирсан гоолыг оруулжээ. Энэ ялалт мөн л тэдний хувьд дэлхийн аваргын анхны хожил байлаа.

Ийнхүү хоёр тойргийн тоглолтын дараах байдлаар Аргентинчууд зургаан оноотой хэсэгтээ тэргүүлж байгаа бол хоёр тоглолтод ялагдал хүлээсэн Африкийн төлөөлөл Нигерийн шигшээ хэсэгтээ сүүл мушгиж байна

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж