“Баянгол Гурван Тамир” плэй-оффын өрсөлдөөнд нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2014.01.07-нд нийтлэгдсэн

“Баянгол Гурван Тамир” плэй-оффын өрсөлдөөнд нэгдлээ

Сагсан бөмбөгийн Үндэсний Супер Лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдөр /I.6/ спортын төв ордонд үргэлжлэн явагдлаа. Эхний тоглолт “Баянзүрх Их Өргөө Аравтууд” болон “Баянгол Гурван Тамир” багуудын хооронд болсон. Эдгээр багууд 2-р тойрогт хүснэгтийн эхэнд бичигдэж байгаа хүчирхэг 4 багуудыг буулган аваад байсан. Аравтууд баг Хүлэгүүд болон Гарьдуудыг хожсон бол Гурван Тамир баг Ригс болон Харцага багуудыг буулган аваад байсан. Иймээс эдгээр багуудын тоглолт эхнээсээ л сонирхол татаж байлаа. Мөн хүснэгтийн байрлалын хувьд ойролцоо явж байсан учир хожсон нь дээшээ ахих боломжтой, чухал тоглолт байлаа.

Ялангуяа Гурван Тамир баг хоёрдугаар тойрогт ердөө ганцхан хожигдож, тун эрч хүчтэй байгаа. Энэ тоглолтонд ч тэд эхнээсээ оноогоор давамгайлж эхлэн, онооны зөрүүг 13 болтол нь холдуулсан. Гэсэн хэдий ч Их Өргөө Аравтууд баг 2-р тойрогт эргэн ирэлтийг тун хүчтэй хийж байгаа гэдгээ дахин батлан харуулсан. Тэднээс легионер тоглогч Aundre Williams маш хүчтэй гоёмсог тохолтууд хийж, багаа болон Спортын төв ордонд цугласан үзэгчдийн сэтгэлийг сэргээж байлаа. Тэрээр энэ тоглолтонд 16 оноо, 27 самбар, 4 бөмбөг таслалт, Cory Boone 16 оноо, 10 самбар, Д.Мөнхтүвшин 12 оноо, 5 оновчтой дамжуулалт өгсөн. Мөн талбай дээр цөөхөн минутыг өнгөрүүлсэн Э.Цэвэлдорж 12 оноо авчээ. Ингэснээр Аравтууд 4-р үед онооны зөрүүг маш хурдан ойртуулж 75-75 болгон тэнцүүлж чадсан. Гэсэн ч минутын амралтын дараагаар Гурван Тамир баг хурдан довтолгоонд шилжиж, дараалан 14 оноо авсанаар хожлыг өөрийн талд эргүүлсэн. Тэднээс Б.Даваажав энэ өдөр онцгой байж, холын зайн 6 шидэлтээ амжилттай болгон, 20 оноо авсан. Мөн Austin Witter 18 оноо, 9 самбар, P.J.Gaynor 16 оноо, 12 самбар, Chris Lawson 13 оноо, 8 оновчтой дамжуулалт, Э.Цэрэнбаатар 8 оноо, 7 самбар авчээ. Улмаар “Баянгол Гурван Тамир” баг 101:83 харьцаатай энэ тоглолтонд хожлоо. Ингэснээр тэд гайхалтай амжилтаа үргэлжлүүлж, 2-р тойрогт 4 хожиж, 1 хожигдоод байна. Мөн нийт 6 хожил, 5 хожигдолтой болсоноор, өмнөх багуудтайгаа хожил ижилхэн болж, плэй-оффын өрсөлдөөнд албан ёсоор орж ирлээ. Харин Аравтууд баг 4 хожил, 7 хожигдолтой боллоо.


“Дорнод Танан Гарьд” баг Ригсийг буулган авлаа

Хоёр дахь тоглолт лигийн хүчирхэг багууд болох “Увс Эрдэнэдрийлинг Ригс” болон “Дорнод Танан Гарьд” багуудын хооронд болсон. Энэ тоглолтонд Гарьдуудаас ОУХМ Г.Ихбаяр болон О.Ууганбаяр нар бэртлийн улмаас оролцоогүй. Гэсэн ч тэдэнд сайн мэдээ байсан нь Гарьдуудын эгнээнд гурав дахь легионер тоглогч Joe Davis нэгдсэн байлаа. Түүний хувьд өнгөрсөн улиралд Miami Heat багийн NBA-н хөгжлийн лигийн баг болох Sky Force багт тоглож байсан. Мөн American Basketball League-т P.J.Gaynor-тэй хамт тоглож, аварга авч байсан, манай улсад ирсэн шилдэг тоглогчидын нэг юм. Өчигдөр эхнийхээ  тоглолтонд оролцсон тэрээр сүүлийн хагагт талбай дээр гарч ирсэн.

Тоглолтыг маш өрсөлдөөнтэй сонирхолтой явагдсан хэдий ч, Танан Гарьд баг оноог бага багаар холдуулж байлаа. Ялангуяа лидер тоглогчидынхоо эзгүйд, М.Отгонмөнх тун сайн тоглож, үүргээ гүйцэтгэсэн. Тэрээр энэ тоглолтонд холын зайнаас 6 удаа оновчтой довтолж, 22 оноо авсан. Харин тоглолтын сүүлийн хагаст Гарьдуудын бүрэлдэхүүнд шинэхэн легионер Joe Davis гарч ирсэнээр, тоглолт улам сонирхолтой болсон. Тэрээр маш хурдтай, сэтгэл сэргээм тоглогч гэдгээ харуулан, сүүлийн хагасын дотор 22 довтолгоо гүйцэтгэв, 10-н нь оновчтой болгон, 25 оноо авч, 6 оновчтой дамжуулалт өгчээ. Мөн Dane Rawlins 19 оноо, 14 самбар, С.Батбямба  11 оноо, 5 оновчтой дамжуулалт, Б.Мөнхболд 11 оноо авчээ. Ингэснээр “Дорнод Танан Гарьд” баг 99:84 харьцаатай хүчтэй өрсөлдөгчөө буулган авсанаар, 6 дахь хожлоо авч, 4 хожигдолтой байна.

Харин “Увс Эрдэнэдрийлинг Ригс” багаас С.Өрнүүнбилэг 20 оноо, 11 самбар, Chris Moore 19 оноо, 18 самбар, Corey Bethea 15 оноо, Г.Нямбаяр 13 оноо, Б.Батжавхлан 8 оноо авчээ. Тэд ийнхүү мөн л 4 хожигдол, 6 хожилтой болж байна.
Ингэснээр 2-р тойрог дуусах дөхөж, багуудын өрсөлдөөн ч дээд цэгтээ хүрлээ. Одоогоор “SBL Хасын Хүлэгүүд” баг ганцаараа 7 хожилтой байгаа бол, Харцага, Ригс, Танан, Гурван Тамир гэсэн багууд бүгд 6 хожилтой болж, плэй-оффын төлөө маш ширүүн өрсөлдөөн өрнөж байна.  Үндэсний Супер Лигт маргааш буюу лхагва гарагт эхний тоглолт “SBL Хасын Хүлэгүүд”, “Баянгол Гурван Тамир” багуудын хооронд болно. 2 дахь тоглолт “Говь-Алтай МонТорх”, “Дорнод Танан Гарьд” багуудын хоорондох сэтгэл сэргээсэн тоглолтууд та бүхнийг хүлээж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж