“Гурван найз”-ын түүх үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2014.01.07-нд нийтлэгдсэн

“Гурван найз”-ын түүх үргэлжилнэ

Хуучин оны сүүлчийн өдөр, шинэ оны эхний өдрийг цэнхэр дэлгэцгүйгээр төсөөлөхийн аргагүй. Он солигдох тэрхүү мөчид гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд манай телевизууд хамгийн ихээр хичээн ажилладаг билээ. Энэ ч үүднээс 12-р сарын 31-ны үдэш Монголын үндэсний “Боловсрол суваг” телевиз “Гурван найз” инээдмийн киногоор үзэгчдэд бэлэг барьсан юм. Харин гурван найзын түүх 2013 оноор дуусгавар болоогүй гэнэ шүү. Учир юу вэ гэхээр тэдний адал явдал 2014 онд ч мөн үргэлжлэх нь ээ. Таны үзсэн кино бол “Гурван найз” олон ангит киноны шинэ жилийн тусгай дугаар байсан гэнэ. Тэгвэл олон ангит кинотай хамт байх үзэгчид маань одооноос гурван найзтай илүү дотно танилцах хэрэгтэй болжээ.

Энэ бол Төгөлдөр. Ямар ч багт залан чиглүүлэгч, удирдагч гэж байдаг даа. Төгөлдөрийг манай гурван найзын удирдагч нь бас ээж нь ч, аав нь ч гэж хэлж болно. Багаасаа онц сурлагатан, гавал толгой байсан тэрээр одоо ч гэсэн найзуудынхаа дунд хамгийн про нь.

Харин энэ бол Санчир. Жинхэнэ будлианы эзэн гэж хэлж болно. Түүн шиг сайхан сэтгэлтэй хүнийг одоо үед олоход хэцүү шүү. Тийм ч учраас үзэсгэлэнтэй найз бүсгүйтэй. Эгчийнхээ гар дээр эрхэлж өссөн тэрээр найзуудынхаа дунд ч хамгийн эрх, гэнэн цайлган, үрэлгэн нь. Бас мэдээж үнэхээр хөгжилтэй нэгэн.

Энэ бол Цэкү. Бүтэн нэр нь Цэрэндалай. Хэдийгээр тийм сайхан нэртэй биш ч гэсэн тэр үргэлж бүсгүйчүүдийг араасаа хуйлруулж байдаг сайхан залуу. Багаасаа өнчирч хоцорсон ч амьдралд гуньж гутардаггүй, сэргэлэн зантай. Шинэ жилийн дугаарыг үзсэн хүмүүс андахгүй сайн мэднэ. Тэр бол саваагүй, алиа бас нэлээд хүүхэмсэг нэгэн.

Ингээд бид гурван найзтайгаа танилцчихлаа. Аль хэдийн киног  нь үзэх хүсэл төрсөн гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл одоо “Гурван найз” олон ангит кино хэзээнээс үзэгчдэд хүрэх талаар болон киноны онцлогийн тухай ерөнхий найруулагч С.Баттулгаас тодруулъя.

Он солигдох мөчид “Боловсрол суваг” телевизээс үзэгчдэд барьсан нэгэн бэлэг “Гурван найз” инээдмийн кино байсан. Гурван найзын адал явдал 2014 онд ч мөн үргэлжилнэ гэсэн. Энэ талаар?

Шинэ жилийн үдэш “Боловсрол суваг” телевизээр хүргэсэн “Гурван найз” кино маань ганцхан ангитай кино биш. Энэ бол удахгүй “Боловсрол суваг” телевизээр гарах 40 ангит инээдмийн кино юм. Тэрхүү киноны танилцуулга болж, мөн шинэ жилийн бэлэг болгон энэ тусгай ангийг гаргасан байгаа.

Шинэ жилийн тусгай дугаарыг үзэгчдэдээ толилуулж, дараа нь олон ангит кино гарна гэхээр хүмүүсийн дунд мэдээж хүлээлт үүсэх байх. Кино яг хэзээнээс гарч эхлэх вэ?

Кино хавраас эхлэн “Боловсрол суваг” телевизээр гарах болно. Хаврын ид ачаалалтай үед үзэгчдийг нэлээдгүй хөгжөөж, инээлгэж, стрессээс сэргийлэх амин дэм байх болов уу. Одоо зураг авалт ид өрнөж байна. Энэ кино ситком гэдгээрээ онцлогтой.

Ситком гэдэг нь ямар кино гэсэн үг вэ?

Ситком буюу Situation Comedy гэдгийг үйл явдлын инээдэм гэж утгачилж ойлгодог. Энэ нь үгээр тоглож хүнийг инээлгэхээсээ илүүтэй үйл явдлаараа инээлгэдэг гэж ойлгож болно. Энэ төрлийн кино нэлээд дээр үеэс телевизийн салбарт хүч түрэн орж ирсэн. Харин манай телевизүүдэд сайн хөгжөөгүй. Тиймээс энэ төрлийн киног зориглож хийж байгаадаа кино багийнхнаараа бахархаж байна. Ситком кинонуудын жишээ гэвэл “Ийгл” телевизээр манай үзэгчдийн хүртээл болсон “Гиллиганы арал”, Америкийн NBC телевизээр бүтэн арван жилийн турш гарсан “Friends” буюу “Найзууд” цуврал зэрэг бидний сайн мэдэх кинонуудыг нэрлэж болох юм. Үзэгчид анги алгассан ч ойлгож болохуйц гэдэг нь онцлог.

Хөгжилтэй залуусын түүхийг өгүүлж байгаа учраас инээдмийн чадварлаг залуу уран бүтээлчдийн нэгтгэсэн харагдсан. Кино багийнхнаа танилцуулна уу?

Шинэ жилийн тусгай дугаарыг үзсэн хүмүүс сайн мэдэж байгаа байх. Гурван найзын дүрд жүжигчин О.Тэмүүжин, Д.Түвшинтөр, Г.Анхбаяр нар тоглосон. Мөн “Эмоци” продакшны жүжигчид Г.Нарансолонго, Б.Ариунцэцэг нар болон Ш.Алтанцэцэг, Б.Баярмаа зэрэг инээдмийн олон продакшны жүжигчид хамтдаа тоглож байгаа. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн продакшны жүжигчдийг нэгтгэж байгаа гэж болно. Түүнчлэн инээдмийн цуврал кинонд урлаг, соёлын олон алдартнууд тодорхой дүр бүтээж байгаа нь үзэгчдэд бүр илүү сонирхолтой байх болов уу. Кино багийн бусад гишүүдийг танилцуулахад, ерөнхий зураглаачаар “Боловсрол суваг” телевизийн зураглаач З.Мөнхзол, зураачаар А.Бямбасүрэн, нүүр хувиргагчаар Б.Болор-Эрдэнэ зэрэг олон уран бүтээлчид  ажиллаж байна даа.

Телевизүүд өөрсдийн гэсэн уран бүтээлд ийнхүү анхаарлаа хандуулж ажиллаж байгаа нь оюуны өмчийн асуудалтай мэдээж холбоотой байх?

Тэгэлгүй яахав. “Боловсрол суваг” телевиз “Гурван найз” хэмээн энэхүү инээдмийн олон ангит кинонд нэлээдгүй анхаарлаа хандуулан ажиллаж байна. Оюуны өмчийн асуудал хурцаар яригдаж байгаа энэ үед телевизийнхэн болон бүхий л уран бүтээлчид өөртөө бүтээлчээр хандах шаардлагатай болж байна. Энэ ч утгаараа бид ийнхүү өөрсдөө хөдөлмөрлөж, олон ангит кино бүтээхээр ажиллаж байгаа юм. Үзэгчдэдээ илүү сайн бүтээл хүргэхийн төлөө зориглон орчихоод байна даа.

Ийнхүү ид зураг авалт нь өрнөж байгаа “Гурван найз” кино энэ хавраас эхлэн цэнхэр дэлгэцийн өмнө сууж “Боловсрол суваг” телевизийг тааруулан үздэг үзэгчдэд стрессийн эсрэг амин дэм болох нь ээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж