Уул
уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүйтэй Ашигт
малтмалын тухай хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцлаа.
-Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар яриагаа эхлье. Хуульд яг ямар өөрчлөлт орох вэ?
–
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Алтны олборлолт,
хадгалалт, борлуулалтыг ил тод болгох” тухай заасан байдаг. Энэ
хетелберийг УИХ баталсан. Хуулийн гол зорилго нь Алтны салбарын татварын
орчны ерселдех чадварыг сайжруулах л юмаа. Алтны хууль бус далд
худалдааг ил тод болгох, улмаар Монголбанк болон арилжааны банкуудад
төгрөгөөр тушааж буй алтны хэмжээг өсгөх, гадаад валютын нөөцийг
нэмэгдүүлэх, мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад
төрлийн татвараар алт олборлогч компаниас улсын төсөвт оруулах орлогыг
бүрэн төвлөрүүлэх зорилгоор анх “Алтны худалдаанд ил тод байдлыг
бүрдүүлэх тухай” хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д
өргөн барьсан. Өнөөдөр Монголчууд бидний амьдралд Улсын төсвийн орлогоос
илүүтэйгээр валютын төгрөгтэй харьцах ханшны тогтвортой байдал чухал
байна. Шалтгаан нь бид өргөн хэрэглээний барааныхаа 60 орчим хувийг
импортолж байна. Энэ ханшны тогтвортой байдалд гадаад валютын нөөц чухал
үүрэгтэй. Эдгээр зорилтыг ам.долларыг хэвлэж чадахгүй учраас алтаа
төгрөгөөр худалдан авах эрх зүйн орчныг бүрдүүлж байж л шийдэх юм.
Учир
нь УИХ 2006 онд “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын
тухай хууль”-ийг батласан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр манай улс 2005
онд нийт 24 тн алт олборлож байсан бол 2012 онд 6 тн болж Монголбанкинд
тушаасан алтны хэмжээ 18 тн-оор буурсаныг Үндсэний статистикийн газраас
гаргасан. Тухайлбал: 2005 онд 24 тн, 2009 онд 9тн, 2012 онд 6 тн алт
Монголбанкинд тушаажээ. Гэтэл энэ хугацаанд зах зээл дээрх алтны үнэ
тогтвортой өсөж байсан байдаг. Алтны үнэ өсөж байхад олборлолт өсөх нь
эдийн засгийн хууль шүү дээ. Манай улсад болохоор алтны олборлолтын
хэмжээ эсрэгээрээ буураад байгаа нь энэ салбарын хууль эрх зүйн орчин
сайн болоогүйн илрэл юм. Ийм ч учраас 68 хувийн татвараар хуулийг 2011
оны 1 дүгээр сарын 1-нийг хүртэл мөрдөж, улмаар 2010 оны 11 дүгээр сарын
25-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр зах
зээлийн үнээс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг
нэмэгдүүлэн ногдуулахаар хуульчилсан.
-Ашигт малтмалын тухай
хуулийн 2011 оны өөрчлөлт өнөөг хүртэл нэлээн шүүмжлэл дагуулаад байна.
Энэ талаар жаахан тодруулахгүй юу?
-2006 оны үнийн өсөлтийн
тухай хууль цаашид хэрэгжих нь боломж муутай болоод ирэхээр 2011 онд энэ
хуулийн оронд ашигт малтмалын боловсруулалтын төвшингөөс нь хамааруулан
өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр "роялти"-г Ашигт малтмалын тухай хуульд
нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан. Манай улс роялтийг борлуулалтын орлогоос
тооцдог. Энэ роялти нь суурь нь 5 хувь, үнийн өсөлтөөс хамаарч нэмэх нь 5
хувь нийтдээ 10 хувь байгаа. Энэ хувь хэмжээг татвар төлөхийн өмнөх
ашгаас тооцвол 20-30 хувийн ашгийн татвартай тэнцэх юм. Ийм хэмжээ нь
энэ салбарын татвар болон хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж
байгаа юм.
Алтны салбарт хийсэн эрх зүйн эдгээр өөрчлөлтүүд нь
компаниудыг олборлосон алтаа татвараас нуух, улмаар алтны далд худалдааг
бий болгох, дэвэргэх, хууль бус алт олборлогчдын эгнээг тэлэх зэрэг
нийгмийн сөрөг үзэгдлүүдийг бий болгоход нөлөөлсөн гэж хэлж болох байх.
-Хууль бус сөрөг үзэгдэл газар авахад өмнөх хууль хэрхэн нөлөөлсөн талаар тодорхой тайлбарлахгүй юу?
-Би
хуульч хүн биш л дээ, гэхдээ уул уурхайн салбарт миний ажлын анхны
гараа эхэлсэнээс хойш энэ салбартаа 30 гаруй жил тасралтгүй ажиллаж
байна. Зах зээл дээрх алтны үнэ өсөөд байхад манай улсад олборлосон
алтны хэмжээ буурч байгаа гол шалтгаан нь Үнийн өсөлтийн албан татварын
тухай хууль” батлагдсанаар татвараас зугтаах, хууль бус алтны олборлолт
нэмэгдсэн, Урт нэртэй хууль батлагдсанаас хойш зарим аж ахуйн нэгж үйл
ажиллагаа явуулах боломжгүй болсон, татварын хэмжээ нэмэгдсэнээр зарим
ордын эдийн засгийн үр ашиг багассан, татвараас зайлсхийж арилжааны
банкинд орд болон олборлосон алтаа тодорхой бус хугацаагаар барьцаалдаг
болсон. Ингэснээр алтны далд худалдаа бий болсон, статистик мэдээгээр
2-3 тонн алт хаана ч бүртгэлгүйгээр худалдаалагдаж байна. Энэ тоо манай
хууль хяналтын байгууллага дээр үүнээс ч өндөр байдаг. Иймд хуулийг
дээдэлсэн энэ нийгэмд далд орчихоод байгаа алтны худалдааг нийтэд ил тод
болгох зүй ёсны шаардлага байгаа юм.
-Засгийн газраас оны
өмнө Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийг УИХ-д өргөн
бариад дэмжлэг авч чадаагүй. Бүдэрсэн хуулиа батлуулахын тулд Ашигт
малтмалын тухай хуульд зүсийг нь өөрчлөөд оруулах гээд байна гэж
харагдаад байна л даа?
-Шууд тэгж ойлгож болохгүй байх аа, Та
бүхэнд зөв ойлголт өгөх нь бидний үүрэг тул би товчхон тайлбар хэлье
ээ. Энэ хуулийн төслийг алт олорлогчид болон энэ салбараас үр ашгийг нь
хүртэж байдаг иргэд олон нийт олон жилийн турш хүсэн хүлээж байсан.
Хэвлэл мэдээллээр ч алтны далд худалдаа их боллоо, энэ хил дээр ийм
хэмжээний алтыг хууль бусаар гаргах гэж байсан байна, тэр гаалийн шалган
нэвтрүүлэхээр хятад, солонгосын иргэд ингэж алт гаргахыг завдсаныг
зогсоолоо гээд л бичээд, яриад байдаг шүү дээ. Энэ бол хэвлэл мэдээллийн
ажилтан та нарт олдсон л баримтууд, гэтэл ил болоогүй өчнөөн олон ийм
гэмт үйлдлүүд байгаа байх гэж би боддог. Тэр хэмжээгээр улсын алтны нөөц
буурч, тэр хэмжээгээр Монголбанкинд хадгалагдах алтны хэмжээ багасаж,
эдийн засагт орох бодит валютыг бид алдаж байна. Одоо чинь бүх төрлийн
тээврийн хэрэгслээр боомтуудаар орж гарч бараа, хүний урсгал асар их
нэмэгдсэн цаг үе шүү дээ.
Нөгөө талаас манай яам, Эдийн засгийн
хөгжлийн яам, Сангийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хамтран
судалгаа тооцоог нилээд их хийсэн, хэдэн хавтас тооцоо байгаа.
Ингээд
хуулийн төслийг дээрхи яамдууд Алт олборлогчдын холбоо, бусад
мэргэжлийн холбоод, байгаль орчны чиглэлийн иргэний нийгмийн
байгууллагууд, салбарын эрдэмтэд хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг хийж,
тэдгээрийн саналыг тусгаж боловсруулсан юм. Гэвч УИХ дээр хуулийн
төслийг хэлэлцээд энэ хууль их чухал ач холбогдолтой хууль байна, гэхдээ
тусдаа хууль байх шаардлагагүй, харин Ашигт малтмалын тухай хуульд
нэмэлт, өөрчлөлтөөр оруулах нь зүйтэй гэсэн. Засгийн газар нь УИХ-ын
шийдвэрийг хүндэтгэн хүлээн авч Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт
болгон төслөө боловсруулж, өргөн бариад байгаа. Нэгдсэн чуулган дээр
эхний хэлэлцүүлгийг хийчихсэн байгаа шүү дээ.
-Алтны
худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийн гол санаа бол
алт олборлолтыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын алт, эрдэнэсийн сан
хөмрөгийг аривжуулах, валютын нөөцийг баталгаажуулах явдал байсан гэж
ойлгож байсан?
-Тийм ээ, Та зөв ойлгосон байна. УИХ-ын гишүүд
ч гэсэн бас ингэж ойлгоод биднийг хуулийн төслийг Ашигт малтмалын
хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулахыг зөвлөж байсан. Дэлхийн улс орнууд
алтны нөөц бүрдүүлэхэд ихээхэн анхаарч ирсэн нь одоо ч хэвээр байна.
worldbank.org сайт дээр 2013 оны 7 дугаар сарын байдлаар АНУ 8.1 мянган
тн, Герман 2.4 мянган тн, Франц 2.6 мянган тн, Итали 2.6 мянган тн,
Хятад 1.0 мянган тн, Швейцарь 1.0 мянган тн, Япон 765,2тн алтыг
банкиндаа хадгалж байна гэж мэдээлжээ. Тэгэхээр хуучин хатуу валют гэж
нэрлээд байсан алт нь дэлхий дахиныг хамарсан хямрал, дайн самууны үед
мөнгөний ханш унадагтай холбоотой гарч ирсэн ойлголт л доо байдаг.
Сүүлийн жилүүдэд санхүүгийн хямрал дэлхийд ойр ойрхон давтагдлаа.
Манай
улсын хувьд гадаад худалдааны алдагдал их, валютын ханш огцом
савлагаатай үед Монгол банкиндаа алтыг худалдаж авснаар алтны нөөц
нэмэгдэж, тэгснээр валютын нөөцөө өсгөх, ханшийг тогтворжуулахад ихээхэн
ач холбогдолтой юм.
-УИХ-д Засгийн газраас өргөн барьсан
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд
нөөц ашигласны төлбөр буюу роялтийг 2 дахин бууруулахаар тусгасан. Энэ
нь улсын төсөвт орох орлого энэ хэмжээгээр буурна гэсэн үг үү?
-XXI
зуунд хөрөнгө оруулалтыг татах ямар боломж байж болох талаар болон
бусад алт олборлогч орнуудын роялтийн талаар ихээхэн судалгааг хуулийн
төсөл боловсруулагчид хийсэн. Улс орнуудын роялти харилцан адилгүй
байна, жишээлбэл: АНУ 3 хувь, Чили 5 хувь, Бразил 2 хувь, Индониз 4
хувь, Энэтхэг 2.5 хувь байхад манай улсын хувьд 5 хувь, түүн дээр нэмээд
өсөн нэмэгдэх татвар 5 хувь нийлээд 10 хувь байна. Аливаа үйлдвэрлэл
эрхлэгчид татварын таатай орчныг л хүсдэг, тэгтэл манай өмнөд хөрш
Байгалийн нөөцийн тухай хуульдаа зааснаар алтны уурхайн хүчин чадал
болон ордын уул техникийн нөхцөл, газар зүйн байршил зэргээс хамааруулан
үндсэн ордон дээр 2-7 хувийн, шороон ордон дээр 1.2-2 хувийн роялти л
төлж байна. Зүгээр алт тушаахад 2 хувийн роялтитэй байна. Энэ их зөв
зохицуулалт юм билээ. Үндсэн ордын тухайд агууламж өндөртэйгөөс гадна,
бүрэн хяналт тавих боломжтой юм.
Монгол банк, арилжааны банкинд
худалдсан тохиолдолд алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний
2,5 хувь байхаар, бусад этгээдэд худалдсан тохиолдолд 5.0 хувьтай
тэнцүү байхаар хуулийн төсөлд тусгасан.
Нэмэлт, өөрчлөлтийн тухай
хуулийн төслөөр татварын орлого жилд 40-50 сая ам.доллораар буурах
боловч алтны борлуулалтын орлого 1.5-2.0 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.
Хөгжилтэй орнуудын гадаад валютын нөөц ДНБ-ий 40-өөс дээш хувьтай байдаг
бол хууль батлагдан хэрэгжсэнээр 5 жилийн хугацаанд Монгол банкин дахь
алтны болон валютын нөөц жилд 8.5-10.0 тэрбум ам.доллораар нэмэгдэнэ.
Роялтийн 5 хувь, нэмэлтээр авч байгаа өсөн нэмэгдэх татвар 5 хувь
нийлээд 10 хувийн татварыг борлуулалтын орлогоос авдаг, үүнийг ашгаас
тооцвол 20-30 хувь болж байгаа нь өндөр байгааг харуулж байна. Ер нь
татвараасаа илүүтэйгээр валютын ханшны тогтвортой байдал нь иргэдийн
амьжиргаанд чухал байгаа нь хэнд ч ойлгомжтой байх.
Уул уурхайн
яамнаас роялтийг 5 хувиар тооцохоор Засгийн газрын хуралдаанд оруулсан
боловч Засгийн газраас 2,5 хувь гэсэн шийдвэр гаргасан. Бид Засгийн
газрын шийдвэрийг л хэрэгжүүлдэг. Гэхдээ хуулийн төсөлд алтыг Монголбанк
болон манай арилжааны банкинд тушаавал 2.5 хувь, үгүй бол 5 хувь гэсэн
байгааг анхаарах нь чухал. Мөн алтны экспортыг зөвхөн Монгол банк
мэдэхээр хуулийн төсөлд зааж өгсөн. Өөрөөр хэлбэл энэ хуулийн төсөл нь
аль нэг компанид зориулаагүй, харин Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр
оруулах талаархи хуулийн зохицуулалтыг л хийж өгч байгаа юм.
-Монгол
Улсын Ерөнхийлөгч аливаа шийдвэр тооцоо судалгаанд үндэслэсэн байхыг
чухалчилан анхааруулж байдаг. Уул уурхайн яам ч гэсэн УИХ, Засгийн
газрын шийдвэрийн төслийг боловсруулахдаа хуулийг дээдлэн, ил тод,
судалгаа тооцоонд үндэслэж байдгийг энд онцолж хэлмээр байна.
Энэ
хуулийн төслийн хувьд түрүүн би яриандаа дурьдсан байгаа. Бид олон
жилийн мэдээ, төлөвлөгөө, тайлан, өмнө нь энэ салбарт хэрэгжиж байсан
хөтөлбөрийн хэрэгжилтийг тооцож судаллаа. Гадаад зах зээл дээрх алтны
үнэ ханш, борлуулалтын мэдээ, чиг хандлага, дэлхий нийтийн санхүүгийн
хямрал, олон улсын аудитийн байгууллагын тайлан гээд олон материал
судалсан даа. Монгол орны алтны нөөц, энэ салбарын эрх зүйн орчин,
салбарын хөгжлийн динамик үзүүлэлтүүд гээд л олон судалгааг Эдийн
засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам,
Монгол банк, арилжааны банктай хамтран хийсэн. Хийсэн судалгаа маань
хэдэн хавтас байна, сонирхоод олон нийтэд зөв мэдээлэл хүргэхэд та
бүхэнд хэрэгтэй бол үзүүлж болно шүү. Эцсийн эцэст энэ салбарын үйл
ажиллагааг ил тод болгоё, татварын өрсөлдөх чадварыг дээшлүүлье, байгаль
орчин, нийгмийн хариуцлагын өндөр төвшинд хүргэх, салбарын хөгжилд
дэвшилтэт шинэ техник, технологийг нэвтрүүлж хүрэх, иргэдэд үр шимийг нь
хүртээх, хууль бус үйл ажиллагаа хийж байгаа хүмүүсийг гэмт хэрэгт
холбогдохоос сэрэмжүүлэхийг л бид зорьж байгаа.
Оюутолгой ХХК-ийн
алт баяжмал дотроо экспортонд гарч байгаа учир Монгол банкинд алтаа
биетээр, төгрөгөөр худалдах боломжгүй баймаар юм. Тэгэхээр хардах
шаардлагагүй байх. Харин биет бусаар санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглаж
төгрөгөөр Монгол банк худалдан авах боломж байх талтай. Тэгээд ч
гэрээгээр Оюутолгой ХХК-иас 5 хувиас илүү роялти авах боломжгүй. Энэ
хууль 5 жилийн хугацаанд үйлчилнэ. Зэс хайлуулах үйлдвэр энэ хугацаанд
барьчихвал Монгол банк энэ алтыг төгрөгөөр худалдаж авах боломжтой
болно. Гэхдээ үндсэн ордон дээр шороон ордноос арай илүү роялти авах
боломж бий. Энэ бүхнийг шийдэх эрх нь УИХ-д байдаг.