МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт :
-МАН-ын бүлгийн зүгээсЗасгийн газарт таван хуулийн төслийг өргөн барьж байна. 2012 оны тавдугаар сард МАН Засгийн эрх барьж байх үедээ цалин, тэтгэврийг 53,8 хувиар нэмэгдүүлсэн. Гэтэл үүнээс хойш 2014 он гарсан байх хугацаанд цалин, хөлс нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй байхад бараа бүтээгдэхүүний үнэ өсч, төгрөгийн ханш буурч, доллар өссөн нь ард иргэдийн орлого багасч, амьдрал туйлдаж байна. Тиймээс үнийн өсөлттэй уялдуулан цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд яаралтай арга хэмжээ авах шаарлагыг хүргүүлж, Засгийн газрын хийж чадахгүй байгаа хуулийн төслүүдийг бид өргөн барихаар болсон. АН-ын 2012 оны мөрийн хөтөлбөрт Ажилтай орлоготой Монгол хүн гэж тусгасан. Үүн дотор цалин, тэтгэврийг инфляцитай уялдуулан нэмнэ гэсэн заалт бий. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан, сонгуулийн мөрийн хөтөлбөрийн заалтаа хэрэгжүүлээч гэсэн шаардлагыг хүргүүлж байна. Цалин, тэтгэврийг нэмэхдээ бага, дунд орлоготой иргэдийн цалин юуны түрүүнд нэмэгдүүлэх шаардлагатай байна. Төрийн албан хаагчийн цалин дунджаар 615 мянга, багш, эмч нарын дундаж цалин 540 мянга байхад төрийн албанд ажиллаж буй үйлчлэгч, тогооч зэрэг үйлчилгээний ажилтнуудын цалин 320 мянган төгрөг байх жишээтэй. Тиймээс эхний ээлжинд бага орлогтойгийнх нь цалинг өндөр нэмэгдүүлж, өндөр цалинтайг нь бага нэмэх санал тавьж байна. Энэ таван хуулийг хурдан хэлэлцээд, УИХ-аар батлуулбал, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх боломжтой.
МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол:
– Цалин тэтгэврийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. МАН-ын зүгээс өнгөрөгч хугацаанд манай нам 21 аймагтаа ажиллаж, бизнес эрхлэгчид, иргэний нийгэм, ТББ-уудын төлөөлөлтэй уулзахад өнөөгийн эрх баригчдын явуулж буй бодлого, үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Иргэд үндэслэл тооцоо муутай, үр ашиг багатай, хууль тогтоомж зөрчсөн, бодлогогүй үйл ажиллагааны улмаас улс орны эдийн засаг, төсөв санхүү хүндэрч, өдөр ирэх бүр иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаад анхаарах цаг болсон. МАН-ын зүгээс Засгийн газарт шаардлага хүргүүлж, олон удаа хэлж байсан боловч бодит үр дүн гарахгүй байгаа учраас ийнхүү таван хуулийн төслийг өргөн барьж байна. Цалин тэтгэврийг нэмэгдүүлэхийн тулд инфляцитай уялдуулах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн индекстэй уялдуулан цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Ерөнхий сайд цалин, тэтгэврийг дуулиантайгаар нэмэгдүүлэхээр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ гэж ярьсаар өдийг хүрсэн. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг нэмэхгүйгээр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, чимээгүй нэмэх аргыг нь зааж өгч байна гэсэн үг юм. МАН-ын 10 гишүүний зүгээс Нийгмийн даатгалын сангийн тухай, Хөдөлмөрийн тухай, Төрийн албаны тухай, Нийгмийн халамжийн тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх тухай зэрэг таван хуулийн төсөлд өөрчлөлт оруулах төслөө Засгийн газарт өргөн барьж байгаа юм.