Тэд “Бид энэ ажил хаялтыг хууль бус гэж үзэж байна. Асуудал байж болно, түүнийг нь удирдлагууд шийдвэрлэхгүй бол ажил хаяна гэдгээ гурав хоногийн өмнө нийслэлийн Тээврийн газар албан ёсоор мэдэгдэх ёстой. Хэрвээ урьдчилан мэдэгдсэн бол Нийслэлийн тээврийн газар ажил хаях, талууд харилцан тохирох хүртэл “Автобус 1”-ийн үйлчилдэг чиглэлүүдэд нэмэлт автобус гаргана. Ингэснээр үйлчлүүлэгч иргэдийг хохироохгүй байх боломжтой. Маргааш /I.9/ өдрөөс эхлэн, “Автобус 1”-ийн үйлчилдэг шугамуудад нэмэлт автобус явуулах зохицуулалт хийнэ” гэлээ.
Харин “Автобус 1” ОНӨҮГ-ын удирдлагууд ажилчидтайгаа уулзаж, асуудлыг шийдвэрлэх гэсэн ч ажилчид уулзахгүй байгаа гэлээ.
– “Автобус 1”-ийн ажилчид тун боломжийн цалинтай. Нэг сая 200 мянган төгрөгийн цалин авдаг жолооч байна. Кондукторууд 600-750 мянган төгрөгийн цалин авдаг. Мэдээж ажилласан цаг, биелүүлэх ёстой орлогын норм хүрээгүй тохиолдолд цалин хасагдах нь бий. Энэ жишиг бол хаана ч, аль ч байгууллагад мөрдөгддөг зүйл. Би ажлаа аваад жил болж байна. Ажлаа авмагцаа компанийн мэдлийн хүрээнд ажилчдын цалинг 20 хувь хүртэл нэмсэн. Үүнээс илүү цалин нэмэхээр бол дээд шатны байгууллагууд шийдвэрлэх учиртай. Ажилчдаас компанийн удирдлагуудад гомдол, шаардлага огт ирж байгаагүй. Хэрвээ гомдол, шаардлага удирдлагуудаа хүргүүлээд хариу өгөхгүй, шийдвэрлэхгүй бол ажил хаяж болно. Ажил хаяхдаа бас үйлчлүүлэгч иргэдийг хохироохооргүй урьдчилан мэдэгдсэн байх ёстой.Яг юу нь болохгүй байна? Яагаад байна? Шийдвэрлэх гарцыг хамтдаа хайя, тодруулъя гэхээр уулзахгүй юм” гэдгийг “Автобус 1” ОНӨҮГ-ын дарга Ц.Одонтунгалаг ярьж байна.
Үүний дараа бид “Автобус 1” ОНӨҮГ-ын ажилчидтай уулзсан юм. Ажилчид удирдлагуудын ярьж байгаа шиг өндөр цалин авдаггүй. Жолооч нар гэхэд 720-750 орчим мянган төгрөгний цалин авдаг. Кондукторууд 500 орчим мянган төгрөгийн цалин авдаг. Тухайн өдрийн орлого хүрэхгүй бол цалингаас хасагддаг гэлээ.
-Автобусны жолооч, кондукторууд эргэлт бүрдээ тодорхой хэмжээний мөнгө олох нормтой. Гэвч автобусанд суугаад мөнгө төлдөг хүн алга. Автобусанд ихэвчлэн оюутнууд, ахмад настай хүмүүс суудаг. Тэд мөнгө төлдөггүй. Дунд сургуулийн сурагчдын мөнгөөр орлогоо бүрдүүлж байна. Баяр ёслолын үеэр хүмүүс автобусанд төдийлөн суудаггүй. Тэгээд л норм биелсэнгүй гээд цалин хасагдана. Нэг чиглэлд олон автобус явдаг болохоор уралдахаас өөр арга байдаггүй” гэдгийг ажилчид ярьж байна.
1954 оноос хойш нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг нуруундаа үүрч буй “Автобус 1” ОНӨҮГ ирэх тавдугаар сард 60 жилийн ойгоо тэмдэглэнэ. 60 жилийн түүхтэй тус компани одоогоор Улаанбаатар хотын 10 гаруй чиглэлд үйлчилдэг. Өлзийт, Шувуун фабрик зэрэг нийслэлийн алслагдсан хороодод хүрч ажилладаг. Өнөөдөр 108 автобус шугаманд гарч үйлчлэх ёстой байснаас 26 нь ажилдаа гарчээ. Эдгээр автобусаа Өлзийт, Шувуун фабрик зэрэг бусад компанийн автобус үйлчилдэггүй газруудад явуулсан гэнэ.
“Автобус 1”-ийн жолооч нар 450 мянган төгрөгийн үндсэн цалинтай. Үүн дээрээ тухайн сард хэдэн цаг ажилласнаас хамааран цагийн 500-800 төгрөгийн урамшуулал авна. Тухайн ажилтан нэг сард 200 цаг ажилласан гэж бодвол 100-160 мянган төгрөгийн урамшуулал авах жишээтэй. Мөн орлогын арав хүртэлх хувийг ажилчдадаа олгодог гэнэ. Мөн хоол, унааны мөнгө гэж өдөрт 2400 төгрөгийг олгодог гэнэ.
“Автобус 1” ОНӨҮГ 2013 онд тэтгэвэр, тэтгэмжийн зардлаа хэтрүүлсэн гэсэн дүгнэлт гарсан байна. Тиймээс ажилчдын цалинг нэмэх боломжгүй. Цалин хөлсийг нэмүүлэхээр бол дээд шатны байгууллагууд болох нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Засаг дарга зэрэг байгууллагуудад хандах ёстой аж.