-ЦЕГ-ын бүтэц, орон тоог өмнөхөөс нэмэгдүүлсэн тушаалыг сайд гаргаж, түүний дагуу томилгоо хийгдэж эхэлсэн гэж ойлгосон. Зөв үү. Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа томилгооны талаар эхлээд ярилцах уу?
-Цагдаагийн албаны тухай хуулиа эхэлж ярьсан нь дээр гэж би бодож байна. Цагдаагийн байгууллагын тухай хууль 1992 онд батлагдсанаас хойш 20 жилийн турш өдийг хүртэл өөрчлөгдөөгүй. Энэ хугацаанд цагдаагийн байгууллага өөрийн үндсэн чиг үүрэгт огт хамааралгүй захиргааны үүргийг авсан байдаг. Тамга тэмдгийн бүртгэл, хорихоос суллагдсан хүмүүст хяналт тавих гэх мэтчилэн. Дээрээс нь дотоодын цэргийг бүрэлдэхүүндээ авсан байдаг. Энэ бүхнийг цэгцлэх шаардлага бий. Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас салбарлаж гарч ирсэн цэрэг хүчний байгууллага гэсэн тодотголтойгоор ажиллаж ирснээс болж иргэдэд үйлчлэх, тэдний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хангалттай биелүүлж чадаагүй. Иргэдийн дунд цагдаа олон нийтийг айлгаж ичээдэг, дураараа шалгадаг, торгодог гэсэн ойлголт давамгайлах болсон. Энэ бол орчин үеийн цагдаагийн үүрэг, чиг хандлага огт биш. Өнгөрсөн 20 жилд нийгмийн хандлага шал өөр болсон байна шүү дээ.
Саяхан Хууль сахиулах их сургуулиас цагдаагийн хуулийг хэрэгжүүлж буй нөхцөл байдалд судалгаа хийсэн. Уг судалгаагаар цагдаагийн байгууллага захиргааны нүсэр бүтэцтэй, шат дараалсан удирдлагын тогтолцоо ихтэй болох нь тогтоогдсон. Үйлдвэрлэлийн бүтцэд ажиллагсдаасаа илүү дарга удирдлагын тогтолцоо давамгай байгаа нь анзаарагдсан. Цагдаа бол олон нийтэд үйлчилдэг, тэдний итгэл хүлээсэн хүмүүс байх ёстой. Үнэнийг хэлэхэд 1980-аад онд хэсгийн төлөөлөгч цагдаа нар ард олондоо ажлаа тайлагнадаг л байсан шүү дээ. Ерээд оноос хойш мартагдсан энэ зарчмыг сэргээнэ. Цагдаа нар даргадаа зориулж тайлан гаргадаг, өөр хоорондоо уралддаг байх ёсгүй, иргэнд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байх ёстой гэсэн зарчмыг хуульд суулгаж өгсөн.
-Хууль батлагдсанаар ямар ямар өөрчлөлт орох вэ?
-Хэд хэдэн шинэлэг зарчим байгаа. Нэгдүгээрт, иргэн төвтэй цагдаа буюу иргэний зөвлөлтэй болно. Иргэний зөвлөл нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, санхүүгийн тайланг хянахын дээр бодлого төлөвлөгөөг ч хамтдаа боловсруулдаг байх юм. Мөн олон нийтийн цагдаа гэсэн шинэ бүтцийг хуульд оруулсан. Олон нийтийн цагдаа нь гүйцэтгэх үүргийнхээ хувьд хэв журмын цагдаатай адил байх бөгөөд 20 нас хүрсэн, эрхзүйн чадамжтай иргэн хэн боловч энэ үүргийг гүйцэтгэж болно гэж хуульд заасан. Энэ бол хуучин социализмын үед байсан олон нийтийн урамшуулалт эргүүлтэй төстэй. Олон нийтийн цагдаа нь сайн дурын мэт боловч цагдаагийн зарим эрхийг эдэлж, үүрэг хүлээдэг, цагдаад туслах үүрэгтэй хүмүүс гэж ойлгож ч болно.
Хоёрдугаарт, цагдаагийн цол хэргэмд өөрчлөлт орж байгаа. Одоо байгаа дэслэгчээс хурандаа хүртэлх хуучин цол хэвээр боловч дээр нь дээд цол нэмэгдэж буй юм. ЦЕГ-ын дарга нь комиссар, тэргүүн дэд дарга нар нь дэд комиссар, туслах комиссар гэхчилэн дээд цолтой болсон. Мөн хэлтсийн даргаас дээш албан тушаалын цолтой болж байгаа. Цагдаагийн ажилтнуудад гурван жил тутамд цол нэмдэг байсан бол одоо тэгэхгүй. Цагдаагийн цол хэргэм цэргийнхтэй адил байсныг салгаж байгаа. Цэрэгт албан хаагчдыг цолоор уяж тогтоохыг үгүйсгэх аргагүй. Тэгвэл цагдаа нар цолондоо баригдах ёсгүй. Тухайн албан тушаалаас буурвал цолоо өгдөг, тушаал дэвшвэл цол нэмэгддэг байх учиртай. Ингэж гэмээнэ шударга өрсөлдөөний системтэй болно. Цаашдаа цолоороо цалин нэмэгддэг бус ур чадвараараа нэмэгддэг болох юм. Одоо бол хамгийн өндөр цалинг хурандаа, бага цалинг дэслэгч авч байгаа. Хойшдоо том дарга бага цалинтай байж болно. Хэлтэс, газрын даргаасаа өндөр цалинтай мөрдөгч байж яагаад болохгүй гэж. Тэгэхгүйгээс бүгд албан тушаалын төлөө тэмцэж эхэлж байна шүү дээ. Харин хойшид цол сонин биш болно гэсэн үг. Түүнчлэн шинэ хууль батлагдсанаар цагдаагийн агсамж өөрчлөгдөнө. Хувцас, хэрэглэл бүгд өөрчлөгдөж байгаа.
-Цагдаагийн хэлтэс албадын бүтэц хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ?
-Нийслэлд өнөөдөр цагдаагийн 12 хэлтэс ажиллаж байгаа. Улаанбаатар бол хэдийнээ метрополис хот болчихоод байна шүү дээ. Тэгэхээр 100 мянган хүн тутамд нэг цагдаагийн хэлтэс байхаар зохион байгуулалт хийж байна. Тэр дотроо хэсэг, дэд хэсгийн норм, нормативыг тогтоосон. Иргэд цагдаагийн үйлчилгээг хол явж авах бус аль болох ойр байх ёстой.
-Эрүүгийн цагдаагийн газар болон Улсын мөрдөн байцаах газрыг нэгтгэж, бүтэц орон тоог нь цомхотгосон гэж ойлгосон, зөв үү?
-Үгүй ээ, буруу ойлгосон байна. Дээрх хоёр байгууллагыг нэг газарт түр харьяалуулж, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх нэг, хоёрдугаар хэлтэс гэж байгуулж байгаа. Энэ хоёр байгууллагыг шууд нэгтгэх боломжгүй. Одоогийн Эрүүгийн хуулийн хүрээнд нийлүүлэх боломжгүй, өөр өөр чиг үүрэгтэй байгаа юм.
ЦЕГ-ын тухайд бүтэц 1990 онд 60 байсан. Өнөөдөр ч ийм байгаа. Тиймээс энэхүү орон тооны дээд хязгаарыг 157 болгох шийдвэрийг Хуульзүйн сайд 2012 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр тушаал гарган баталсан. ЦЕГ-т нийт бүрэлдэхүүний 1,7 хувьтай тэнцэх хэмжээгээр баталсан. Энэ бол бусад улс оронтой харьцуулахад хэтийдсэн үзүүлэлт биш. Одоогоор зарим нэг томилгоо явагдаж байна. ЦЕГ-ын дарга томилгоог хийж байгаа.
-Томилгоонд Хуульзүйн яамнаас оролцоо байгаа юу?
-Хуульзүйн яам томилгоонд огт оролцохгүй байгаа. Хуульзүйн сайдын хувьд бүрэн эрхийнхээ хүрээнд агентлагийн дэд даргыг томилох эрхтэй. Энэ дагуу Цагдаагийн албаны тухай хуулийг боловсруулахад анхнаас нь оролцсон хүмүүсийг ЦЕГ-ын дэд даргаар томилсон. Эдгээр хүмүүс бол Ж.Ганбаатар, С.Баатаржав, Д.Эрдэнэбаатар нар юм. Эд нарын туршлага ур чадварт эргэлзээгүй гэж үзэж байгаа.
-Эрүүлжүүлэх байрыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлнэ гэдэг олон хүнд эргэлзээ төрүүлж байна л даа?
-Эрүүлжүүлэх байр бүхэлдээ ЭМЯ-ны харьяанд очно гэсэн үг биш. Эрүүлжүүлэхэд очиж буй хүмүүсийн бараг 90 хувь нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүмүүс байдаг. Согтуугаар гэмт хэрэг үйлдэхийг завдсан, агсан согтуу тавьсан тэр хүмүүсийг эмчийн хяналтын доор эрүүлжүүлдэг нь хэвээр байна. Үлдсэн 7-10 хувь нь согтоод гудамжинд унасан, архины хордлогод орсон, бусдад гэм хор учруулаагүй, ямар ч гэмт хэрэг зөрчил үйлдээгүй хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай хүмүүс байдаг. Тэдэнд л эмнэлгийн тусламж үзүүлнэ гэсэн үг. Түүнээс бүх эрүүлжүүлэх байрыг ЭМЯ-нд шилжүүлэх хэрэг биш. Ямар ч гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй хүмүүсийг цагдаагийн байгууллага саатуулах эрхгүй. Тиймээс тэдгээрийг эрүүлжүүлэх үүргийг ЭМЯ хариуцна л гэж заасан.
-Бусад энгийн байгууллагуудад бүтэц зохион байгуулалт, шинэчлэлт өөрчлөлт удаан хугацаанд үргэлжлэх нь бий. Цагдаагийн байгууллагын хувьд шуурхай хийх боломж бий юү. Шинэчлэлийн үр дүн хэзээ гарах вэ?
-Шинэчлэлийн үр дүн эхнээсээ гарч байгаа. Зургаан дүүргийн 12 хэлтсийг шинэ байранд оруулж, иргэдэд ойртуулах ажлыг хэдийнэ эхлүүлсэн. Яармаг, Дамбадаржаа, Баянзүрхийн тавдугаар хорооны нутагт цагдаагийн хэлтсийн шинэ байруудыг өнгөрсөн онд багтаан ашиглалтад оруулаад байгаа. Бүтэц томилгооны хувьд босоо тогтолцоотой байгууллага учир шуурхай хийгдэх боломж бий. Бүтэн жилийн өмнөөс шинэтгэлийн эхлэлээ тавьсан. Тиймээс цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа саармагжих, гэмт хэргийн илрүүлэлт удаашрах, ял завших зэрэг бусармаг үйлдлүүд гарахгүй. Алба хаагчид хэвийн, тасралтгүй ажиллах боломжтой. Ирэх сарын дунд үе гэхэд томилгоог дуусгах үүрэг өгсөн. ЦЕГ-аас ч дуусгах боломжтой гэсэн хариу өгөөд байна.
-Шинэчлэлийн үр дүнд иргэдэд үйлчлэх үйлчилгээний хүртээмж иргэдэд ойртоно гэж ойлгож болох уу?
-Ер нь бол гол зорилго тэр. Тиймээс ч Хуульзүйн сайд бүтэц зохион байгуулалтыг батлахдаа нийгмийн хэв журмын болон замын цагдаагийн газрыг татан буулгаж, дүүрэгт хуваасан. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн төвшинд хүний тоог нэмэгдүүлж байгаа гэсэн үг.
-Ингэхэд цагдаагийн алба хаагчдад өөрсдөд нь ямар өгөөжийг өгөх вэ?
-Цагдаагийн байгууллага өөрөөХөдөлмөрийн хуулийг маш их үөрчдөг газар шүү дээ. Олон цагаар ээлжгүй ажиллуулдаг байсныг болиулах, цагдаагийн ажилтнуудын ажиллах нөхцөл байдлыг сайжруулахаар хуульчилсан. Цагдаагийн ажилтан ажлын байрандаа дүрэмт хувцастай байх боловч тарахдаа хувцсаа солиод энгийн хувцастай харих боломжтой болж байгаа.
-Албан тушаалын цол бий болсноор өмнөх хуулиар олгосон цолыг яах вэ?
-Дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталж байж энэ асуудлыг шийднэ. Бид энэ сардаа багтаан УИХ-аар шийдүүлэхээр эрмэлзэж байна. Зөвхөн цол хэргэмийн асуудал төдийгүй цагдаагийн энгийн албыг хэрхэх, эрүүлжүүлэх байр, дотоодын цэргийн асуудлыг ч дагаж мөрдөх журмын тухай хуулиар шийдвэрлэнэ. Суманд ажилласан албан хаагчид таван жил тутамд нэмэгдэл олгодог. Түүнийг хэрхэх зэрэг олон асуудал дагаж мөрдөх хуулиар шийдэгдэнэ.
-Тахарын албаны тухайд юү хэлэх вэ?
-Тахарын тухай хууль бол батлагдсан. Харин алба нь хараахан байгуулагдаагүй байна. Тахарын алба байгуулагдсаны дараа дэлгэрнгүй мэдээлэл өгөх болно.