
Завгүй зуны амралт
Зусланд амарна гэхээр л идэж уун, тоглож наадах юм уу, наранд борлоод ирдэг гэсэн ойлголт аль хэдийнэ ард хоцорчээ. Хүүхдүүд ч үүнийг хүсэхээ больчихож. “Энэ зусланд чинь тэгээд англи хэл заах юм уу” гэж асуусан хүүхдүүдтэй нилээд их тааралдав. Хүүхдийн зуслангууд ч зөвхөн хүүхдийг амраахдаа биш яаж зуны гурван сард тэднийг хөгжүүлж, намар шинэ мэдээлэлтэй буцаах вэ гэдэгт анхаарах болсон байна. “Зуны Амралт 2010” үзэсгэлэнд “Сэлбэ”, “Нарлаг”, “Ундраа”, “Жавхлант” зэрэг оролцож байсан бөгөөд үзэсгэлэнд тэд бүгд л хажуудаа ямар нэгэн хэмжээний сургалт зохион байгуулах хөтөлбөртэй байв. Зуслангийн мэдээлэл өгөх хэсгийн павильонуудыг тод, хурц өнгөтэй хүүхдийн анхаарлыг татахуйц зүйлсээр чимэглэсэн төдийгүй хүүхдийг өөрийг нь оролцуулсан янз бүрийн тоглоом зохион байгуулж байлаа.
Үзэсгэлэнд оролцогч зусланд амрах бүх хүүхдүүдийн дунд “Зуны амралтаараа хэн хамгийн олон ном унших вэ?” гэсэн уралдаан зарлаж, зохих хэмжээний шагнал өгөхөөр болсон нь авууштай санаа ажээ. Энэ зарлалыг харсан хүүхдүүд “Шагнал нь юу байх бол” гэж шивнэлдэн, ээж, ааваасаа сураглах аж. Зөвхөн хүүхдийн зуслан гэлтгүй зуны хуваарьтаа шилжээд буй сургалтын төвүүд ч үзэсгэлэнд оролцож байна. Үзэсгэлэнгийн үеэр “Монголын оюуны хөгжил, оюуны спортын төв”-ийн павильон хүмүүсийн анхаарлыг татаж байв. Энэ сургалтын төв нь энэ зун хурдан унших, ой тогтоолтоо сайжруулах сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд хүүхдүүд анхааралтай судалж, тэнд удаан саатаж байлаа. Орчин үеий зуны амралт зуны сургалт болон хувирсныг эндээс харж болохоор байв.
Олимпийн алдартнууд хүүхдүүдтэй хамт
“Зуны амралтаар тоглож, наадаж амрахдаа гол нь биш бид өөрийгөө хөгжүүлмээр байна. Энэ хүсэлтэй үзэсгэлэнд оролцож байгаа зуслангууд нийцэж байна” гэж үзэсгэлэнд ирсэн хүүхдийн төлөөлөл ярьж байлаа. Үзэсгэлэнд сонгож оруулсан зуслангууд нь ихэнхдээ байгалийн өвөрмөц тогтоцтой, 10-15 жил үйл ажиллагаагаа явуулсан газрууд байх аж. Мөн зарим тусгай сургалтын үеэр Монголын алдартнууд тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, “Электрон жаал” Э.Энхпүрэв, Паралимпийн аварга Д.Баатаржав нар хүүхдүүдтэй уулзах хөтөлбөр багтжээ. Гадаадаас уригдаж ирсэн багш нар ч англи хэлний ярианы чадвар олгохоор зэхээд байгаа аж. Эдгээр хүмүүстэй үзэсгэлэнг зохион байгуулсан “Номын амт” ТББ гэрээ байгуулсан байна.
Олон улсын амрагч хүүхдүүд зөвхөн “Найрамдал”-д амардаг гэж бид боддог бол үзэсгэлэнд оролцож байгаа зарим зусланд гадаадын амрагчид амрах бөгөөд Монголоос ч гэсэн зарим хүүхдүүд Япон, Өмнөд Солонгосын зуслангуудад амрах боломжтой юм байна. Бас зуслан бүр өөрсдийнхөө хэмжээнд номын сан бүрдүүлэх болсныг үзэсгэлэнгийн үеэр дуулгасан нь хүүхдүүдийн сонирхлыг татсан шинэ мэдээлэл байв.
Хоол ундны чанар, байгалийн орчин нөхцөл, сургалтын чанарт эдгээр зуслангууд давхар анхаарч байна. Зуны сургалтын байгууллагууд зөвхөн “дөрвөн хана”-ны дунд хичээллээд байх биш янз бүрийн явган аялалыг ч зохион байгуулахаар төлөвлөжээ. Үзэсгэлэн хаах цаг ойртож байхад тэнд байгаа номын худалдааны цэг зарим нэг номыг хямдралтай үнээр хүүхдүүдэд өгч байлаа. Мөн тэнд “Мобиком”-ын хүүхдэд зориулсан шинэ үйлчилгээ болох “Stars” гарын бэлгийг багачуудад тарааж, өөрийн байгууллагатай холбоотой мэдээлэл, зөвлөгөөг бяцхан хэрэглэгчдэдээ танилцуулсан нь содон санагдсан. Монголд зуны зуслангуудыг нэгтсэн анхны үзэсгэлэн яармаг өнөөдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд сонирхсон хүүхэд, залуус, эцэг, эхчүүдэд нээлттэй үргэлжилнэ.
“Оч” зуслан
Цагдаагийн ерөнхий газрын харьяа хүүхдийн “Оч” зуслан. Хотоос 63 км-ийн зайтай Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Нарстайн аманд байрладаг. Тус зуслан нь өдөр болгон биеийн тамирын уралдаан зохион байгуулж, явган аялал зохион байгуулдаг. Энэ зусланд 7-14 хоноход 56,000-168,000 төгрөгөөр амрах боломжтой.
“Нарлаг” хүүхдийн зуслан
Нарлаг хүүхдийн зуслан нь Улаанбаатараас 70 км-ийн зайтай Тэрэлжийн Мэлхий хадны ард байрладаг. Нэг ээлж нь 7 хоногийн хугацаатай бөгөөд 60,000-180,000 төгрөг төлөөд 7-14 хоног амрах боломжтой.
“Баянбулаг” хүүхдийн зуслан
“Баянбулаг” хүүхдийн зуслан нь хотоос 27 км-ийн зайд Санзайн аманд байрладаг. Хойд талаараа ойгоор хүрээлэгдсэн, урдуураа голтой. Нэг ээлжиндээ 160-200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Бусад зуслангаас цагаан идээгээр түлхүү үйлчилдэгээрээ онцлог. Мөн ардын аман зохиол болон үндэсний ёс заншилтай холбоотой уралдаан, тэмцээн, танин мэдэхүйн тоглоомуудыг тоглуулдаг.
“Янзага” хүүхдийн зуслан
“Янзага” зуслан нь Хандгайтын аман дахь Баруун дүүрэн, Зүүн дүүрэн хэмээх хоёр уулын дунд, Улаанбаатар хотоос 26 км-ийн зайд оршдог. Нэг ээлжиндээ 200-400 хүүхэд хүлээн авах боломжтой. Ээлж нь 7-10 хоног гэсэн хоёр янзын хугацаатай 58,500-82,500 төгрөг.
“Ундраа” хүүхдийн зуслан
“Ундраа” зуслан нь Хандгайтын том аманд, Улаанбаатар хотоос 30 км зайд байрладаг. Нэг ээлж нь 7 хоногийн хугацаатай бөгөөд 59,000 мянган төгрөгөөр амарч болно. 15-20 насны хүүхдийг түлхүү бүртгэж байгаагаараа бусад зуслангаас онцлог. Өдрийн зургаан хоолтой, хоолны газар нь өөртөө үйлчлэх зориулалттай.
“Найрамдал” хүүхдийн зуслан
“Найрамдал” төв нь нийслэлээс 30 км зайд байрладаг. Нийт 540 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Найрамдал төвд зуны улиралд 7-10 хоног амрах боломжтой. Англи хэл, өөрийгөө нээх нь сэдэвт лекц, компьютерын төрөл бүрийн сургалттай бөгөөд амарч байгаа хүүхдүүд үнэгүй хамрагдах боломжтой.
Хүүхдийн хөгжлийн “Нарс” зуслан
“Нарс” зуслан нь Улаанбаатар хотын баруун хойд зүгт байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг. Нэг ээлжиндээ 200-400 хүүхэд амраах хүчин чадалтай. Спортын болоод ерөнхий эрдэмийн уралдаан тэмцээнээс гадна танин мэдэхүйн явган аялалаар 2-3 удаа аялуулдаг онцлогтой. Нэг ээлж 7 хоног богоод 60,000 төгрөг юм байна.
“Жавхлант” зуслан
“Жавхлант” зуслан нь 20 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нэг ээлжиндээ 200-400 хүүхэд, зуны улиралд 1400-1500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Спортын 3 төрлөөр аварга шалгаруулах тэмцээн, хүүхдийн хөгжлийн олон хөтөлбөрийг зохион байгуулдаг. Ээлж нь 7-10 хоног бөгөөд үнэ нь 75 мянган төгрөг.
Б. Болорсүх