
Хэлэлцүүлэгт ЦУОШГ-ын дарга С.Энхтүвшин, дэд дарга Д.Цээсодролцоо, газрын хэлтсийн дарга нар, харъяа байгууллагуудын удирдлагууд оролцож, хөгжлийн хөтөлбөрт тусгах саналыг дэвшүүлж, хэлэлцүүлсэн юм. Энэ удаагийн хэлэлцүүлгээс Монголын Ус цаг уур, орчны хяналт-шинжилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийн төслийг Дэлхийн цаг уурын байгууллагын 2025 он хүртэлх хөтөлбөр, Үндэсний хөгжлийн цогц бодлого, мянганы хөгжлийн зорилтууд гэхчилэн олон улсын болон үндэсний хэмжээний хөтөлбөр, конвенциудтай уялдуулан боловсруулахаар болжээ.
Түүнчлэн хөтөлбөрийн ерөнхий агуулгад Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, технологийн шинэчлэл хийх, дэлхийн жишигт нийцсэн дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлэх, боловсон хүчнийг сургах, чадавхийг дээшлүүлэх зэрэг чухал асуудлыг тусгах нь зүйтэй гэж үзжээ. Тус салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, цаашид “Хөгжил–2030” хэлэлцүүлгийг долоо хоног бүрийн лхагва гаригт тогтмол хийж байхаар болсон байна.