Нөөцийн махыг хаанаас авах вэ?

Хуучирсан мэдээ: 2014.01.07-нд нийтлэгдсэн

Нөөцийн махыг хаанаас авах вэ?

Нөөцийн махыг өнгөрсөн оны сүүлчээр худалдаанд гаргасан бөгөөд шинэ он гараад эрэлт ихэсч байна. Сар шинийн баяр дөхөж буй тул махны хэрэгцээ ийнхүү нэмэгдсэнээс гадна зах зээлд махны үнэ өндөр байгаа юм. Энэ жилийн хувьд 14 мянган тонн нөөцийн махыг нийслэл, Дархан, Эрдэнэт хотод худалдаанд гаргах бөгөөд одоогийн байдлаар хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдийн хүсэлтээр мах нийлүүлж байна. Үүнээс нийслэлд “Эй Эн Ди Эм” ХХК, “Баатарууд тэнгэр” ХХК-иуд тус бүр зургаан мянган тонн мах, Дархан, Эрдэнэт хотуудад тус бүр нэг мянган тонн мах нийлүүлэх ажээ. Иргэдийн хувьд нөөцийн махыг олж авахад хэцүү, хаагуур худалдаж байгааг мэдэхгүй байна гэж байгаа.

Нөөцийн махны худалдааны талаар “Эй Эн Ди Эм” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Ганбаатараас тодрууллаа.

-Одоогоор танай компани хэдий хэмжээний нөөцийн махыг худалдаанд гаргаад байгаа вэ?

-Нөөцийн махыг зах зээл дэх махны үнэ, нийлүүлэлт, иргэдийн хэрэгцээнээс шалтгаалж гаргадаг. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж 2013 оны төгсгөлөөр худалдаанд гаргасан. Манай компани арванхоёрдугаар сарын 25-наас хойш жижиглэнгийн худалдаанд зориулж нийт найман тонныг гаргаад байна.

-Иргэд нөөцийн махыг хаагуур зарж байгааг мэдэхгүй байна гэх юм?

-Нийслэлд манай компани болон Баатарууд тэнгэр компани хамтарч тус бүр зургаан мянган тонныг гаргана. Бид мах зарах цэгээ нийслэлийн дүүрэг, хороодоор дааж авсан. Манай компанийн хувьд БЗД-ийн нийт 14 хороо /сондгой тоотой/, Сүхбаатар, Багануур дүүргийг тэр чигээр нь, Чингэлтэй дүүргийн 9-20 дугаар хороо, СХД-ийн 1-20 дугаар хороонд нөөцийн мах нийлүүлэхээр болсон. Одоогоор нийт 50 цэг манайхаас мах авч худалдаж байгаа. Арванхоёрдугаар сарын 25-наас хойш нөөцийн махыг худалдаж эхэлсэн учраас цаашдаа худалдах цэгүүд нэмэгдэх байх. Учир нь дэлгүүр, худалдааны төвийн саналаар нийлүүлж байгаа. Ер нь иргэдийн нөөцийн махны эрэлт нэмэгдвэл дэлгүүрүүд ихээр авдаг болно л доо.

-Нөөцийн махыг хэдэн төгрөгөөр  худалдаж байна вэ. Зарим газарт нөөцийн мах 8000 төгрөг хүрч байна гэх юм?

-Нөөцийн махыг 8000 төгрөгөөр худалдах ёсгүй. Бид худалдаж буй цэгүүдийнхээ гадна талд үнийг бичсэн самбар байршуулсан байгаа. Түүн дээр худалдах үнэ, саналаа илэрхийлэх утас бичсэн. Иргэд түүгээр холбогдон саналаа хэлж болно. Үнийн хувьд бид үйлдвэрээс нөөцийн мах зарж буй зах зээл дэх үнээс 250 төгрөгөөр хямд гаргаж байгаа. Үүн дээр дэлгүүрүүд өртгөө нэмж, эцсийн үнэ нь үхрийн мах 5950 төгрөг, хонины мах 5750 төгрөг, ямаа 4900 төгрөгөөр худалдаж байна.Энэ бол хэрэглэгчдэд хүрэх эцсийн үнэ.

-Одоогоор зөвхөн жижиглэнгээр гаргаж байгаа юм уу. Махны чанарт хэрхэн баталгаа өгөх вэ?

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай зөвшилцөж байгаад, шийдвэрийн дагуу гулууз махыг худалдаанд гаргана. Нэгдүгээр сарын 15-наас гулууз махыг худалдаанд гаргах болов уу гэж таамаглаж байна. Махны чанарын хувьд үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг зургаан аймгаас татсан. Яс, махыг жигд хуваан, хөрөөдөж, савлаж байгаа учраас чанарын стандарт хангасан.

Ийнхүү нөөцийн махыг худалдаанд гаргаад хоёр долоо хонож байна. Одоогоор нөөцийн махыг худалдаж буй цэгүүдээс дурдъя.

  • “Цэцэнхангай” ХХК-ийн Цэцэн хангай дэлгүүр /БЗД, Зургадугаар хороо, ЭТӨЧ өөрийн байр/
  • “Жавхлант хүнс” ХХК-ийн Жавхлант дэлгүүр /БЗД, 12 дугаар хороо, Жанжины 24-612 тоот/
  • “Цастын өвөр” ХХК-ийн Цастын өвөр /14 дүгээр хороо, Ахмадын хороолол/
  • “Номин”-гийн сүлжээ дэлгүүр
  • “Дүүхээ” ХХК
  • “Баясах” супермаркет
  • “Friendly mart” сүлжээ дэлгүүрээр худалдахаас гадна нийслэлийн дүүргүүдийн хороо бүрт байрлах дэлгүүрүүдээр худалдаж буй ажээ.

У.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж