Энэхүү маргааны гол агуулга нь Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтын дагуу анхан шатны журмаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд нэг иргэдийн төлөөлөгч оролцуулах болсон нь Үндсэн хуулийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэснийг зөрчсөн эсэх тухай маргаан юм. Өмнө хуралдсан Дунд суудлын хуралдаанаас УИХ-аас баталсан хууль нь Үндсэн хуулийг зөрчсөн байна гэх дүгнэлт гарсан бөгөөд “Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлд “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Монгол Улсын шүүхийн тухай хуулинд “Бүх шатны шүүх нь Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэж зааснаас үзэхэд шүүхийг зөвхөн шүүгч бүрдүүлэхээр байна. Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлд “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн нь шүүх бүрэлдэхүүнд хамааралтай байна. Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна.” гэснийг иргэдийн төлөөлөгчийг шүүх бүрэлдэхүүнд оролцуулахаар заасан гэж үзэхээргүй байна. Иймд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” хэмээн шийдэж байсан юм.
Хуралдааны дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх бөгөөд Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр хараахан гараагүй байна.