
Амт, чанараараа гайхагдсан Архангайн цагаан идээгээр сар шинийн зочдоо дайлахыг хүн бүр хичээдэг. Гэвч цагаан идээ худалдан борлуулдаг ченжүүд хаанаас ч авсан нь батлагдахгүй ааруул, өрмийг Архангайнх хэмээн худалдах нь бий. Тэгвэл Архангайнхан өөрсдийн боловсруулсан цагаан идээгээ нийслэлчүүдэд хүргэхээр Улаанбаатарт ирж буй ажээ. Архангайн Чулуут сумын цагаан идээ үйлдвэрлэгчид өчигдөр орой Цагаан давааг даваад Архангайн Цэцэрлэг хотоор дамжин, өнөөдөр өглөө нийслэлд ирсэн талаар хүмүүс фэйсбүүк хуудсандаа мэдээлжээ. Архангайн Чулуутынхан 30 гаруй машинд 60 орчим тонн цагаан идээ ачиж иржээ. Нутгийн брэндийн нэр барьж буй хуурмаг бизнесийг таслан зогсоохоор тэд ийн иржээ. Чулуут сумын нутгийн зөвлөл энэ жил зөвхөн Чулуутынхаа цагаан идээний үзэсгэлэн худалдааг дангаар нь гаргаж, "Чулуутын цагаан идээ” үзэсгэлэн худалдааг Скай худалдааны төвийн гадна талд нэгдүгээр сарын 10-наас эхлэн гаргахаар болжээ.
Д.ЦЭЭНЭ