
Монгол Улс анх удаа дэлхийн зах зээлийн үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлж, иргэдийнхээ өдөр тутмын хэрэглээнд зориулан шатахуун нөөцлөх санаачилга гаргаж, ажил хэрэг болгосон нь одоогоос хоёр жил орчмын өмнө. Онцгой тохиолдолд ашиглахаар хуримтлуулдаг бензинээс ангид авч үзэх ёстой нөөцийн шатахууны хадгалалт, түрээсийн төлбөртэй холбоотой сүүлийн үеийн маргаанд хариу авахаар Нефть, хийн ассоциацийн тэргүүн Р.Батбаяртай ярилцлаа.
-Шатахуун хадгалах болсон шалтгаан бол дэлхийн зах зээл дэх газрын тосны ханшийн хөөрөгдлөөс үүдэлтэй. Тухайн үед төр, хувийн хэвшлийн хооронд байгуулсан гэрээний тухай тайлбар өгөөч?
-Дэлхийн эдийн засгийн хямралтай холбогдуулан шатахууны үнийн гэнэтийн өсөлтийн Монгол орон дахь нөлөөллийг багасгах зорилгоор Засгийн газар 2008 онд ийм санаачилга гаргасан. Улмаар ОХУ, БНХАУ-аас шатахуун худалдан авч, нөөцлөх ажлыг эхлүүлсэн юм. Тухайн үед Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 30 мянган тонн шатахуун худалдан авч, нөөц бүрдүүлсэн. Гэвч хадгалах агуулах савны нөөц улсын харъяанд байгаагүй. Тиймээс нэгэнт төр, засгийн шийдвэр гарч, шатахуун худалдаж аваад эхэлсэн учир арга буюу компаниудын сул байсан саванд хадгалахаар болсон. Шатахууны сав бүхий хэдэн компани улсын мөнгийг ийш тийш үрэн таран хийсэн үйл явдал огтхон ч болоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
-Улсын нөөцийн шатахуун хадгалах гэрээний болзол нь юу байв?
-Хамгийн тодорхой болзол бол дээд тал нь жилийн хугацаатай хадгална, зургаан сар тутамд сэлгэлт хийнэ гэж гэрээнд заасан.
-Р.Буд гишүүнээр ахлуулсан УИХ-ын Ажлын хэсгийн тооцоолсноор 35 тонн шатахуун одоогийн байдлаар дутчихаад байгаа. Үүнийг хадгалалтын явцад ууршсан гэж та бүхэн тайлбарлаж байгаа бол улсын нөөцийг эргэлтэд оруулж, мөнгө босгосон гэх хардлага ч зарим хэсэгт байна?
-ОХУ-аас ирсэн шатахууны норм стандартын хувьд нарийвчлал сайтай тогтоогдсон учир ямар нэгэн асуудалгүйгээр хадгалагдаж байна. Харин БНХАУ-аас нөөцөд худалдан авсан АИ93 бензинийг хадгалахад нэлээд өөрчлөлт гардаг нь бодит байдал дээр нотлогдоод байна. Тухайлбал, октан өндөртэй, ууршилт их явагддаг учраас хадгалсан хоёр жил орчим хугацаанд дээрх байдлаар ууршсан хэрэг. Нөөцийн шатахууныг өндөр хараа хяналт дор Сангийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас байнга шалгаж, лац ломботой, шинжилгээ дүгнэлттэй хадгалдаг учраас эргэлтэд оруулж, хэн нэгэн мөнгө олох боломжгүй. Ер нь компаниудын зүгээс зургаан сар, дээд тал нь жил хадгална гэх ойлголттойгоор гэрээ хийсэн. Гэвч хадгалж эхэлснээс хойш хоёр дахь жилдээ орчихоод явж байна. Байдал ч хүндэрч байна. Нэгдүгээрт, өндөр ууршилттай байгаагаас хорогдлын хэмжээ нэмэгдэж, хоёрдугаарт, шатахууныг удаан хадгалахад чанарын хувьд өөрчлөлт орно. Ялангуяа хятадын шатахуун. Монголын нөхцөлд анх удаагаа хадгалж байна. Хэн нэгэн хүн чанарын баталгаа өгч чадахгүй. Ашиглах боломжгүй болох эрсдэл ч бий гэдгийг санах хэрэгтэй.
-АИ93 шатахуунд хадгалалтын стандарт, хадгалах явцад хорогдох ууршилтын норм гэж бий байх. Ер нь анхлан гэрээ байгуулахдаа энэ тухай тусгасан болов уу?
-ОХУ-аас импортолсон шатахуунд Засгийн газрын 2006 оны 316 дугаар тогтоолд заасны дагуу хэвийн хорогдол тогтоодог. Харин БНХАУ-аас импортолсон шатахуунд бензины хэвийн хорогдлыг Засгийн газраас шинээр тогтоох хүртэл 316 дугаар тогтоолд заасан нормыг 30 хувиар нэмэгдүүлэн тооцохоор гэрээнд заасан.
-35 тонн гэдэг өдий хугацаанд уурших боломжтой хэмжээнд хэр нийцэж байгаа вэ?
-Хадгалалтаас тодорхой хэмжээнд ууршилт явагдаж, алдагдал хүлээдэг нь компаниудад бол байнга тохиолддог. 35 тонн гэдэг 30 мянган тонн шатахууны хувьд бага хэмжээ. Миний бодлоор бага ууршилт явагдсан гэж бодож байгаа.
-Улсын нөөцийн агуулах барьсан атлаа хувийн компаниудын саванд хадгалсан гэх хардлага байгаа?
-Монгол Улсад тухайн үед нөөцийн агуулах байгаагүй. Одоо ч байхгүй. Уг нь 60 мянган тоннын багтаамжтай нөөцийн агуулах барих төсөл байсан юм билээ. Эдийн засгийн хямрал гэх зэрэг шалтгаанаас үүдэж одоо төсөл үндсэндээ зогсчихоод байгаа. Товчхондоо бол компаниудын агуулахаас өөр ямар ч хувилбар байгаагүй.
-Нөөцийн шатахууныг хоёр жил орчим хадгалах хугацаанд компаниудын зүгээс төр, засагт горим алдагдаж байгаа тухай мэдэгдэл хүргүүлж байсан уу?
-Зургаан сар хадгалсны дараа нөөцийн шатахууныг эргүүлэн аваач гэх саналыг компаниудын зүгээс удаа дараа тавьсан. Нөөцийн савандаа зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээг хийх боломжгүй өдий хүрсэнд ямар компани тааламжтай байх билээ. Тийм ч учраас УИХ-аар шийдвэрлүүлэх гэж жил гаран хөөцөлдсөн. Өнөөдрийг хүртэл үр дүнд хүрэлгүй, элдэв шалтгаанаар хойшилсоор өнөөдрийн маргаан гүтгэлэгтэй тулчихаад байна.
-УИХ өнөө маргаашгүй нөөцийн шатахууны асуудлыг шийдвэрлэх гэж байна. Компаниудын зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
-Бидний хувьд нөөцийн шатахуунаа аль болох богино хугацаанд эргэн татуулмаар байгаа. Хоёр жил орчим хадгалж байна. Энэ хугацаанд төр, засгаас гаргасан санаачилгыг дэмжиж, өгсөн үүргийг нь биелүүлсэн биш эргээд хардлага сэрдлэгэд өртөж эхэллээ. Хувийнхаа агуулахад улсын нөөцийн бензин биш өөрийн шатахуунаа хадгалах сонирхол мэдээж компани бүрт бий. Тиймээс нөөцийн шатахуун хадгалах, хадгалуулах тухай гэрээг түргэн хугацаанд дуусгавар болгооч гэсэн байр суурьтай байна.
-Хэрэв 30 орчим мянган тонн шатахууныг хадгалалтаас шууд гаргалаа гэхэд мэдээж богино хугацаанд худалдан борлуулах хэрэгтэй болно. Ийм их хэмжээгээр борлуулах боломж хэр байгаа вэ. Та бүхний зүгээс гарцыг хэрхэн харж байна?
-Мэдээж хурдан хугацаанд борлуулах хэрэгтэй. Хадгаллаа гээд төр бүр л илүү алдагдал хүлээх болно. Мэргэжлийн үүднээс авч үзвэл хоёр зуны аагим халууныг үзсэн шатахууны чанарт өөрчлөлт орох нь тодорхой. Улмаар ашиглах боломжгүй болох хүртэл эрсдэл гарч болзошгүйг дахин сануулъя.
-Ядаж тариаланчдад эргэн төлөгдөх нөхцөлтэй, эсвэл хөнгөлөлттэй үнээр борлуулах боломж бий юү?
-Тийм боломж байхгүй. Учир нь АИ93 бензин бол зөвхөн бага оврын автомашин хэрэглэдэг шатахуун. Хөдөө аж ахуй, газар тариалангийн машин, тоног төхөөрөмжид хэрэглэгддэггүй. Тэгээд ч энэ төрлийн шатахууныг шахдаг түгээх станц хөдөө орон нутагт бараг байхгүй. Зөвхөн Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотод бий. Товчхондоо зөвхөн хотын нөхцөлд ашиглах боломжтой.
-Анхнаасаа ууршилт өндөртэй, хэрэглээний хувьд хязгаарлагдмал шатахуун худалдан авч, нөөцлөх шаардлага байсан юм болов уу?
-Энэ төрлийн шатахуун ууршилт өндөртэйгөөс биш чанарын хувьд тийм ч гологдохоор бензин биш. Үнийн хувьд ч дундаж ханштай. Нийслэлийн хэрэглэгчдэд хямд үнэтэй шатахуунаар хангах зорилготой нөөцөлсөн байх.
-Нефть, хийн ассоциацийн мэргэжлийн хүнтэй уулзсаных шатахууны ханш энэ жил хэрхэн хэлбэлзэх талаар сонирхмоор байна?
-Сүүлийн үед Европын орнуудад ээлж дараалан нүүрлэж байгаа эдийн засгийн хямралаас шалтгаалан газрын тосны үнэ дэлхийн зах зээлд нэлээд эрчимтэй унаж байна. Сүүлийн 1 сарын ханш нь 68 хүртэл ам.доллараар буурлаа. Харин сүүлийн 7 хоногт 10-12 ам.доллараар өсчихөөд байна. Ер нь он дуустал газрын тосны үнэ ямартай ч дэлхийн зах зээлд тогтвортой байна гэж экспертүүд үзэж байгаа.
-Дэлхийн зах зээлд газрын тосны ханш тогтвортой байсан ч ОХУ-ын шийдвэрээс хамаарч манай шатахууны зах зээл хөдлөх нь олонтаа ?
Манайх ч хойт хөршөөс тогтоосон үнээс шалтгаалан өөрийн үнээ шийддэг. Ер нь манай улсад худалдаалагдаж байгаа шатахууны үнийн 25-30 хувь нь гаалийн болоод НӨАТ, онцгой албан татвар эзэлдэг тооцоо бий. ОХУ-аас санал болгодог ханш огцом өөрчлөлтгүй, манай төр засгаас баримтлах татварын бодлого жигд байвал бензиний ханшийн огцом өөрчлөлт энэ жилдээ болохгүй. Он дуустал шатахууны дотоодын ханш тогтвортой байна гэж ойлгож болно. Ер нь энэ дашрамд дуулгахад, шатахуун импортлогч компаниуд үнийг хий хоосон хөөрөгддөг гэх ташаа ойлголт нийтэд тархсан байдаг. Энэ нь нэг талаар мэдээлэл дутмаг байдагтай холбоотой гэж Ассоциацийн зүгээс үзэж байгаа. Тийм учраас газрын тосны дэлхийн болоод ОХУ-ын зах зээл, импортын үнэ ханшийн талаар Нефть, хийн ассоциацийн зүгээс сар тутам мэдээлэл хийж байхаар шийдвэрлэсэн.
-Шатахууны ханш таны хэлж байгаачлан тогтвортой байвал заавал нөөцөлж хадгалах шаардлага улсад алга баймаар. Гэвч Монгол Улс нөөцийн агуулахтай болох нь алс хэтдээ хэрэгтэй байх?
-Мэдээж тийм. Импортлогч компаниуд шатахууны дор хаяж гурван сарын нөөцтэй байх хэрэгтэй. Гэвч одоогийн байдлаар манай компаниуд нэг сарын хэрэглээний нөөцтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс алсдаа улс өөрийн гэсэн нөөцийн агуулахтай болох шаардлагатай. Маргаан дэгдээд байгаа дээрх асуудлын хувьд улс өөрийн хөрөнгөөр босгосон агуулахад 30 мянган тонн бензин хадгалсан бол одоогийнхоос илүү зардал гаргах байсан юм. Зөвхөн барихад 100 орчим тэрбум төгрөгийн зардал хэрэгтэй. Эцсийн дүндээ компаниудад төлсөн түрээсийн төлбөр боломжит хамгийн бага зардал гаргах хувилбар байсан юм шүү. Харамсалтай нь, улсын нөөцийн шатахууныг хадгалах үүрэг хүлээгээд, эцэст нь үүргээ биелүүлсэн компаниуд өнөөдөр элдэв гүжирдлэгээр булуулж байгаа нь шударга бус явдал. Тэр тусмаа 2009 оны есдүгээр сараас хойш Засгийн газар компаниудад хадгалалтын хөлс төлөөгүй. Гэвч компаниуд өөрсдөдөө учирч байгаа бэрхшээлийг үл харгалзан, нөөцийн шатахууныг авч хадгалсан. Харин анх хадгалуулсан хэмжээгээр нь улсад буцааж хүлээлгэн өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлж байгаа.
Ярилцсан. Э.Сайхантуяа