Ирэх лхагва гаригт Гол, нуруудын хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаярыг дэнслэх шүүх хурал болно. Урт нэртэй хууль бол цэвэр Ц.Мөнхбаярын санаачлага бүтээл гэж хэлж болно. Гол ус, нуураа хамгаалахын төлөө тэмцэж байгаа цөөхөн монголчуудын нэг нь Ц.Мөнхбаяр байсан. Шүүх үнэн зөвийг шүүн тунгаана гэж бодож байна. Ер нь Засгийн газар Урт нэртэй хуулийг нь хэрэгжүүлэхгүй байх төсөл өргөн бариад байгаа мөртлөө Ц.Мөнхбаярыг олон жилээр яллах дүгнэлт үйлдсэн нь хоорондоо бүгд уялдаатай байж мэднэ. Ц.Мөнхбаярыг энэ ажиллагааг зөвхөн буу зэвсэг хэрэглэсэн гэдгээсээ илүүтэй, Урт нэртэй хууль, түүнийг хэрэгжүүлэх процесс, уул уурхай, ашигт малтмалтай холбож тайлбарлавал зохино гэж үзэж байгаа” гэсэн юм. Түүнээс дараах асуултад хариулт авлаа.
-Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төсөлд гол, мөрний ай савд хамаарах хязгаарлалтын бүсийн зайг багасгасан гэлээ. Яг хэдий хэмжээгээр зайг нь бууруулсан байдаг юм бэ?
-Голын ай сав газраас 500 метрийн эргэн тойронд ямар нэг уул уурхай, ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг хориглосон байсныг 300 метрийн хооронд болгож өөрчилсөн байгаа. Энэ нь хууль хэрэгжих үндэслэлгүй болгож байгаа юм. Хууль хэрэгжихтэй холбоотойгоор маш олон компаниудын лиценз цуцлагдах болж байна. Эдгээр компаниудын лоббигоор Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хууль орж ирсэн гэж үзэж байгаа. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлж эхэлвэл дээрх компаниудын лиценз цуцлагдаад, олон тэрбум төгрөгийн нөхөн төлбөр Засгийн газраас нэхэмжилж байна гэж байсан. Миний хувьд тэр олон тэрбум төгрөг Засгийн газраас нэхэмжилж байгаа компаниудыг Засгийн газар нэрлэх ёстой гэсэн байр суурийг хэлж байгаа. Ямар компани, ямар үйл ажиллагаа эрхлээд, ямар орд олборлоод, хэн нэхээд байгааг нь олон нийт мэдэх ёстой. Үүний дараагаар нөхөн төлбөрийг өгөх эсэхийг олон нийтийн оролцоотойгоор хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа.
-“Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий тэргүүн Ц.Мөнхбаярыг та нэлээд өмөөрч байна. Гэхдээ түүнийг буруутгасан үндэслэлд компаниудаас мөнгө нэхэмжилсэн, авсан гэсэн зүйл анги байсан. Иргэний хөдөлгөөнүүд компаниудыг шантаажилж болдог юм уу? Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Би ийм зүйл заалт байгаа гэж сонссон. Үнэхээр тийм зүйл байгаа бол олон нийтэд дэлгэж тавих ёстой. Шүүх хурал нь болоогүй байхад нотлогдоогүй зүйлийг гаргаж тавих нь хариуцлагагүй үйлдэл гэж бодож байна. Тийм учраас дээрх яриа хөөрөөг батлах баримтыг гаргаж ирж дэлгэх хэрэгтэй. Тэгж чадаагүй цагт итгэхэд бэрх.