Моторын багтаамжаасаа шалтгаалан төлбөр өөр байна

Хуучирсан мэдээ: 2014.01.07-нд нийтлэгдсэн

Моторын багтаамжаасаа шалтгаалан төлбөр өөр байна

Суудлын автомашин моторын багтаамжаасаа шалтгаалан 20-40 мянган төгрөгийн төлбөр төлнө

Улаанбаатар хотын авто замын шалган нэвтрүүлэх товчоогоор нийслэл рүү нэвтэрч байгаа бүх тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авдаг байсан билээ. Тэгвэл энэ оноос эхлэн орон нутгийн машинаас 1000 төгрөг авч байхаар болсон. Харин Улаанбаатарын дугаартай тээврийн хэрэгслээс зам ашигласны хураамжийг орж гарах бүрт нь авахгүй жилд нэг удаа авахаар болсон.

Энэ талаар Нийслэлийн Авто замын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Оюунгэрэлээс тодрууллаа.

-Улаанбаатарын дугаартай тээврийн хэрэгслээс зам ашиг­ласны төлбөр авахаар болсон. Тэгэхээр төлбөрийг хэзээнээс авч эхлэх вэ?

-НИТХ-ын 2010 оны арван­нэгдүгээр сарын 28-ний өдрийн 13/47 дугаар тогтоолоор нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг тухайн жилийн наймдугаар сарын 20-ны дотор нийслэлийн замын санд төвлөрүүлэх үүрэгтэй гэж заасан байгаа. Улаанбаатарын дугаартай тээврийн хэрэгслээс жилдээ нэг удаа зам ашигласны төлбөр авахаар болсон. Тухайн иргэн зам ашигласныхаа төлбөрийн орлого төлснийг нь тусгай наалт тэмдэгээр гэрчлэх болно.

-Тээврийн хэрэгслийн анги­лалаас хамаарч төлбөр ялгаа­тай байгаа байх. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Ангилалаасаа шалтгаалж тээврийн хэрэгслийн зам ашигласны төлбөрийн хэмжээ өөр байгаа. Суудлын машин моторын хэмжээнээсээ шалтгаалан 20 мянгаас 40 мянга, ачааны тээврийн хэрэгсэл даацаасаа шалтгаалан 40 мянгаас 65 мянга, автобус багтаамжаасаа шалтгаалан 40 мянгаас 60 мянган төгрөгийн төлбөр авахаар тусгасан.

-Нийслэлд бүртгэлтэй нийт хэчнээн тээврийн хэрэгсэл байдаг юм бэ?

-Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт 262 мянга 374 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Үүнээс 67.2 хувь нь суудлын авто машин байгаа бол 18.8 хувь нь ачааны машин, 5.4 хувь автобус эзэлж байна.

-Зам ашигласны төлбөр авс­наар Нийслэлийн авто замын санд нийт хэчнээн төгрөг бүр­дүүлэ­хээр суулгана гэсэн төлөв­лөгөө­тэй байгаа вэ?

-Нийслэлийн замын санд зам ашигласны төлбөрийг хурааж эхэлс­нээр 9.2 тэрбум төгрөг бүрдүүлнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан бай­гаа. Энэхүү 9.2 тэрбум төг­рөгийг нийслэлийн зам, замын байгууламжийн засвар, арчлалтад зарцуулна.

Н.БААСАНДЭМБЭРЭЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж