Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороо хуралдаад дээрх 12 суудлын төлөөх дахин сонгуулийн товыг зарласан төдийгүй сонгууль дахин зохион байгуулахтай холбоотой 164 сая төгрөгийн зардлыг шийдэж өгөх хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлжээ. Тэр дагуу дээрх асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо УИХ-д оруулж ирж байгаа аж.
Гэвч хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд “Эл асуудлыг УИХ-д оруулж батлуулах нь эргээд Үндсэн хууль зөрчсөн зөрчил рүү УИХ-ыг татан оролцуулж болзошгүй. Учир нь Говь-Алтай аймагт 2008 оны сонголтоор баталгаажсан ИТХ-ын тэргүүлэгчид үйл ажиллагаа явуулж, УИХ-аас 2014 онд зохион байгуулах гэж байгаа дахин сонгуулийн зардлыг батлах нь сонгогчийнхоо сонгох эрхэнд халдсан буруу жишгийг тогтооно. Тийм учраас энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо шийдэх нь зохистой” хэмээн үзсэн юм. Мөн яагаад энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо УИХ-аар оруулж хэлэлцэх болсны учир, мөн Сонгуулийн ерөнхий хороо төсвийг нь шийдээд өгөх боломж байгаа эсэхэд хариулт өгөхийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Сонгуулийн ерөнхий хорооны даргаас хүссэн юм. Үүнд Ч.Содномцэрэн дарга “УИХ дахь МАН-ын бүлгээс сонгуулийн зардлыг УИХ-аар хэлэлцүүлж байх ёстой” гэх шаардлага тавьсан. Энэ асуудлыг УИХ-ын даргад уламжлахад “УИХ-аар хэлэлцүүлж болох юм” гэсэн. Тэр дагуу сонгуулийн зардлыг УИХ-д уламжилсан. Сонгуулийн ерөнхий хороо өөрийнхөө эрх хэмжээнд зардлыг шийдээд явах боломжтой. Гагцхүү Байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хороо зардлаа шийд гэх үүргийг тогтоолоор өгөх ёстой” гэсэн хариулт өгсөн юм.
Тиймээс байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дээрх асуудлыг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзлээ.
Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооноос дахин сонгууль болохтой холбогдуулж нийт 164 сая төгрөгийн зардал гарна гэж мэдүүлсэн ч Сонгуулийн ерөнхий хороо хуралдаад 32.2 сая төгрөгийг улсын төсвөөс гаргах боломжтой. Үлдсэнийг орон нутгийн төсвөөс шийд гэх хариуг илгээсэн байна. Тиймээс зардлыг дээрх байдлаар шийдэх аж.
Онцлоход, орон нутгийн сонгууль болж өнгөрөөд жил гаруйн хугацаа өнгөрсөн ч Говь-Алтай аймагт 2008 оны ИТХ-ын тэргүүлэгчид нь 2014 оны төсвөө баталжээ. Учир нь өнгөрсөн онд болсон орон нутгийн сонгуулиар Говь-Алтай аймгийн Сонгуулийн хороо нь МАХН-аас нэр дэвшигчдийг бүртгэлгүй, сонгуулийг зохион байгуулсан байна. Үүнтэй холбоотойгоор иргэний сонгох эрхэнд халдсан гэх маргаан үүсч энэ нь эцэстээ Улсын Дээд Шүүхэд хүрч өнгөрсөн оны есдүгээр сард гомдлыг хэлэлцээд 2008 оны ИТХ-ын тэргүүлэгчдийн эрхийг сэргээх шийдвэр гаргажээ. Ингэснээр Говь-Алтай аймагт бүрэн эрх нь дуусгавар болсон ИТХ үйл ажиллагаагаа дахин сэргээсэн байна. Гэхдээ энэ асуудал Үндсэн хуулийн цэцэд очвол унах магадлал өндөр гэж тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд онцолсон юм. Учир нь 2012 оны ИТХ-ын тэргүүлэгч гишүүдийнх нь 50 хувь байсаар байгаа. Тодруулж хэлбэл, жилийн өмнөх Говь-Алтай аймгийн иргэдийн сонгогчдын саналыг УИХ хүлээн зөвшөөрөөгүй үйлдэл болох учраас зөрчилтэй асуудлыг УИХ-руу татан ирж зардлыг баталж өгөх нь хуулиа зөрчсөн хэрэг болно гэж үзэн, дахин сонгуулийн зардлыг Сонгуулийн ерөнхий хороо шийдэх үүрэг хүлээлээ.
Мөн аймгийн бүх сум, багуудад сонгууль дахих бол дахин сонгууль гэж нэрлэх ёстой. Одоо бол 12 суудлын төлөө сонгууль болох тул нөхөн сонгууль гэж нэрлэх нь агуулгын хувьд нийцнэ гэж УИХ-ын гишүүн Р.Гончигдорж мөн хэлсэн юм.