![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/9/23285d023307ed84/7d1e936e15be055boriginal.jpg)
Одоогоор дипломат харилцаа тогтоох санал тавьсан 45 улсаас 15 нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоогоод байна. Ямайка улстай 2012 оны аравдугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурсан бол үлдсэн 29 орны тухайд өнгөрсөн оны гуравдугаар сарын 2-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дипломат харилцаа тогтоох асуудлыг дэмжсэн тул уг асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж дэмжигдсэн байна. Иймээс тус байнгын хорооноос Засгийн газарт үүрэг болгосны дагуу эдгээр орнуудтай дипломат харилцаа тогтоох ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар есөн орон Монгол Улстай дипломат харилцаа тогтоох саналыг Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан зөвшөөрч, Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зуржээ. Үүнд, Антигуа Барбуда улс, БНБурунди улс, БНВануату улс БНПалау улс, БНСуринам улс, БНСьерра Леон улс, БНТого улс, Эритри улс, Ямайка улс Нью-Йорк хотноо тус тус Хамтарсан мэдээнд гарын үсэг зуржээ. Иймээс эдгээр сөн улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын 2013 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу УИХ-д өргөн мэдүүлжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн Сү.Батболд цаашдаа нэмж хэдэн улстай дипломат харилцаа тогтоох чиглэлээр ажиллаж буйг тодруулахад сайд Л.Болд “Одоогоор гурван улс манайтай дипломат харилцаа тогтоох санал тавьж хамтарсан мэдээ гаргаад байгаа. Үлдэж байгаа 18 улстай энэ ондоо багтаан дипломат харилцаа тогтоох чиглэлээр Гадаад харилцааны яам идэвхтэй ажиллаж байгаа” гэсэн хариулт өгөв.
Ингээд тогтоолын төслүүдтэй холбогдуулан гишүүдээс санал хураахад 100 хувийн саналаар дэмжлээ.
Байнгын хорооны хуралдаанаар дараа нь Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль тогтоомжтой холбоотой мэдээлэл хэлэлцэж, энэ талаар Гадаад харилцааны сайд Л.Болд танилцуулга хийсэн юм.
Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль болон уг хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол 2000 оны хоёрдугаар сарын 3-нд тус тус батлагдсан байна. Энэ хууль нь Монгол Улсын аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангахад чухал хүчин зүйл болох Монгол Улсын нутаг дэвсгэрийг цөмийн зэвсгээс ангид байлгахтай холбогдсон харилцааг үндэсний хэмжээнд зохицуулж, олон улсын өргөн дэмжлэгийг авч байна. Цөмийн зэвсгээс ангид байх тухай манай улсын статус нь өөрийн улсын аюулгүй байдлыг бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдалтай шууд холбож буйгаараа чухал юм. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас хоёр жил тутамд гаргадаг Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай тогтоолд тодорхой заасан байдаг бөгөөд манай улсын нэр хүндийг зөвхөн НҮБ-ын хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд өргөж байгаа юм гэдгийг сайд танилцуулгадаа онцлов.
Энэхүү хууль тогтоомж батлагдсанаас хойшхи хугацаанд Гадаад харилцааны яам хуулийн хэрэгжилтийг 2006 онд гарган УИХ-ын холбогдох байнгын хороо болон Засгийн газарт танилцуулахын зэрэгцээ НҮБ, Олон улсын атомын энергийн агентлагт мэдэгдэж иржээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд Гадаад харилцааны сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан энэ талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, улам боловсронгуй болгох үүднээс байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж ажиллуулах саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль болон уг хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2000 оны 19 тоот тогтоол болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг гаргаж, санал дүгнэлт боловсруулан байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг гишүүн М.Батчимэгээр ахлуулан байгуулахыг дэмжив. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Цог, Сү.Батболд, Л.Болд нарын бүрэлдэхүүнтэйгээр, мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийг Гадаад харилцааны яам, Цөмийн энергийн газар болон холбогдох бусад байгууллагуудын удирдах ажилтан, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулах тухай байнгын хорооны тогтоолыг батлав.
Мөн хуралдаанаар байнгын хорооноос 2014 онд хийх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэж гишүүдээс гаргасан саналыг тусган батлахыг гишүүд дэмжлээ.