Ерөнхийлөгчийн 2013 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр зарлигаар сэтгүүлч, зохиолч С.Түвдэннямыг Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнасныг өнөөдөр Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид гардуулан өглөө.
Сурмаажавын Түвдэнням нь Монголын спортын сэтгүүлчдийн холбооны анхын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 1980-аад оноос ажлын гараагаа эхэлж, “Залуучуудын үнэн” сонинд сурвалжлагч, “Спортын мэдээ”, ”Монголын спорт” сонины ахлах редактор, эрхлэгчээр, Монголын спортын хэвлэлийн нэгдсэн редакцийн ерөнхий эрхлэгчээр, “Өнөөдөр” сонинд сурвалжлагч, “Парламент” сонин, “Биеийн тамир, спортын хөгжил” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан ахмад сэтгүүлч, спортын нэрт зүтгэлтэн юм.
Түүнчлэн өнөөдөр түүний хамт өдгөө 85 жилийн ойгоо тэмдэглэж буй “Хөдөлмөр” сонины уран бүтээлчид болох Д.Энхтэгш Алтангадас одонгоор шагнагдсан бол Б.Сарантуяа, Ж.Сэлэнгэ нар Хөдөлмөрийн хүндэт медалийн эзэд боллоо.