Хүүхэдтэй болох марафон

Хуучирсан мэдээ: 2014.01.07-нд нийтлэгдсэн

Хүүхэдтэй болох марафон

“Үндэсний статистикийн хорооны хамгийн сүүлийн мэдээллээр Монгол Улсын хүн амын тоо 2,929,883 болжээ. Өнгөрсөн онд 80 орчим мянган хүүхэд мэндэлсэн байна. Монгол Улсын нэг сая дахь иргэн 1962 оны хоёрдугаар сард төрсөн бол хоёр сая дахь иргэн 1988 онд мэндэлж байжээ. Үндэсний статистикийн хорооны тооцоолж байгаагаар Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны хоёрдугаар улирлын эхээр төрөх аж. Хэрэв 2014 онд хүн амын цэвэр өсөлт 71 мянгад хүрвэл оны төгсгөлд гурван сая дахь иргэн төрнө гэсэн үг юм.

Ийм нэгэн тоон мэдээлэлтэй холбогдуулж эрх баригчид нэгэн шийдвэр гаргасан нь “Хүүхэд хийх марафон”. Засгийн газар хуралдаад “Гурван сая дахь иргэн төрсөн өдөр мэндэлсэн бүх хүүхдүүдэд Засгийн газраас гурван сая төгрөгийн тэтгэмж үзүүлэх, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг тус бүр гурван сая дахь иргэнээ тодруулан, орон сууц буюу түүнтэй тэнцэх мөнгөн шагналаар шагнах эрхийг Засгийн газраас олгоно" хэмээн шийдвэрлэлээ

Мэдээж хэрэг жиргээчид энэ шийдвэрийн талаар ам амандаа “бурцгаав”. “Гурван cая дахь иргэндээ Монгол Улс тус бур 3,3,3 сая төгрөг. Аймаг бүр 1 өрөө байр өгөхөөр болж гэнэ”, “3 сая дахь иргэнтэй нэг өдөр төрсөн хүүхдүүдэд 3 сая төгрөг олгох нь” гэцгээн тэд өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлжээ. Зарим нэг ажил хэрэгч болжморууд нь хэдийд хүүхэд хийвэл гурван сая дахь хүүхдийг гаргах тухай тооцооллоо ч танилцуулж, сэтгэл нь хөдөлсөн  бүсгүйчүүд “эртхэн хөдөлцгөөх” нь зүйтэй гэх санал дэвшүүлэв.

Энэ мэт хөөрцөглөж буй байдлыг ажвал, энэ бодлого нь оны төгсгөлд төрөлтийг нэмэгдүүлэх магадлалтай л юм. Гэвч гурван сая дахь хүүхэд төрөх өдрөөр ямар гээчийн маапаан, будлиан, тэнэглэл гарахыг төсөөлөхөд ч бэрх. Хүүхдээ хугацаанаас нь өмнө төрүүлэх тариа хийлгэх, төрүүлэхгүй хэмээн зөрүүдлэх, хийсвэрээр төрснийг тооцох эсэх, амжиж төрөөгүй, хоцорч төрснөөс “гологдол” хүүхэд гарч ирэх, тэр өдөр төрсөн гэж бүртгүүлэхээр сумынхаа эмчийг “найрсан” эсэх гээд л төсөөлөө ч үгүй тохиолдлууд гарч, эцэст нь хүний өмнөөс хүүхэд төрүүлэх гэж байгаа мэт төрөөс мөнгө нэхээд сууж байж мэднэ.

Гэвч үнэндээ хүн амаа өсгөх, хүүхэд төрүүлэхийг дэмжих бодлогоо зарлахаас өмнө хүүхдүүдийн хэрэгцээг хангах хэмжээний төрийн үйлчилгээ бий болсон гэж үү. Өнөөдөр хэдэн мянган хүүхэд цэцэрлэгт багталгүй үлдэж, хэдэн мянган хүүхэд сургуульдаа багтахгүй, хоёр хүүхдийн ширээн дээр гурваараа сууж, гурван ээлжээр хичээллэж байгаа билээ.

Энэ талаар “Засгийн газар 3 сая дахь иргэнээ шагнах гэж чармайхын оронд тэр болтол гурав, дөрвөн цэцэрлэг барих гэж чармай” гэх жиргээ яг үнэнийг олж хэлж.  Уг нь сайхан л даа, 3 сая хүнтэй болчихвол. Гэвч шинээр төрөх хүүхдүүд байтугай, одоо байгаад нь хүрэлцэхгүйн зовлон байсаар л байна. Яах вэ “Хүүхэдтэй болох марафон” амжилттай өрнөж, түрүүлсэн хэд нь шагналаа аваад баярлацгаах л байх. Гэвч тэр марафонд оролцсон бусад оролцогчдоо бодож үзэх хэрэгтэй. Тэднийг сургачих цэцэрлэг, сургууль гээд орчин нөхцөлийнх нь талаар эхлээд бодох ёстой баймаар.

Цахим Болжмор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж