Таримал ойг худалдаж авна

Хуучирсан мэдээ: 2014.01.07-нд нийтлэгдсэн

Таримал ойг худалдаж авна

Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэсэн талбай, ойн түймэр, хөнөөлт шавж болон бусад байгалийн гамшигт өртөгдсөн талбайд мод тарьж ургуулбал төр худалдан авч, улсын ойн санд шилжүүлэх боллоо. Усны ундарга, гол мөрний эх, эрэг дагуу болон баян бүрдийг хамгаалах зорилгоор тарьж ургуулсан ой ч хамаарна. Түүнчлэн хээршилт, цөлжилт, элсний нүүдлээс хамгаалах зорилгоор тарьж ургуулсан төгөл ой, ойн зурвас, “Ногоон хэрэм”-ийн үндсэн чиг зурвасын дагуу тарьж ургуулсан ойгоо төрд худалдаж болох нь. Хэрвээ иргэн , байгууллага өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан ойгоо худалдахаар бол хүсэлтээ сум, дүүргийн Засаг даргадаа гаргана.

Засаг дарга болон ойн анги жил бүрийн наймдугаар сард багтаан аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт таны таримал ойн хүргүүлнэ. Аймаг, нислэлийн Байгаль орчны газар нь Засаг даргын захирамжаар ажлын хэсэг гарган таны таримал ойд тооллого явуулж, чанар үр дүнг нь шалгаад худалдан авах, эсэх тухай акт үйлдэх юм байна. Тооллого явуулахдаа таримал ойд жишиг талбай байгуулан шалгуур үзүүлэлтийг тодорхойлно. Харин иргэн, байгууллагын худалдах гэж буй таримал ойн талбай нь 05 га-гаас багагүй, үр ба тарьц, суулгацаар ойжуулалт хийснээс хойш таваас дээш жил арчилж ургуулсан, найм ба түүнээс дээш настай байх зэрэг шалгууртай. Ойт хээрийн бүсэд 0.5 га-д 700, тал хээрийн бүсэд 500, говь цөлийн бүсэд 300-гаас багагүй ширхэг мод тарьсан байж та худалдах боломжтой болох юм. Үнийн хувьд нэг га таримал ойг нэг сая төгрөгөөр үнэлжээ. Гэхдээ модны төрөл, тоо болон ямар бүсэд тарьснаас шалтгаалан үнийн хэлбэлзэл өөр өөр байна. Өөрөөр хэлбэл, модны төрөл, тоогоор  ангилж итгэлцүүрийн үнэ гаргасан байна. Тухайлбал, жодоо, тоорой, жигд, сухай зэрэг үнэт үйлдвэрийн модны нэг га дахь таримлыг 1.5 сая, бут сөөгийг 900 000 төгрөгөөр төр худалдаж авах юм. Худалдах таримал ойн 0.5 га дахь модны хамгийн бага тоо нь 300 ширхэг байх бөгөөд үүнээс олон болох тусам худалдах үнэ нь өсөхөөр журамд заажээ.


Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж