
Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, З.Энхболд нарын санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 62.8 хувийн саналаар “Хүлээн авах боломжгүй” гэж үзэн “унагасан” бол УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарын өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 75.6 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн томъёолж Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Мөн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхдээ хаалттай горимд шилжүүлж, хуралдав.
Том орд илрүүлвэл төр булаах уу?
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, З.Энхболд нар Ашигт малтмалын тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнээс сургамж аван, лиценз эзэмшигч нь хувийн хөрөнгө оруулалтаар стратегийн ордыг илрүүлэн, ашиглах бол Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаасаа өмнө Техник эдийн засгийн үндэслэлийг батлуулсан байх ёстой гэсэн заалтыг тусгаж өгчээ. Хэрвээ Техник эдийн засгийн үндэслэлээ батлуулаагүй бол төр лицензийг нь хураан авна. Гэхдээ хайгуул хийсэн зардлыг нь төрөөс буцаан олгоно. Хэдий хэмжээний зардал гаргасныг хараат бус үнэлгээний аудит тогтооно гэжээ. Энэхүү үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл үндсэнд нь шүүмжилж, “Ингэж төр адал балмад загнаж болохгүй. Жишээ нь манай иргэд гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч, том орд илрүүлбэл түүнийг нь стратегийн ордод хамааруулан төр булааж авах тэр үүд хаалгыг нээсэн зарчимгүй, үзэл баримтлал болж байна. Ингэж болохгүй, Оюутолгой ордыг бид олон улсын хөрөнгө оруулагчдын дарамт дор баталж, канадуудад өгсөн. Одоо дотоодынхоо уурхайчдын олсон ордыг булааж авахаар давшиж эхэллээ. 1996 онд баталсан Ашигт малтмалын тухай хуульд “Хууль зөрчвөл гэрээг нь шууд цуцлах” эрх зүйн зохицуулалт бий. Гагцхүү хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр л ажиллахгүй байна” гэсэн юм.
Төсөл санаачлагч УИХ-ын гишүүн З.Энхболд “Стратегийн ордоо ашиглуулахдаа манайх ямар ч нөхцөл тавилгүйгээр шууд өгдөг. Хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж, нөөц тогтоосон бол төр 34 хүртэл хувийг эзэмшинэ гэсэн заалтаас өөр зүйл байхгүй. Тухайн орд Монголын баялаг, яагаад нөхцөл тавьж болохгүй гэж… Өөрийн чинь хэлснээр стратегийн ордоо ямар ч гэрээ байгуулахгүйгээр зүгээр ашиглуулах юм байна, тэгж ойлголоо” гэсэн хариу барив.
Төслөө хамгаалж УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Оюутолгойн ордоор жишээ татан тайлбар хийв. Тэрбээр Оюутолгой орд 45 сая тонн зэс, 1200 тонн алтны нөөцтэй. Өөр нэг орд 20 сая тонн зэс, таван тонн алттай байвал төр адилхан 34 хувийг эзэмшинэ гэх үү. Нэг талдаа бид эдийн засгийн үр өгөөжийг бодолцож, энэхүү төслийг боловсруулсан. Жишээ татъя, Оюутолгой ордыг илрүүлэхдээ таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Хэрвээ дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ нэг тонн 4300 ам.доллар боллоо гэж бодоход Айвенхоу майнз компани 4.7 жилийн дотор хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх бололцоотой байгаа. Мөн зэсийн үнэ 6000 ам.долларт хүрэхэд 1.5 жилийн дотор хөрөнгө оруулалтын зардлаа нөхнө. Таван тэрбум төгрөг зарцуулаад 80 тэрбум төгрөгийн ашиг олох тооцоо бий. Энэ алдааг дахин давтахгүйн тулд эдийн засгийн тооцоон дээр үндэслэж хөрөнгө оруулалтын гэрээг байгуулъя гэсэн заалтыг тусгасан” гэсэн юм. Гэвч хэлэлцүүлгийн шатанд гишүүд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, төсөл санаачлагчдыг хуулиа татаж авахыг сануулав. Учир нь уул уурхайн салбарын хувьд их эрсдэл дагуулж байж, , зардлаа удаан хугацаанд нөхдөг аюултай талбар болохыг анхаарууллаа. Хэрвээ Монгол Улс орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхолтой л бол ойр ойрхон хуулиа өөрчилж, тогтворгүй орчин бий болгон, хөрөнгө оруулагчдыг үргээж болохгүй хэмээн байр сууриа илэрхийлж, энэхүү хуулийн төслийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэрт хүрснийг Н.Ганбямба гишүүн хурцаар шүүмжилж “Олгигархудыг дэмжлээ” хэмээн бухимдав.
30 жилийг 15 болгохыг дэмжив
УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Бямбацогт нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн үеэр мөн л хэрүүлийн алим ургууллаа. Нэр бүхий гишүүд уг хуулийн төслийг хэлэлцэх хугацааг хойшлуулж, уул уурхайн салбарт баримтлах бодлогын баримт бичиг боловсруулагдаж, УИХ-д орж ирсэн нөхцөлд төслийг хэлэлцээд явах нь илүү оновчтой гэсэн юм. Ямар ч байсан төсөлд хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордыг ашиглах нөхцөлд хөрөнгө оруулалтын гэрээг 15 жилээр байгуулдаг болох заалт тусгаж өгчээ. Мөн л Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс сургамж аван, хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулсан гэдгээ гишүүн Н.Батбаяр онцолсон. Басхүү Оюутолгойг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газар Айвенхоу майнз монголиа инк компанитай 70 жилээр байгуулсан гэдгийг дахин зарлаад авав.
Одоогийн мөрдөж байгаа хуулийн орчинг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл дэмжиж, 1996 оны Ашигт малтмалын тухай хууль батлахдаа санамсаргүйгээр 30 жил гэсэн тоог тавьчихаагүй. Гадаадын хөрөнгө оруулагчид биднээс урт хугацааны тогтвортой хуулийн орчинг шаардаж байсан учраас энэ хугацааг тавьсан. Уул уурхайн урт хугацааны хөрөнгө оруулалт нь Монгол Улсын бусад салбарт ч дэмжлэг үзүүлнэ гэж үзэж, баталсан тухай тодотголоо.
Гэлээ гэхдээ гишүүдийн олонх Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнээс сургамж авсан бололтой, хөрөнгө оруулалтын хугацааг 15 жилээр байгуулахыг дэмжиж, энэхүү хуулийн төслийг “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэв.
Линценз олголтыг зогсоогоод байна
Монгол Улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буй дүр зураг харагддаг ч лиценз олголт замбараагаа алдаж, Үндэсний аюулгүй байдлыг алагдуулах хэмжээнд хүрсэн тул Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барьсныг хаалттай хэлэлцэв. Уг нь энэ асуудлыг эхлээд нээлттэй хэлэлцэж байсан юм. Гэвч УИХ-ын гишүүн Л.Гантөмөр горимын санал гаргаж, улсын нууцтай холбоотой асуудлууд хөндөгдөх болж байгаа тул хуралдааныг хаалттай хийхийг хүссэнээр ёсоор болгов. Уг төсөлд шинээр лиценз олгохыг хориглох тухай шийдвэрийг хугацаагаагүйгээр оруулж ирсэн юм байна. Харин ажлын хэсгийн төвшинд энэхүү төслийг хэлэлцэх шатанд ирэх арванхоёрдугаар сарын 31-н хүртэл хайгуулын лиценз олгохыг хориглоё гэж хугацаа зааж оруулжээ. Хугацаа заасан үндэслэлийг ажлын хэсгийн ахлагч Л.Гантөмөр тайлбарлахдаа “Хугацаа тавихгүй бол лиценз олгохгүй байх үйлчлэл хоёр жил ч үргэлжилж магадгүй байсан. Энэ нь үндэсний уул уурхайн компаниудын үйл ажиллагааг бүрмөсөн унагаж болзошгүй гэсэн үндэслэлээр тавигдсан хугацаа” гэлээ.
Түүнчлэн эл асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэх үед “Лицензийг арилжаалахыг хориглох нь мөн л үндэсний компаниуд компани зарахад хүрнэ гэсэн болгоомжлолын үүднээс хориг тавиагүй ажээ.
Судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 6000 орчим лиценз олгогджээ. Үүнээс 1000 гаруй нь ашиглалтын лиценз бол 4000 гаруй нь хайгуулын лиценз байдаг юм байна. Хуулийн төслийг гишүүдийн олонхийн саналаар дэмжин, байнгын хорооны хуралдаанд шилжүүллээ.
Г.Дарь