Хэзээний бушуу түргэн явдал, суудалтай У.Хүрэлсүх дарга ямартай ч зөвхөн Монголдоо байгаа л бололтой.
Хурандаа У.Хүрэлсүх гэгдтэлээ Монголын улстөрд өөрийн орон зайгаа баттай эзэлсэн тэрбээр төв талбай дээр толгойдоо улаан бичигтэй тууз ороон цахиртсан хоолойгоор хашхирч байхдаа, намынхаа шатсан ордны туурин дээр гар зангидаж зогсохдоо, төрийн ордонд Г.Баярсайханыг дэлсэн унагахдаа ч өөрийн гэсэн өнгө төрхтэй эр гэдгээ нотлох имиджээ бүрдүүлсээр ирсэн нэгэн. Тэр хэзээний л өөрийнхөөрөө хувь ганц улстөрчийн давтагдашгүй бодгалийг бүтээсэн, бүтээсээр яваа эр. Тэр орж чадсан шигээ УИХ-аас өөрийн хүслээр явж чадсан. Чухамдаа түүний энэ муйхар гэмээр, бас дэндүү зоримог үйлдэл өнөөдөр Монголын улстөрийг цэвэрлэх, ариусгах, мэргэшүүлэх талд ёстой л ус, агаар мэт хэрэгтэй байна санж.
Яг үнэндээ гацаанд орчихоод дороо дэвхцэн байгаа Монголын улстөрд хачиг шиг шигдэж суугаа үлбэгэр дорой, хувиа бодсон бэртэгчин нөхдийн дэргэд У.Хүрэлсүх ядаж л зууралдан үхэлдэж, УИХ-ыг шившиглээгүй гавьяатай. Чухамдаа түүний энэ занг нь үнэлдэг болохоор түүнийг муу хэлэх хүн цөөхөн байдаг болов уу. Тэр хэрэгтэй цаг ирвэл хамгийн түрүүнд гал, ус руу харайгаад орох итгэл төрүүлээд байдаг юм.
Ямар ч гэсэн У.Хүрэлсүх Монголдоо алхаж явна. Тэр зарим нэгэн шиг Швейцарийн банкинд мөнгө нуугаагүй л болов уу. Бас зарим нэгэн шиг авгайгаа сольж, залуу хүүхэн тэврээгүй нь үнэн.
Тэр бас УИХ-ын улаан модон сандал, ширээтэй үхэлдэн зууралдаж, ичих булчирхайгүй мэт буруу, зөвгүй бураагүй. Тэр харин бусдын л адил утаатай Улаанбаатартаа пальтоныхоо захыг босгочихоод яаруухан алхаж л явна. Харин тэр хаа хүртэл алхах гэсэн юм бол.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"