&#34Том төрөөс ухаалаг төр рүү” хэлэлцүүлэг хийв

Хуучирсан мэдээ: 2014.01.07-нд нийтлэгдсэн

&#34Том төрөөс ухаалаг төр рүү” хэлэлцүүлэг хийв

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "Том төрөөс ухаалаг төр рүү" санаачилгыг дэмжин, төрийн байгууллагууд хэлэлцүүлэг явуулж, 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгахыг уриалсны дагуу Төрийн албаны зөвлөл "Том төрөөс ухаалаг төр рүү санаачилгыг дэмжих, хэрэгжилтийг хангахад бидний манлайлал" хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академийн төлөөлөл урилгаар оролцож санал бодлоо солилцсон юм.

Энэхүү арга хэмжээний үеэр төрийн албанд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар, орон нутагт дахь Салбар зөвлөлүүдээс зохион байгуулсан төрийн албан хаагчдын чуулга уулзалтын үеэр нийтлэг яригдаж байсан асуудлуудыг дэвшүүлэн тавьж, төрийн албаны тогтолцоо, суурь ойлголтуудын олон улсын нийтлэг жишгийн талаар тавигдсан илтгэлүүдийг сонслоо.

Төрийн албанд чадварлаг албан хаагчийг тогтвортой ажиллуулахын тулд нийгмийн баталгааг нь сайтар хангах шаардлагатай бөгөөд гүйцэтгэлийн үр дүнгээр цалинжуулснаар хүнд суртал, авлигаас ангижрах асуудлыг давхар шийдэх боломж байгаа талаар оролцогсод санал гаргаж байв. Түүнчлэн  сонгон шалгаруулалтыг боловсронгуй болгох, мерит зарчимд суурилсан тогтолцоог бэхжүүлэх,  төрийн албан хаагчдын ёс зүйд  анхаарал хандуулах шаардлагатай байгааг тэмдэглэж байв.

Хэлэлцүүлэгт оролцогсод төрийн байгууллагуудын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, чиг үүргийн шинжилгээ хийж, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр хийлгэх, хяналт үнэлгээг үр дүнд бус, үйл ажиллагааны явцад хийж засаж залруулдаг байх, төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулж дүгнэх стандартын баримт бичгийг боловсронгуй болгох зэрэг асуудлаар санал бодлоо солилцов.

Эцэст нь ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө нээлттэй, ил тод байдлыг хангах, хэмжиж болохуйц, оновчтой ажлуудыг тусгах талаар бүх шатны төрийн байгууллагууд, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлүүдэд хандан зөвлөмж гаргасан юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж